20-45 насны эрэгтэйчүүдийн 80 хувь нь ТҮРҮҮ БУЛЧИРХАЙН үрэвсэлтэй

2018-05-08 14:06

          Өнөөдөр /2018.05.08/ “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо.

 

          УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос зохион байгуулсан энэ хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүдээс гадна Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Бямбадорж болон холбогдох яамд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, эрэгтэйчүүдийн эмнэлгийн эмч мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид оролцсон байна.


          Эрэгтэйчүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал сэдвээр илтгэл тавьсан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Ерөнхий захирал, доктор Л.Насанцэнгэл “Монгол эрчүүдэд гол төлөв архаг ядаргаа, органик бус нойргүйдэл, архинд донтох эмгэг, сэтгэл түгшилт, сэтгэл гутрал тохиолдож байна” хэмээлээ.

 

           Харин анагаах ухааны доктор Э.Одхүү “Монгол эрчүүдийн 7.5 хувь нь үргүйдэлтэй байна. Энэ нь тамхи, архины хэрэглээ, химийн хорт нэгдэл, бэлгийн замын халдварт өвчнөөс үүдэлтэй болохыг”  онцолсон юм. Мөн ЭМЯ-ны Урологи, Андрологийн салбар зөвлөлийн дарга, анагаах ухааны доктор, профессор Д.Нямсүрэн, “Монгол Улсад жилд дунджаар 17 мянга гаруй хүн нас барж байгаагийн 62 хувь нь эрэгтэй байна. Эрэгтэйчүүдийн нас баралтын 33.1 хувийг зүрх судасны тогтолцооны өвчин эзэлж байгаа бол 25.6 хувь хавдраас үүдэлтэй. Түүнчлэн  20-45 насны эрэгтэйчүүдийн 80 хувь нь түрүү булчирхайн үрэвсэлтэй гэсэн судалгаа бий. Гэхдээ энэ нарийвчилсан судалгаа биш. Монгол Улсад эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлаар нарийвчилсан судалгаа байхгүй байна. Тиймээс төрийн зүгээс эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд анхаарсан судалгаа боловсруулах шаардлагатай” гэлээ.

 

           Түүнчлэн Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Г.Сүхжаргалмаа "Өрх гэрийн ноён нуруу, улс орны сүр хүч болсон эрчүүдийн эрүүл мэндийн өнөөгийн байдлыг тал талаас нь ярилцаж, цаашид жендерийн мэдрэмжтэй, бодлого төлөвлөлттэй үйл ажиллагаа явуулах зайлшгүй шаардлагатай. Бид өнгөрсөн хугацаанд эмэгтэй хүүхдээ сурч боловсроход нь анхаараад, эрэгтэй хүүхдээ хар ажил хийлгэсээр орхигдуулж ирсэн" гэлээ.

 

          Өнөөдрийн хэлэлцүүлгээс анхаарал татсан зарим нэг тоо баримтаас дурдвал: Эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75.1 байгаа бол эрэгтэйчүүдийнх 65.5 байгаа нь дэлхийн дундажаас 2.5 дахин их зөрүүтэй байгаа аж. Монгол Улсад жилд дундажаар 17 мянга гаруй хүн нас барж байгаагийн 62 хувь нь эрэгтэйчүүд бөгөөд шалтгаанаар нь ангилбал 33.1 хувийг зүрх судасны тогтолцооны өвчин, 25.6 хувийг хавдрын шалтгаан эзэлсэн байна. Түүнчлэн 20-45 насны эрэгтэйчүүдийн 80 хувь нь түрүү булчирхайн үрэвсэлтэй гэсэн судалгаа гарчээ.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.