Ч.Хүрэлбаатар: Ажлын байр бий болгож ЭДИЙН ЗАСГИЙН ХЭВИЙН НӨХЦӨЛИЙГ ХАНГАНА

2018-05-11 14:11

УИХ-ын чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл хэлэлцэж, хэлэлцэх эсэхийг дэмжив. Ирэх онд нийт 1,4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ. Үүнээс 900 сая ам.доллар нь Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой аж. Үлдсэн хөрөнгө оруулалт нь бусад салбарт хийгдэнэ гэж тооцоолжээ. 2019 онд эдийн засгийн бодит өсөлт найман хувь байна, 2020 онд зургаан хувь өснө гэж төсөөлжээ.



 

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Хийснээр нь цалин, урамшуулал өгдөг байх амлалтаа биелүүлдэг байх хэрэгтэй. Би жагсаал цуглаан харчихаад хэлж байгаа юм биш.  Зургаан аймагт ажиллалаа. Амьдрал хүнд байна. Эрүүл мэнд, боловсролын асуудлаа шийдэх хэрэгтэй. Нийгмийн салбарын ажилтнуудаа ипотекийн зээл хамруулах  санхүүжилтийг төсөвт тусгах ёстой. 

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Гадаадын хөрөнгө оруулалт  1.4-1.5 тэрбум ам.доллар орж ирсэн гээд байна. Үүнийг ямар үзүүлэлтээр гаргаж байна. Өмнө нь Гадаадын хөрөнгө оруулалтын газар байхад гаргадаг байсан. Монгол банкнаас орж гарч байгаа мөнгийг хэлээд байна уу. Үнэхээр 1.5 тэрбум ам.доллар оруулсан бол эдийн засг сэвхийгээд босох юм биш үү. Хөдөө орон нутагт үйлдвэрлэлийн чиглэлээр бэлтгэгдсэн боловсон хүчин байна уу. Түүхий эдийн үнэ нэмэгдэж байхад эдийн засгийн өсөлт буураад байгааг ойлгохгүй байна. Эдийн засаг өсч байна гэж яриад байгаа юм. Гэтэл бодит байдал дээр статистикийн мэдээллээр ажилгүйдлийн тоо 30 хувьд хүрсэн гээд байгаа. Ажилгүйдлийн түвшинг дунд хугацаанд 7.5 хувьд хүргэнэ гэжээ. Энэ тоог яаж гаргасан бэ? Трампын бодлого гээд жишээлжээ. Яагаад хоёр хөршийн эдийн засагтай жишээгүй юм бэ? 

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Төлбөрийн тэнцлийг гаргахдаа ангилж, ялгадаг. Төлбөрийн тэнцлээс  гадаадын 1.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орсон. Үүнээс 900 сая нь Оюутолгойнх. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ эдийн засаг идэвхижээр өсдөг. Эдийн засаг хямраад эхлэхээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ буурдаг.  2019 онд эдийн засгийг 8 хувьд өсгөнө гэж тооцож байгаа. Өнөөдрийн нөхцөл байдалд тооцоолсон. Харин 2020 онд эдийн засгийн өсөлт 6 хувьд хүрнэ. Зохион байгуулалттай улстөрждөг зүйл Монголд хавтгай байна. Энэ нь эргээд эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ. Трампын явуулж байгаа бодлого Монголд төдийгүй дэлхийн эдийн засагт голлож байгаа. Бид эрсдлүүдээ тооцож оруулсан. ҮСГ-аас гаргасан тооцоогоор ажилгүйдэл 2017 онд 8 хувьтай байсан. 2019 онд 7.5 хувьтай болж буурна. Яагаад гэвэл ажлын байр нэмэгдэнэ.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Та бүхнийг 65-уулаа гарч ирээд их зүйл хийх болов уу гэж бодсон юм. Тухайлбал, арьс шир, шатахууны, гангын гээд. Нэг үйлдвэртээ 10 мянган ажлын байртай.  2020 он хүртэл ямар хоёр үйлдвэр барих вэ? Газрын тосны үйлдвэр юу болсон бэ? Зөвхөн Монголдоо ногоо идэх юу болсон. 50 мянган хүнийг ажлыг байртай болгохгүй бол энэ улстөржилт чинь явахгүй. Ажилтай, орлоготой байвал улс төр хамаагүй. Ажлын байртай болгохын тулд хэдэн сарын хэдэнд  ямар үйлдвэр нээх гэж байна. Бид төмөр зам ярьдаг. Өмнөх Засгийн газраа огцруулаад та нар юу хийсэн бэ? Сувилагчдын цалинг яагаад нэмэхгүй байна вэ?

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:  Бодлогын асуудлыг үндсэн чиглэл дээр ярина. Ажлын байр бий болгоход голлож анхаарч байгаа. Хөдөлмөр эрхлэх боломжтой хүмүүсийн тоо 1.2 сая байгаа. Үүнээс төр 190 мянгыг нь бий болгож байна. Үлдсэн нь хувийн хэвшилд хамаарч байгаа. Тиймээс хувийн хэвшлийнхнийг дэмжих бодлого барьж байна. Энэ бүгд эдийн засгийн хэвийн нөхцөлийг бий болгоно. Төр өөрөө үйлдвэр барихгүй. Хувийн хэвшлийн ажлыг төр булаасан өнгөрсөн парламентын алдаа байсан. Харин төр эрхзүйн орчныг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. 

 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Эдийн засгийн өсөлт 2019 онд найм, 2020 онд зургаан хувийн өсөлт гарна гэж төсөөлж байгаа юм байна. Яагаад буурна гэж төсөөлж байгаа вэ? Сургууль цэцэрлэг барих төсвийг адилхан төсөвтэй болгохоор төлөвлөсөн байна. Энэ тал дээр мэдээлэл өгөхгүй юу? 

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: 2020 он бол сонгуулийн жил байдаг. Сонгуулийн жилүүдэд улстөржилт хэрээс хэтэрдэг. Сонгуулийн жилд бизнес эрхлэгчид хүлээлтэд ордог.  Тиймээс эдийн засгийн өсөлт зургаан хувь байна гэж төсөөлж байгаа. Нэг зүйлийг тодотгоход улстөржилт хэрээс хэтэрч байгаа шүү. Орон нутагт эрүүл мэнд, боловсролын санхүүжилт өөр өөр байна. Тиймээс 2019 оноос ижил тэнцүү байх зарчмыг баримтална. Хэн хөөцөлдөж, нөлөөлсөн нь илүү төсөв авдаг байдлыг зогсооно.

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.