Төрийн соёрхолт, түүхч, доктор Д.Өлзийбаатар Төрийн гурван өндөрлөгт ил захидал илгээлээ

2018-05-14 11:43

 

    "1911 оны тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тэмцэгчдэд зориулсан хөшөөт цогцолбор байгуулах тухай



 

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар танаа:

Эрхэм та бүгдийн мөхөс миний захидлыг толилон таалах өдрийн түмэн амгаланг айлтган мэндчилье.

 

    Монгол Улсын эзэн хаанаар өргөмжлөгдсөн VIII Богд Жибзундамба тэргүүтэй эх орончид Монгол үндэстний тусгаар тогтнох, цаашид хөгжин мандах тэмцлийн эхийг тавьж, улмаар 1911 оны 12 сарын 29-нд Монгол улс сэргээн байгуулагдсаныг даян дэлхийд зарлан тунхагласан билээ. Монголчууд тусгаар улсаа байгуулж, дэлхийн түүхийн тавцан дахин гарч ирсэн энэ баатарлаг тэмцлийг сэдэж, оройлсон VIII Богд Жибзундамба, Да лам Цэрэнчимэд, Чин ван Ханддорж, Түшээт ван Чагдаржав, Далай ван Гомбосүрэн, Эрдэнэ ван Намсрай, Сайн ноён хан Намнансүрэн тэргүүтэй эх орончдыг түүх эс мартана.

 

    Улс тусгаар тогтнолоо тунхаглаж, ард олон хөгжлийн төлөө сэрэн өндийсөн тэр үеэс Богд хааны ордон Монгол Улсын тусгаар тогтнол мандсан ариун голомт, нийт Монгол туургатны итгэл найдварын төв болон дээдлэгдэж хавь орчны газар нь баатарлаг өвөг дээдсийн цусанд дэвтэж, хөлсөнд ариуссан ариун дагшин хөрс, гүн хүндэтгэлт газар болон бидний үест хүрч ирсэн билээ. Гэтэл тусгаар тогтнолын үнэ цэн, утга учир улам бүр тодорсон эдүгээ цагт монголчуудын энэ ариун голомт, оюуны ба эдийн соёлын хосгүй өвийг дархлан хадгалсан Богд хааны ордон музейн сул газарт арван зоосны ашигт нүд, сэтгэл нь сохорсон хүмүүс архи пиво ууж, зугаацах газар байгуулахаар олон он дамнуулан оролдож ирэв. Өнгөрснийг сануулж, өнөөг ухааруулж, ирээдүйг дархлах үүрэгтэй түүхч миний бие энэ балмад харалган үйлдлийг эгнэгт таслан зогсоож, Богд хааны ордон музейн арын болон зүүн талбайд 1911 оны тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тэмцэгчдийн үйл хэргийг мөнхөлсөн хөшөөт цогцолбор, цэцэрлэгт хүрээлэнг нийт олноороо хамтран байгуулах санал дэвшүүлж байна.

 

    Өвөг дээдсийн халуун амиараа дархлан босгосон Монгол Улсын тусгаар тогтнолын үнэ цэнийг залуу хойч үед байнга сануулан ухааруулж, өнгөрсөн үеийн тэмцэл, ялалтыг хадгалж, өнөө цагт бадруулж, ирээдүйд үлдээх Эх орончдын хөшөөт цогцолбор байгуулах энэ саналыг Монгол Улсын эзэн хаан VIII Богд Жибзундамба тэргүүтэй эх орончдын хойчис, өдгөө цагийн төрийн жолоо атгасан эрхмүүд болон УИХ-ын түшээ нар, нийт ард иргэд дэмжинэ гэдэгт бат итгэн энэхүү илээр хаягласан захидлыг өргөн уламжлав.

 

    Сайн үйл дэлгэртүгэй.

    Монгол Улсын Төрийн соёрхолт, түүхч, доктор Д.Өлзийбаатар.

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.