Г.Хосбаяр: Монголын рагбичдыг ХҮНДХЭН УЧРААНУУД хүлээж байгаа

2018-05-14 12:05

 


    Монголын Рагбигийн шигшээ багийн тамирчид өнөөдөр Ази тивийн гуравдугаар дивижний Төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг зорьлоо. Жил бүр зохион байгуулдаг энэ тэмцээнд манай шигшээ багийнхан хамгийн сүүлд 2014 онд оролцож дивижн буюу зэрэглэлээ нэг шатаар ахиулж байв. Өөрөөр хэлбэл, дөрөвдүгээр дивижнээс гурав руу орж ирсэн юм. Энэ удаагийн тэмцээнд тэднийг шаггүй өрсөлдөгчид хүлээж буй. 


    Монголын Рагбигийн холбооны Хөгжлийн менежер, Монголын легионер тамирчдын холбооны тэргүүн, монголын багийн спортын анхны лигионер тамирчин Г.Хосбаярыг тус тэмцээнийг зорин явахынх нь өмнө уулзаж, ярилцсанаа хүргэж байна. 

 


Рагбигийн холбоо хамгийн олон АЛБАН ЁСНЫ ЛЕГИОНЕРТОЙ НЬ

 

    ESA— Энэ удаагийн тэмцээн болон дивижний талаар товч мэдээлэл өгнө үү?


     — Энэ бол Азийн рагбигийн холбооноос жил бүр зохион байгуулдаг таван гүрэний тэмцээн юм. Энэ жил монголын шигшээгийн тамирчид гуравдугаар дивижнд өрсөлдөнө. Азийн маш олон улсад рагби тоглодогийн нэг нь монголчууд. Нийт 40 гаран орон байгаа. Нэг дивижнд 4-5 баг байдаг. Монгол Улс 2014 онд 4 дүгээр дивижний аварга болж, энэ жил гуравдугаар дивижн рүү дэвшиж байгаа юм.  Бид энэ тэмцээнд Киргизстан, Пакистан, Казахстан гэсэн дундад азийн орнуудтай тоглох гэж байна. 

 

 

    ESA—Эдгээр багаас аль нь илүү туршлагатай вэ?


    —Казахстан улсын баг олон жилийн түүхтэй. Дээр нь Казахстан Азийн Элит дивижнд байсан. Тэгээд зөрчил гаргаад доошоо хоёр дивижн буурч орж ирж байгаа юм. Зэрэглэлийн хувьд манайхаас хоёр дивижн дээшээ гэсэн үг. Тэгэхээр тэд хамгийн хүчтэй өрсөлдөгч. Дээр нь тэд  эх нутагтаа тоглох гэж байна. 

 

 

    ESA—Энэ удаагийн тэмцээнд явж байгаа баг бүрэлдэхүүнээ танилцуулна уу?


    —Монголын шигшээ баг нийт 26 хүний бүрэлдэхүүнтэй. Дасгалжуулагч, эмч, менежер гэсэн албаны гурван хүнтэй, 23 тамирчин явна. 

 

 

   

    ESA— 2014 онд Монголын рагбигийн шигшээ баг гуравдугаар дивижн рүү шилжсэн тэрхүү тэмцээнийхээ талаар ярьж өгөөч?

 

     —2014 онд Брунейд болсон Азийн таван гүрний тэмцээнд бид аварга болсноор 4 дүгээр дивижн рүү дэвшсэн. Тэр дивижнд биднээс гадна Лаос, Бруней, Камбож гэсэн гурван улс байсан. 

 

 

  ESA— Энэ жил дивижн ахихын тулд нөгөө гурван багийг, ялангуяа Казахстаныг ялах ёстой?


    — Мэдээж, энэ нэлээн хэцүү.  Яагаад гэхээр, сая хэлсэнчлэн Казахстан улс олон жилийн түүхтэй, дэлхийд чансаагаараа 12 дугаарт буй, япон улстай тоглолт хийдэг баг. Түүнчлэн Солонгос, Арабын нэгдсэн Эмират улс, Хонконг гэсэн хүчирхэг багуудтай тоглолт хийдэг баг. 


    Бид энэ багтай тоглох гэж байгаадаа нэг талаараа баярлаж байгаа. Маш том багтай хүч сорьж үзнэ гэдэг бидний хувьд чухал зүйл. Дээр нь монгол тамирчид бэлтгэл маш сайн байгаа. Яахав, тодорхой хэмжээний бэртэл, гэмтэлтэй тамирчид байгаа боловч бид өөрсөддөө байгаа бүх бололцоогоороо тоглоно. 


    Бид нөгөө хоёр улсыг бас тоохгүй байж болохгүй. Пакистан энэ жил Азийн гуравдугаар дивижнд тоглочихсон. Тэд маш догшин, хүчирхэг ард түмэн байдаг. Нэлээн л хүндхэн учраанууд байна даа. Гэхдээ манайхан бэлтгэл сайн байгаа.

 

 

    ESA—Азийн нэгдүгээр дивижнд нь аль улсын багууд байдаг вэ?


    — Нэгдүгээр дивижн буюу Элит дивижн гэж ярьдаг. Түүний нэг номерт нь япон бий. Япон бол Азиас ганцаараа дэлхийн аваргад ордог баг. Харин Хонконг олон улсын лигээрээ хоёрт ордог улс. Дээр нь Хонконгод олон улсын легионер тамирчин олон бий. Арабын нэгдсэн Эмират байна, одоо Шриланк гээд ороод ирчихсэн байна. Солонгос байна. Эдгээр таван баг нэгдүгээрт орж байна даа. 

 


    ESA— Азиас японы баг тамирчид дэлхийн аваргын тэмцээнд оролцдог юм байна.  Бусад нь яагаад ордоггүй юм бэ?


    —Дэлхийн аваргын тэмцээнд нийт 20 баг ордог. Дэлхийд эхний 20 дотор орсон багууд оролцдог гэсэн үг. Тэд чансаа хамгийн өндөр багууд. Тэр 20-д багтахын тулд маш олон тест тоглолтуудыг хийж гарч ирдэг. 

 


    ESA—Та Хонконгод легионер тамирчин байсан шүү дээ. Аль багт нь тоглож байсан бэ?


    —Хонконгод мэргэжлийн зургаан баг байдаг. 1,2,3-р лигүүд нь цалинтай, даатгалтай, гэрээтэй, өндөр түвшний лигүүдэд тооцогддог. 4,5-р лиг нь хөгжлийн лиг, зургадугаар лиг бол анхан шатных байдаг. 


    Миний хувьд 2007 онд анх монголын багийн спортоос Баянхонгор аймгийн арслан Д.Энхбатын хамт 2006 оны аравдугаар сараас 2007 оны хоёрдугаар сард, буюу 4-5 сарын хугацаатайгаар Каолон хэмээх томоохон дүүргийн нэгдүгээр дивижний багт тоглосон. Хонконгод нэгдүгээр дивижний нийт найман баг байдаг. Тэр үед бид хоёр 22 настай, хүүхдээрээ шахуу байсан учир ямар багт тоглож байгаагаа төдийлөн сайн ойлгоогүй байсан.  Одоо бодох нь ээ, их өндөр түвшний багт тоглодог байсан юм байна лээ. 


    Ингээд 2011-2013 онд миний бие Хонконгийн хоёрдугаар дивижний “Пандас” гэдэг хятадууд буюу хонконгууд, самава, солонгос залуучууд, хоёр монгол залуугаас бүрдсэн шинэ багт тоглож, гуравдугаар дивижнд аваргалаад хоёрдугаар дивижнд орж байсан. 

 

 

    ESA—Тэнд тоглосон таны туршлага монголд хэр хэрэг болсон бэ?


    — Мэдээж, спортынхоо түүхэнд нэгэн томоохон алхамыг хийсэн. Ялангуяа рагби бол манай монголд шинэ соргог спорт шүү дээ. Монголын ард түмэн маань энэ спортыг төдийлөн сайн мэдэхгүй.  Спорт сонирхдог хүмүүс л тодорхой хэмжээгээр мэдэх байх. 

    
    Манай рагбигийн холбоо хамгийн олон албан ёсны легионертой нь.  Монголчууд гаднас олон тоглогч авч байгаа боловч гадагшаа гарч байгаа тоглогч маш цөөхөн. Чөлөөт бөх, бокст бол байдаг. Би багийн спортын төлөөлөл учраас багийн спортоор ярьж байгаа гэдгийг ойлгоорой. Багийн спорт дотроо хамгийн олон легионер төрүүлсэн нь манай Рагбигийн холбоо. Хонконгийн дээд лиг, дунд лиг, хоёрдугаар дивижнд тоглосон, ОЛОН УЛСЫН ЛЕГИОНЕР гэсэн батламжтай нийт дөрвөн залуу байдаг. 

 


Монголын рагби ХӨГЖЛИЙН ШАТАНДАА явж байна

 

 

    ESA— Монгол залуус энэ спортыг хэр сонирхож байна вэ?


    — Рагби бол монгол хүний бие физиологид маш тохиромжтой спорт. Яагаад гэхээр,  хөнгөн атлетик, сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг, барилдаан гэх мэт сдортын олон төрөлтөөс бүрддэг. Гайхалтай спорт. 


    Канадын иргэн Хонконгийн шигшээ багийн тамирчин Жэймс Тодд Вүүд, Монгол Улсын гарьд Цэрэнпунцаг нарын 2003 онд Монголын рагбигийн холбоог үүсгэн байгуулсан түүхтэй. Ингээд монголын рагбичид 2005 оноос хойш клубуудын тэмцээнд, 2009 онд Азийн таван гүрэний буюу хамгийн том тэмцээндээ ордог болж эхэлсэн.  Өөрөөр хэлбэл, 2009 оноос хойш албан ёсоор томоохон тэмцээнүүддээ явж эхэлснээр Рагбигийн холбооны үйл ажиллагаа жигдэрч эхэлсэн.


     Энэ жил манай холбооны бичиг баримт, тамгаа авсны 15 жилийн ой.  Томоохон ойн жил учраас олон тэмцээн уралдаан, сонирхолтой арга хэмжээнүүд  биднийг хүлээж байна. 


    Монголд рагбигийн найман клуб байдгийн дөрөв нь охидынх. Одоогоор үйл ажиллагаа идэвхитэй явуулж байгаа нь зургаан клуб байна. Энэ жил бас охидын олон улсын тэмцээний сураг сонсогдож байна. Гэхдээ энэ тэмцээнд явах эсэхээ бид хараахан шийдээгүй байна. Яагаад гэхээр, багийн спортод мөнгө, санхүү ихээхэн хэрэгтэй шүү дээ. 

 


    ESA— Санхүүгийн хувьд дэмжлэг байхгүй гэж үү?


    — Хүмүүс биднээс их асуудаг юм. “Та нарыг улсаас харж үздэг үү?”, “Тамгын газар, биеийн тамирын газар, Олон улсын Олимпын хороо, Монголын үндэсний олимдын хорооноос харж үздэг үү?” гэх мэт. Биднийг материаллаг бааз, бэлтгэл хийх талбайгаар бол мэдээж хангаж өгдөг. 


    Мэдээж, рагбигийн тамирчдын хувьд энэ бол өөрсдийнх нь сонгосон амьдрал учраас бид төр засаг, татвар төлөгчдийн мөнгөнөөс хороохгүй, дарамт болохгүй байхыг эрмэлздэг.


    Харин бид өөрсдөө юу чадах вэ гэдгээ харуулах ёстой. Тал, талаасаа боломж бололцоо, найз нөхөд, ах дүүгээсээ бас хувийн компаниудад санал тавьж хамтарч ажиллан, ивээн тэтгүүлж байгаа. 

  Бид өөрсдөө хөгжиж амжаагүй байгаа дээрээ улсаас хамаагүй тусламж, дэмжлэг хүсч болохгүй. Спортын бусад клуб, бусад хороонд ч энэ бас их чухал.

 


     ESA— Монголд энэ спорт хөгжчихлөө гэдгийг юугаар тодорхойлох юм?


     Хөгжил рүүгээ явж байна гэж би хэлнэ. Мэдээж, үйл ажиллагаа маань тогтмол байх учиртай. Рагбигийн Монгол Улсдаа данстай төрийн бус байгууллагын дүрэмтэй, идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй зургаан клуб байна. 


    Монголын рагбигийн холбоо маань үндсэн  таван ажилтантай. Дэд ерөнхийлөгч, нарийн бичиг, холбооны медиа менежер, ерөнхий дасгалжуулагч, хөгжлийн менежер гэсэн орон тоотой явж байна. Энэ хүмүүс маань бүтэн цагаар ажилладаг. Тогтмол ажлын байр олгоно гэдэг хөгжлийн нэг шат мөн үү гэвэл мөн.  Дээр нь маш олон залуус энэ спортод сэтгэл санаа, мөнгө санхүүгээ зориулж байна. 2000 хүүхэд тоглосон статистик тоо гарч байсан. Энэ бол бидний зар сурталчилгаа болон олон нийтэд түгээх ажлыг сайн явуулж байгаагийнх гэж би бодож байна. 

 


    ESA— Холбооноос рагби сонирхогч хүүхэд залууст төлбөртэй сургалт зохион байгуулах төлөвлөгөө бий юү?


    — Бид яг энэ талаар бодож байгаа. Энэ жилээс хүүхдүүдэд зориулсан, ялангуяа бага насныханд зориулсан курс сургалтуудыг хийх гэж байна. Мэдээж, хүмүүст төлбөр мөнгөний асуудал тэр болгон таалагдаад байдаггүй. Гэхдээ бид маркетинг, менежмент хийж байгаа учраас сургалт маань хүүхдүүдэд энэ спортыг зөвхөн танилцуулахаар хязгаарлагдахгүй. Биеэ зөв авч явах тухай, хүний биеийн өв тэгш хөгжил болон суурь хүмүүжил олгохын дээр эрүүл мэндийн талаар тодорхой хэмжээний мэдлэгүүдийг өгөхийг зорьж байна. 


    Хүн спортоор хичээллэх явцдаа тодорхой хэмжээний энерги зарцуулдаг учраас их хэмжээний кали, кальциа алдаж байдаг. Түүнийгээ хэрхэн нөхөж авдаг вэ гэдгийг жишээлбэл зааж өгөх юм. Энэ бол бүх хүний амьдралд чухал зүйл. 


    Түүнчлэн Дэлхийн рагбигийн холбооноос энэ жил олон улсын шүүгч, олон улсын хүчний дасгалжуулагч, олон улсын эмчийн сургалтуудыг зохион байгуулна. 

 


Тамирчдын хоорондоо ч ярилцах дургүй нэг сэдэв бол өөрсдийнх нь

ЦААШДЫН КАРЬЕР

 

 

   ESA— Рагбиг хэдэн нас хүртлээ тоглох боломжтой байдаг вэ?


    — Энэ бол чухал асуулт. Яагаад гэхээр багийн спортын тамирчид 30 нас гараад зогсонги байдалд орчихдог, хөгжил нь муудчихдаг. Үүнийг буцаж харина гэж ярьдаг юм л даа. Рагбигийн баг 15 хүнээс бүрддэг. Тоглолт дээр сэлгээтэй нийлээд 23 хүн бий. 1,2,3 номер нь хүчний тоглогч нар байдаг. Гүйлт багатай, хүчний тоглолт ихтэй гэсэн үг. 4-8 хүртэлх тамирчид гүйлттэй мөртлөө тодорхой хмжээний бахим биетэй тоглогч нар байдаг. Довтлогч нар гэсэн үг. Олон улсад энэ тоглогч нар 38-40-тэйдөө тоглож л байдаг. Тэд хурдаар бус ухаанаар, булчин шөрмөсөөрөө, биеэрээ тоглодог. Хөл дээрээ бат зогссох ёстой. Гол нь техникээр тоглодог гэсэн үг. Ар талын тоглогч нар маань гүйж тоглодог учраас зодог тайлах магадлал нь харьцангуй эрт байдаг. 

 

 

    ESA—Таны цаашдын карьер юу байх вэ?


    — Монголд гэлтгүй дэлхий дахинд спортынхны  гаргадаг нэг том алдаа бий. Тэр нь бид өнөөдөртөө зөвхөн спортынхоо карьерыг бодож амьдарч байдаг. Гэтэл спорт өөрөө насны хязгаартай зүйл шүү дээ. Тэгэхээр хүн тамирчных нь замнал дууссаны дараа хэрхэхээ мэдэхгүй болж, өнгөрсөн хугацаанд боловсрол болон хийж бүтээх тал дээр маш их зүйлийг алдсан байдаг. Энэ бол тамирчдын хувьд хамгийн эмзэг сэдэв. Хоорондоо ч ярилцах дургүй сэдэв нь. Гэхдээ л спортоор замнасан хүн болгонд тулгарах асуудал мөн учраас энэ чухал сэдэв. Тодорхой хэмжээний амжилттай, азтай, чадвартай яваа залуучууд бол холбоондоо дасгалжуулагч багш, тодорхой хэмжээний албан тушаалтан болж ажиллана.  Бусад нь яалт ч үгүй цаг хугацааны эрхэнд орхигдож таарна. Тэгэхээр тамирчны замналын дараа яах вэ гэдгээ манайхан сайтар бодох хэрэгтэй. Өөрийгөө бэлдэх ёстой. Анхнаасаа, ялангуяа 30 нас хүрч байгаа тамирчид их бодолтой, алсын хараатай байх хэрэгтэй. 

 


Монголчууд рагбигаар ГАДААД ЕРТӨНЦТЭЙ ХОЛБОГДОХ маш том үүд хаалга

нээгдэж байна

 

    ESA— Манайхан рагбигаар гадаадад сургууль дүүргэсэн тохиолдол байдаг юм уу?


    —Байхгүй. Гэхдээ одоо Монголын Рагбигийн түүхэнд маш том нэгэн хуудсыг нээх гэж байна. Тэр нь юу вэ гэхээр, Японы шигшээ багийн дасгалжуулагч, шинэ зеланд хүн боловч японы иргэншилтэй Майкл Лейтч Монголын рагбигийн холбоонд хандан маш гоё санал тавьсан.

 

Майкл Лейтч: Монголчуудыг сумогоос илүү РАГБИД АМЖИЛТ ГАРГАНА гэж үзэж байна

 

    Тэр нь 15 хүртэлх насны амьдралын түвшин доогуур, рагби сонирхож тоглодог, бие томтой, цаашдаа рагбид зүрх сэтгэлээ зориулж, монголдоо өөрийн талаасаа хөрөнгө оруулалт хийж чадах хүүхдийг Рагбигийн академид гурван жил сургах санал. Байр, хоол, сургалтын төлбөрийн зардлыг дааж гурван жил сургаад өгье гэсэн.  Монголчууд “Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэдэг. Тэрэн шиг рагбигийн боловсролыг бүр анхнаас нь олгоно гэсэн үг.  Тэр хүүхэд маань өөрөө сайн байвал Японы лигт ч тоглох маш өндөр боломж бий. Тэгэхээр монголчууд энэ спортоор гадаад ертөнцтэй холбогдох маш том үүд халга нээгдэж байна гэсэн үг. Ялангуяа Япон руу бол Франц, Англи, Шинэ Зеланд зэрэг томоохон улсын лигионерууд очиж тоглодог. Тэрний нэг томоохон баг нь “Сан волфс” буюу “Нарны чононууд” хэмээх “Тошиба” брэндийн клуб бий. Маш өндөр түвшний гэрээтэй, гадны олон легионер тоглодог баг. 

    Япон 128 сая иргэнтэй. Түүнээс 300 мянган хүн рагби тоглодог гэсэн судалгаа байдаг. 


    ESA— Ярилцсанд баярлалаа. 

 

    ESA— Рагбиг одоогоор дэлхийн 120 гаруй улсад тоглож байна. Энэ бол их спорт. Хүмүүс америк хөлбөмбөгтэй их андуурдаг. Америк хөл бөмбөг бол 1900 оны эхээс АНУ-д үндэсний спорт болж хөгжсөн. Харин рагби 1823 онд Английн Рагби гэдэг хотод анх үүссэн, хөл бөмбөгөөс гаралтай их спорт. 


    Анх язгууртан, угсаатнууд буюу хатан хааны торгон цэргүүд тоглодог байж байгаад дараа нь өөрийн гэсэн дүрэмтэй спорт болж хөгжиж иржээ.

 

 

 

 

 
 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

Зочин /66.181.161.105/

2018-05-15 07:50

Sportod hamag zaluu nadaa zoriulchihaad daraa n hen boloh ve gdg ch uneheer bodoh asuudal mun shuu

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.