С.Баярыг эгүүлэн татаж, Н.Тулгыг Их Британийн Элчин сайдаар томилов

2018-05-17 12:35

 


     УИХ-ын чуулганаар Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг хэлэлцээд томилов.



 

    Засгийн газраас нийт зургаан Элчин сайдыг томилох шийдвэр гаргасан ч Ерөнхийлөгч дөрвийг нь зөвшилцөхөөр УИХ-д санал оруулсан. УИХ-ын гишүүд Австрали, Тайланд улсад суух Элчин сайдыг оруулж ирэхгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байв. 

 

    Мөн Л.Энх-Амгалан гишүүн, " М.Энхсайханыг яагаад эгүүлэн татав?" гэж лавлахад “Сонгуулиар  болон түүний дараа улстөржсөн мэдэгдэл гаргасан гэж Ерөнхийлөгч үзээд эгүүлэн татаж байгаа” гэв.

 

    Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мэндсайханы Энхсайханыг эгүүлэн татаж, Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Энхцэцэгийг гишүүдийн 87,1 хувийн саналаар томилов. Тэрээр, "Швед улсад 6000 иргэн амьдардаг. Үүнээс зарим нь удаан хугацаанд амьдрах зөвшөөрөл авсан байдаг. Швед улстай Монгол Улс бол худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын харилцаатай байдаг. Эдийн засгийн эргэлт нь 33,4 сая ам.доллар бөгөөд экспортын хэмжээ 628 мянган ам.доллар юм. Манай улсаас сүлжмэл, оёмол, гэрийн угсармал хийц гаргадаг. Импорт бол 32,7 сая доллар бөгөөд томоохон хэмжээний машин, техник төхөөрөмж оруулж ирдэг. Цаашид инноваци болон ногоон хөгжил, тогтвортой байдлыг хангах чиглэлээр хамтарч ажиллана" гэв.

 

    Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Санжаагийн Баярыг эгүүлэн татаж, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нархүүгийн Тулгыг гишүүдийн 83,6 хувийн саналаар томилов. Тэрээр, "Хоёр улсын эдийн Засгийн харилцааг цааш хөгжүүлэх гол зүйл бол мал эмнэлгийн чиглэлээр нягт хамтран ажиллана. Иргэдэд өгөх үйлчилгээг ойртуулж жилд 2 удаа консулын үйлчилгээ үзүүлж байгаа” гэв.

 

    Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбадаржаагийн Батжаргалыг гишүүдийн 90,2 хувийн саналаар томилов. Тэрээр, "Инновацийн чиглэлээр хийх хэд хэдэн төсөл байгаа. Түүнийг нь дэмжээд явна гэж бодож байна. Өмнө нь Япон улсаас хөгжлийн албан ёсны тусламжаар 3,6 тэрбум ам.доллар авсан. Хөгжлийн албан ёсны тусламж дээр тулгуурласан эдийн засгийн хамтын ажиллагаа өнөөг хүртэл явж ирлээ. Цаашид хувийн хэвшил дээр тулгуурлаж явуулахаар төлөвлөж байгаа" гэлээ.

 

    Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ядмаагийн Ариунболдыг гишүүдийн 90,3 хувийн саналаар томилов. Тэрээр, "Хөдөө аж ахуй бол тэр чигээрээ шинжлэх ухаан болсон байна. Энэ чиглэлээр Канад улстай хамтарч ажиллана гэж бодож байна. Мөн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллах зорилготой байгаа. Үүнээс гадна хөдөө аж ахуй, байгаль орчны чиглэлээр Канадын хөгжлийн тусламж болон бусад хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр ажиллана" гэлээ.

 

   

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.