Монголын Рагбичид СЭЛГЭЭНИЙ ТАМИРЧИДГҮЙГЭЭР тоглолтод оролцож байна

2018-05-17 20:26

 

    Монголын рагбигийн шигшээ багийн тамирчид өчигдөр орой Ази тивийн 3-р дивизоны төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээний анхны тоглолтоо хийлээ. 



 

    Тэд Казахстан улсын шигшээ багтай тоглож, хагас цаг дуусахаас 5 минутын өмнө 14:3 харьцаагаар хожигдож эхэлсэн. Монголын шигшээ багийн хувьд өрсөлдөгчийн талбайд маш ширүүн хүчтэй довтолгоог үзүүлж байсан боловч жижиг алдаанууд гарган эсрэг багтаа боломжийг олгож байсан юм. Хоёрдугаар  хагас эхэлж Казахстан улсын шигшээ баг сэлгээний тамирчдаа оруулж байсан нь манай багийн эсрэг хатуу цохилтууд болж байв. 

 

     Сэлгээний тамирчидгүйгээр бүтэн 80 минутын турш тоглосон Монголын баг тамирчид цуцаж тоглолтын төгсгөл хэсэгт арын эгнээгээрээ оноо алдаж эхэлснээр 55:6 харьцаатайгаар ялагдал хүлээсэн юм. 

 

Рагбигийн шигшээ багийнхныг КАЗАКСТАНЫ ХИЛЭЭР оруулалгүй буцаажээ

 

 

    Энэхүү гуравдугаар дивинзонд мөн өрсөлдөж байгаа Пакистан болон Киргизстан улсын тоглолт 82:0 харьцаатайгаар Пакистан улсын ялалтаар өндөрлөсөн. Ингэснээр манай багийн хүрээл медалийн төлөөх тоглолт Киргизстан улсын шигшээ багтай энэ сарын сарын 19-ний өдөр буюу нөгөөдөр болно. 

 

 

    Энд нэмэхэд, Монголын шигшээ баг анхны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 2009 онд оролцож байхдаа Киргизстан улсын шигшээ багтай учраа таарч 38:21 харьцаатайгаар хожигдож байсан түүхтэй. Маргааш болох тоглолт өнгөрсөн есөн жилийн хугацаанд Монгол Улсад рагбигийн спорт хэрхэн хөгжиж, шигшээ баг ямар түвшинд очсоныг харуулах түүхэн тоглолт болох юм.  


     Харин Казахстан улсын шигшээ баг бол Ази тивийн Элит зэрэглэл болон 1-р дивизонд Япон, Солонгос, Хонг Конгийн багуудтай өрсөлддөг, Азийн топ багуудын нэг юм. Түүнчлэн эмэгтэй тамирчдын шигшээ багаа  Азийн спорт наадамд түрүүлүүлж байсан, рагбигийн спортыг өндөр хэмжээнд хөгжүүлсэн улс билээ.

 

Г.Хосбаяр: Монголын рагбичдыг ХҮНДХЭН УЧРААНУУД хүлээж байгаа

 

    Эргэн сануулахад, 2014 онд Монголын шигшээ баг Ази тивийн дөрөвдүгээр дивизоны аварга шалгаруулах тэмцээнд Бруней болон Камбож улсын шигшээ багуудтай өрсөлдөж аварга болж байв. Үүнээс хойш тус тэмцээнд оролцолгүй дөрвөн жил болж, энэ хугацаанд буюу 2015 онд БНХАУ-ын шигшээ багтай нэг удаа нөхөрсөг тоглолтыг хийснээс өөр олон улсын тоглолтод оролцоогүй байсан билээ.  


    
    Олон улсын тэмцээн уралдаанд оролцох боломж нь хөрөнгө, санхүүгийн бэрхшээлтэй холбоотой хэмээн Монголын рагбигийн холбооны албаны эх сурвалжууд тайлбарлаж байна. Рагбигийн тоглолт олон хүний бүрэлдэхүүнтэй багаас бүрддэг учир олон улсын тэмцээнд явахад зардал өндөртэй байдагтай холбоотойгоор тэр бүр боломж олддоггүй аж.  

 

 

    Монголын шигшээ баг энэ удаагийн тэмцээнд менежер, эмч, дасгалжуулагч болон тамирчид нийлсэн 26 хүний бүрэлдэхүүнтэй ОХУ-ын Эрхүү, Новосибирск гэсэн маршрутаар Казахстан улсын Алма-Ата хотыг зорьсон. Гэвч “Казахстан улсын хилээр сунгалттай гадаад пасспортаар нэвтрүүлэхгүй” гэсэн шалтгаанаар багийн эмч болон таван тамирчныг хил нэвтрүүлээгүй юм.  Ингэснээр манай баг бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглох боломжгүй болсон билээ. Хил нэвтрээгүй таван  тамирчны дөрөв нь гарааны туршлагатай, багийн амжилтад томоохон нөлөөтэй тамирчид юм.  

 

    Тэмцээнд одоо оролцож буй нийт явсан бүрэлдэхүүний 14 нь 2014 оны Ази тивийн 4-р дивизоны аварга шалгаруулах тэмцээнд оролцсон туршлагатай тамирчид байгаа бол бусад нь шинэ, залуу тамирчид байна. Хамгийн залуу тамирчин нь “Аварга” сургуулийн сурагч, “Аварга Зөгийнүүд” Рагби Клубын тамирчин 19 настай Б.Сод-Эрдэнэ байгаа юм.


    ESA— Казахстаны шигшээ баг өөрийн нутгийн талбайд тоглож байгаа, зэрэглэлийн хувьд монголоос гурван дивизон дээгүүр, бүрэн бүрэлдэхүүнтэй, сэлгээний тамирчидтай гэх мэт сэтгэлзүйн хувьд ч илт давуу гээд олон талаараа монголын баг тамирчдаас илүүрхэж байлаа. Гэсэн ч манай шигшээ багийнхан өчигдрийн тоглолтоороо тун удахгүй Ази тивийн хоёрдугаар дивизонд маш хүчтэй өрсөлдөгч болон гарч ирэх боломжтой гэдгээ харуулж чадлаа. Тодруулбал, манай шигшээ багийн урд эгнээний тамирчид илт давуу талтай тоглож байсан бөгөөд арын эгнээгээр оноо алдсан нь тус байрлалд тоглодог туршлагатай тамирчид маань эзгүй, тэнд сэлгээ хийх боломжгүй  байсантай шууд холбоотой юм.

 

Майкл Лейтч: Монголчуудыг сумогоос илүү РАГБИД АМЖИЛТ ГАРГАНА гэж үзэж байна

 

 

 

 

 

 

 


 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.