“UPR дунд хугацааны тайланг дүгнэх, уулзалт, хэлэлцүүлэг” боллоо

2018-05-17 21:07

 

   UPR буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Зөвлөлийн ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг  НҮБ-ын гишүүн улс бүрийн хүний эрхийн төлөв байдлыг 4,5 жил тутам дүгнэн хэлэлцэж, сайжруулах, ахиц гаргах чиглэлээр зөвлөмжилдөг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн механизм юм.



 

    Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг 2015 оны 9 дүгээр сард 2 дахь удаагийн ээлжээр авч хэлэлцэж 156 зөвлөмж өгснөөс Монгол Улс 150 зөвлөмжийг хүлээн авсан байдаг. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар 2016 оны 204 дүгээр тогтоолоороо дээрх зөвлөмжийг 2016-2019 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны Ерөнхий төлөвлөгөөг баталсан байна. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлгээс Монгол Улсад өгсөн зөвлөмжийн дунд хугацааны хэрэгжилтийн тайланг энэ сард хүргүүлэх ёстой юм.

 

 

    “Уг Зөвлөмжийн дунд хугацааны хэрэгжилт ямар түвшинд байгааг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос үнэлэлт өгч, энэ хавар УИХ-д өргөн барьсан "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэл”-д нэг бүлэг болгон оруулж, санал зөвлөмж хүргүүлээд байгаа билээ. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс илтгэлээр дамжуулан НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөс өгсөн зөвлөмжүүдийн хэрэгжилтийн асуудлаар "Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Зөвлөлийн зөвлөмжийн биелэлтийн мэдээллийн нэгдсэн сантай болох; Хүний эрхийн олон улсын гэрээний албан ёсны орчуулгын чанарыг сайжруулах, үндэсний хууль тогтоомж, хүний эрхийн олон улсын гэрээний нэр томъёог нэг мөр болгох; Ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлэх, шалгуур үзүүлэлтийг тодорхойлж хэрэгжилтийн явцын тайланг жил бүр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, зохих шийдвэрийг гаргаж байх” гэсэн 3 үндсэн зөвлөмжийг УИХ-д өргөн бариад байна.

 

    Үүний сацуу хүний эрхийн хэрэгжилтийн байдлыг тандах, орон нутаг дахь төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, иргэдийн үзэл бодол, санал, хүсэлтийг сонсох, харилцан мэдээлэл солилцох зорилгоор Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форум, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яамтай хамтран "Хүний эрхийн төлөв байдал” сэдэвт хэлэлцүүлгийг орон нутагт 2018 оны 3-4 дүгээр сард 4 бүсэд зохион байгуулсан юм.

 

    UPR info Олон Улсын байгууллагын дэмжлэгтэйгээр дээрх хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулагчид 2018 оны тавдугаар сарын 17-нд "UPR дунд хугацааны тайланг дүгнэх, уулзалт, хэлэлцүүлэг”-ийг зохион байгууллаа. Уулзалт хэлэлцүүлгээр "UPR зөвлөмжийн хэрэгжилтэд олон талын хамтын ажиллагааны сайн туршлага”, "Монгол Улсын Засгийн газрын "UPR дунд хугацааны тайлан”, "Хүний эрхийн форумын хамтран бэлтгэсэн "UPR дунд хугацааны тайлан”, "UPR зөвлөмжийн хэрэгжилтэд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын үүрэг оролцоо” зэрэг мэдээллийг танилцуулна.

 
    Энэхүү арга хэмжээнд НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын UPR салбарын дарга Жианни Магазени, хөтөлбөрийн менежер Ханс Фридлунд, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр, Нээлттэй нийгэм форумын Удирдах зөвлөлийн дарга Г.Уранцоож тэргүүтэй төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцож байна.

 

    Хэлэлцүүлэг бүтэн өдөр үргэлжилнэ. НҮБ-ын гэрээний хороодоос Монгол Улсад өгсөн Зөвлөмжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын цахим хуудасны "Эх сурвалж "цэснээс авна уу.


 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.