Ц.Бат-Өлзий: Сэжигтнийг олсон ч ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ зөрчөөгүй гэсэн ДҮГНЭЛТ гаргачихсан

2018-05-23 09:59

        Төв аймгийн Аргалант сум, Эмээлт орчимд зам тээврийн ослоор гэр бүлийн долоон хүн /“Приус-20” маркийн автомашинд зорчиж явсан гурван хүүхэд, дөрвөн том хүн/ амь насаа алдсан харамсалтай хэрэг 2016 оны наймдугаар сарын 5-ны өдөр гарсан. Тухайн “Приус-20” маркийн автомашины жолоочийг бор шаргал өнгийн жийп маркийн машинтай жолооч зам дээр шахсанаас болж эсрэг талын замаар явж байсан “Ланд 200” маркийн автомашинтай мөргөлдөж, улмаар замын хажуу руу шидэгдсэн хэмээн гэрч ярьсан байдаг. Тэрхүү жийпний эзэн хэргийн газраас зугатсаныг хууль хяналтынхан олж чадалгүй жил тойрсон нь энэ хэрэг дээр ажиллассан хууль, хяналтынхны ашиг сонирхолтой шууд холбоотой хэмээн талийгаач нарын ар гэрийнхэн үзэж буй.   Цагдаагийнхан энэ хоёр ч удаа хэрэгсэхгүй болгож, хаасан байдаг. 

       Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд үнэний эрэлд гарч, дээлтэйгээ хатаж яваа хөөрхий эх, хохирогч Ц.Бат-Өлзий энэ удаад ийнхүү ярьж байна.

 

Өмнө нь бид энэ тухай :

 

 

 

 

 

 

 

 

 

 

ESA — Хэрэг гарснаас хойш хоёр жилийн нүүрийг үзэх гэж байна. Гэтэл та өнөөдрийг хүртэл  шүүх, цагдаагаар явсаар л байх юм. Хэрэг яагаад ийм удаашралтай байгаа юм бэ?

 

       Найман сарын өмнө ЦЕГ-аас хэргийг шалгах ажлын хэсгийг өөрчилж шинэ баг томилсон. Тодруулбал, Мөрдөн байцаах газрын Манлайбаяр ахлагчтай 14 хүний бүрэлдэхүүнтэй шинэ баг хэргийн сэжигтнийг 2017 оны есдүгээр сарын 21-нд олсон. Өмнө нь Нийслэлийн цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн мөрдөн байцаагч Г.Ууганцэцэгээр ахлуулсан баг хэрэг гараад жил гаруй  хугацаа өнгөрөөд байхад   сэжигтнийг олоогүй. Гэсэн атал шинэ баг томилогдоод гурав хоногт л олсон. Магадгүй тэд сэжигтнийг аль хэдийнэ олчихоод дарчихсан,  тэгээд сонин хэвлэлээр яригдаад ирэхээр "Олдчихлоо" гээд гаргаад ирсэн байхыг үгүйсгэхгүй. Харж байхад манай цагдаагийн байгууллагынхан хийхээ хийж чаддаг. Эсрэгээрээ “чадахгүй” –гээ ч чаддаггүй бололтой.

 

ESA — Ингээд 14 хүний бүрэлдэхүүнтэй шинэ ажлын хэсэг сэжигтнийг олчихлоо. Дараа нь юу болсон бэ?

 

       Гурав хоногийн дотор сэжигтнийг олсон ч үйл явдал цааш өрнөөгүй ээ. Анх Манлайбаяр ахлагч нь сэжигтнийг олчихлоо гээд бараг л ширээн дээрээ тогтож сууж чадахгүй баяртай надтай уулзсан. Тэгээд "Төв аймаг руу шилжүүлчихлээ" гэснээр хэрэг сунжирч эхэлсэн. Өнөө Манлайбаяр нь ч тэтгэвэртээ гарсан гэдэг хариу сонсох болсон. Би уг нь 2017 оны есдүгээр сарын 29-нд Мөрдөн байцаах газарт өргөдөл өгсөн ч өнөөдрийг хүртэл хариугаа авч чадаагүй л явна. Тэр үед би өргөдлөө өгөх гээд очсон юм. Өргөдөлдөө, "Энэ хэргийн үнэн мөнийг олж өгөөч. Эхний ажилласан хүмүүс ийм, ийм зүйл анги дээр алдаа гаргасан" гээд холбогдох бичиг баримтыг хавсаргасан. Гэхдээ өнөөдрийг хүртэл өргөдлийн хариу алга. Бичиг хэргээс нь асуухаар "Мэдэхгүй" л гэх юм. Удирдаж байсан дарга нь тэтгэвэртээ гарчихсан. Даргатай нь уулзах гэхээр, "Гадаад явчихсан" гээд хоёр ч удаа хоосон хаалга мөргөөд буцлаа. Харин Төв аймгийн цагдаагийн газраас хэргийн газраас зугатсан жолооч Цэцэгшагдарыг Монгол Улсын "Ззамын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй" гэсэн шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Ийнхүү хоёр дахиа сэжигтний талд дүгнэлт гарчихаад байна.

 

       Тэгээд  ахиад хэргийн газар дээр шинжилгээ хийлгэсэн. Таван хүний бүрэлдэхүүнтэй шинжээч томилж,  гэрчээр дахин заалгаж байгаад зураг гаргасан. Одоо тэр дүгнэлтийн хариуг хүлээж байна. Энэ зургийг гаргаснаас хойш бараг хоёр сар руу дөхлөө. Би байсхийгээд л "Төв аймаг руу зургаа явуулж байна уу?" гээд л очих юм. "Явуулах гэж байна, болоогүй" л гэх юм.  Ер нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд би Төв аймгийн прокурор Алимаатай уулзах гэж олон ч удаа явлаа. Очихоор нэг бол хамгаалалттай, эсхүл гадуур ажилтай гээд элдэв шалтаг хэлээд таардаг. Тэгж явсаар саяхан арай гэж уулзтал,  “Хундаамыг нь муу цутгасан бол байшин дээшээ явахгүй биз дээ. Танай хэрэг тийм л юм болсон. Хэрэг бүрдүүлэлт дээр муу ажилласан болохоор энэ хэрэг чинь цаашаа явахгүй байгаа юм”  гэж хэлсэн. Үнэхээр харамсалтай. Тийм юм сонсохоор хоолой дээр тээглээд хэлэх үг ч олдохгүй “Тэрийг нь мэдэж байгаа бол та нар яагаад шударга ажиллаад өгсөнгүй вэ” гэсэн. "Эсвэл эхэлж ажилласан хүнд нь шилжүүлээд өгөөч ээ" гэхээр бас авч хэлэлцэхгүй юм. Одоо тэр таван хүний шинжээчийн дүгнэлт яаж гарахыг л хүлээж байна даа.

 

ӨӨРИЙГӨӨ  ҮХЭН ХАТАН ХАЙРЛАХ АТЛАА БУСДЫГ ЯАГААД ХАЙРЛАХГҮЙ БАЙГАА ЮМ БЭ

 

ESA — Өнгөрсөн есдүгээр сард та бүхэн дээрх хэрэгтэй холбоотойгоор АТГ-т хандсан байдаг. АТГ таны гомдлыг шалгаад ямар хариу өгсөн бэ?

 

АТГ-т ямар шалтгаанаар хэргийг шалгаж байгаа цагдаа, прокуроруудыг шалгуулахаар өргөдөл өгсөн үндэслэлээ ярих нь зүйтэй болов уу. Аймшигт осол гараад жил болж байхад энэ хэргийн шалгалтад ямар ч ахиц гараагүй. Бүр хоёр удаа хэргийг хаасан. Ослын гол буруутан гэж үзээд байгаа том оврын жийп машины жолоочийг хайж олоогүй мөртлөө хэргийг хаагаад байгаа нь цаанаа ямар нэгэн зүйл байгаа мэт харагдсан. Миний охины машинтай мөргөлдсөн “Ланд 200” маркийн машины жолоочийг энэ хэрэгт буруугүй гэж үзээд явуулсан. Ёстой л амьд гарсан хүний зол гэгчээр асуудалд хандсан. Дөрвөн урсгалтай, ямар ч машины ачаалал байгаагүй зам дээр гүйцэж түрүүлсэн, хурд хэтрүүлсэн үйлдэл гарсан нь гарцаагүй байдаг. Миний хувьд шахаад зугатсан машиныг олох ёстой гэж үзсэн. Замын эсрэг талаас ирж явсан "Ланд 200"-гийн жолооч хурд хэтрүүлсэн, аюулыг зайлуулах гэж оролдоогүй, зогсох арга хэмжээ огт аваагүй байхад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж гаргасан. "Үхсэн хүн үг хэлэхгүй" гэгчээр бүгдийг талийгаач охины минь буруу болгож байна. Энэ бүхнээс “Ланд 200” маркийн автомашины жолооч их мөнгөтэй, эрх мэдэлтэй учир хэргийг хаах гэж улайрч байна уу даа гэж харагдаад байсан. Хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагчид, прокурорууд хуулийн дагуу ажлаа хийхгүй. Тэгсэн мөртлөө ямар нэгэн байдлаар миний талийгаач охины буруу болгохын төлөө ажиллаж байж болзошгүй ноцтой зүйлс гарч ирсэн. Тиймээс бид хоорондоо ярилцаж байгаад АТГ-т хандсан. АТГ-аас миний өгсөн гомдолд бичгээр хариу өгсөн. АТГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн дарга “Мөрдөн байцаагч, хэргийн баг бүрэлдэхүүн хэрэг дээр бүрэн ажиллаагүй нь харагдаж байна. Гэхдээ энэ хэрэгт авлигын шинж, хээл хахууль авсныг нотлох баримт байхгүй учраас авлига авсан гэж үзэх боломжгүй. Харин энэ хэрэг дээр ажиллаж байгаа мөрдөн байцаагчийг шалгахыг ЦЕГ-т хүргүүлж байна” гэсэн хариу өгсөн.

 

ESA — Энэ хэрэг дээр анхнаас нь ажиллаж байсан, Мөрдөн байцаагч Г.Ууганцэцэгт ямар хариуцлага ногдуулсан бэ?

 

Би өнгөрсөн оны есдүгээр 12-нд Цагдаагийн хэрэг бүртгэлийн дарга Насанбат даргатай уулзахаар очсон. Энэ хүн яг ослын газарт өөрийн биеэр очиж танилцсан  юм. Одоо би энэ хүнийг энэ хэргийг замхруулах ажлыг толгойлж зохион байгуулсан гэж хардаж байна. Өөрөөр хэлбэл энэ хэргийг будилуулчихлаа. Тэр өдөр намайг очиход бичиг хэргийн ажилтан нь Насанбатыг "Одоо ирнэ" гэж хэлсэн. Тэгснээ хэсэг хугацааны дараа ирэхгүй болчихсон. Маргааш нь ахиад очиход "Хуралтай" гэсэн.

 "Мөрдөн байцаагч Г.Ууганцэцэгийг хоёр сарын цалингийн 20 хувиар торголоо" л гэдэг. Би үүнээс өмнө 2017 оны хоёрдугаар сард ЦЕГ-т энэ хэрэг дээр ажиллаж байгаа багийг шалгаж өгөхийг хүсч  өргөдөл өгсөн юм. Хариуд нь "Г.Ууганцэцэгийг энэ хэрэг дээр ажиллахдаа хуулийн олон зүйл, заалт  зөрчиж, алдаа дутагдал гаргасан учраас цалингийн 20 хувиар торголоо" гэсэн. Энэ тухай Замын цагдаагийн бичиг хэргээс асуухад “Г.Ууганцэцэгийг тэгж шийтгэсэн шийдвэр надад байхгүй” гэсэн. Тэгээд "Та Нийслэлийн цагдаагийн газраас асуу" гэхээр нь асуувал "Торгоогүй" гэсэн хариу өгсөн. Торгоогүй юм бол энийгээ бичгээр гаргаад өгчих гэсэн "Даргын тамга алга. Маргааш өглөө ирээд авчих" гэлээ. Би итгээд л явсан. Тэгсэн тэр өдрийнхөө орой нь Насанбат даргын гарын үсэгтэй томоо бор цаасан ууттай бичиг баримтыг нэг цагдаа  авчирсан. Бүр гэрийн маань үүдэнд ирээд надтай утсаар холбогдоод өгсөн. Тэнд Ууганцэцэгт арга хэмжээ авсан тухай бичсэн байлаа. Би тэрийг нь аваад Замын цагдаагийн газрын бичиг хэрэгтэй уулзаад “Та нар байхгүй гээд байсан. Гэтэл Насанбат даргын гарын үсэгтэй бичиг ирсэн” гээд үзүүлбэл мөрөө хавчихаас өөр хариулт хэлээгүй. Насанбат даргаас энд тайлбар авмаар байна гэсэн хажууханд зогсож байсан нэг залуу “Би Насанбат даргын өмнөөс гарын үсэг зурчихсан юм” гэж хэлээд доошоогоо нэг өрөө рүү хүнтэй уулзана гээд орсон. Би ч гадаа нь хүлээгээд байсан чинь “Намайг ороод ирээч” гэлээ. Тэгээд “Аваар аюултай” гэхээр нь би “Харин аюултай. Хүн амьтан орон гэрээрээ сүйд болоод хүний амь  хохирчихлоо. Та нар зугатсан жолоочийг яагаад өнөөдрийг хүртэл олохгүй байгаа юм” гэсэн жаахан дургүй сонсоно лээ.

 

ESA —Хоёр удаа Цэцэгшагдарыг замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж гарсан гэлээ. Тэр бүдүүвч ямар байдлаар гарсан байдаг юм бол?

 

 Шинэбаатар, ахлагч Амарсанаа нар эхэлж зурахдаа гурван машин зурах ёстой атал тэгээгүй. Хоёрыг зурсан. Иймээс л Цэцэгшагдар Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гээд гараад байгаа юм. Яах юм бэ. Зураг дээр байхгүй юм чинь. Энэ тухай нь “Би хүлээн зөвшөөрөхгүй ээ. Шилжүүлж өг. Энэ зураг дээр өөрчлөлт орсон байна” гэхээр Г.Ууганцэцэгт хариуцлага тооцсон болоод өнгөрөөчихөж байгаа юм. "Энэ бүдүүвч зурагны талаар дахиж битгий яриарай" гэж мөрдөгч Болдсайхан надад хэлсэн. “Би  энэ хэрэгтэй холбоотой хүмүүсийг дуудаж уулзлаа. Надтай хамт ажиллаж байсан миний найз нар байна. Ахиад та ярив аа” гэж байна лээ.

           Түүнээс өмнө зурагт байгаа хоёр машины нэгийнх нь жолооч Баатарсүрэнг ч бас "Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй" гээд гарчихаж байгаа юм. Энэ хүн хэргийн газар "Долоог нь алчихсан юм чинь найм дахийг нь алчихъя" гээд миний ах руу дайрсан. Болоогүй машины дугуйны төмрөөр цохьж, гэмтлийн эмнэлэг явахад  хүртэл хүргэсэн. Энэ үед цагдаа нар хараад зогсож л байсан шүү дээ. Одоо тэгтэл өөд болсон тэдний маань буруу болгосон. Дараа нь Цэцэгшагдарыг олоод  ирсэн ч бас замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гээд л гаргачихсан. Би бол цагдаа нар . энэ хэргийг заамхруулахад. мэргэжлийн тактик ашиглаж ажиллалаа гэж харж байна. Энэ Баатарсүрэнгийн машин дотор хэрэг гарахад замын цагдаагийн зохицуулагч, бас замын цагдаагийн нягтлан гэсэн байх аа хамт явсан байдаг юм. Баатарсүрэн нь миний ойлгосноор замын инженер юм билээ.

            Үнэхээр шударга юм гэж алга аа. Би маш их гомдож байна. Яваандаа цагдаагийнхан намайг хэрэгт хийх юм уу, эд өөрсдөө хэрэгтээ ороогдох нь уу бүү, мэд. Хэрэв би хэрэгт орвол эд нар намайг маш хурдан хийчих байх. Яах вэ, одоо дээр хэлсэн таван хүний шинжилгээний дүгнэлт яаж гарах нь вэ гээдгийг харж л байя.

 

МИНИЙ ХҮРГЭН ОДОО Ч ШОКНООСОО ГАРААГҮЙ ЯВНА. МАГАДГҮЙ ХҮН АЛЖ МЭДЭХ УЧРААС БИ ШҮҮХ ЦАГДААГААР ЯВАХДАА ДАГУУЛЖ ЯВДАГГҮЙ

 

ESA —Цэцэгшагдартай та уулзаж байсан уу?

Сая хэргийн газар дээр ахин үзлэг хийгээд бүгдийг нь цуглуулсан. Тэгэхэд Цэцэгшагдар өмгөөлөгчтэйгөө, би хоёр өмгөөлөгчтэйгээ, дээр нь прокурор, байцаагч, цагдаа нар ирсэн. Гэрч  ч ирээд болсон явдлын талаар ахин ярьсан. Тэгэхэд Цэцэгшагдар “Чи битгий худлаа яриад бай” гэж гэрч рүү дайрсан. Гэрч  ч "Би хоёр нүдээрээ харснаа л ярьж байна" гэсэн. Хөөрхий гэрчид ч амаргүй байгаа шүү дээ. Нялх нойтон хүүхэдтэй хүн элдэв хэл амнаас жийрхэж байгаа биз. Гэсэн ч тэр "Би өөрөө эх хүн. Тухайн үед ядаж дотор нь хүүхэд битгий байгаасай гэж бодсон ч хүүхдүүд амиа алдсан шүү дээ. Би үнэнийг л хэлж байна" гэж байна лээ.

 

          Тэгсэн хажуунаас Цэцэгшагдарын өмгөөлөгч надад “Чам шиг юм битгий баашлаад бай” гэж намайг хэлсэн. Юу гэсэн үг вэ.  Үнэхээр гомдмоор. Би долоогийн долоон хүнээ алдчихаад өнөөдөр баашлаад зогсох уу. Үнэндээ хэн нь баашлаад байна вэ. Яагаад өөрийгөө үхэн хатан хайрлаж байгаа шигээ хүнийг хайрлахгүй байгаа юм бэ. Бүхэл бүтэн гурван айл сүйрээд үр удамгүй дууслаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд шар махтай маань хатаж яваа намайг  өмгөөлөгчтэйгөө нийлээд  доромжилсон. Би том хүргэнээ дагуулаад машинтай нь очсон юм. Манай машины баруун талын хаалган дээр Цэцэгшагдар, зүүн талынхад нь өмгөөлөгч нь зогсчихслн. Болоогүй араас машинаа тулгаад тавьчихаж байгаа юм. Би тухайн цагт бичлэг хийх гэсэн хийлгээгүй. Хийснийг маань аваад устгасан. Би дуугүй л устгуулсан. Ингэж л намайг алхам тутамд маань дээрэлхэж байна. Манай хоёр өмгөөлөгчийг ч Цэцэгшагдарын өмгөөлөгч У.Алтанцэцэг доромжилж л байна лээ. “Зогсож байгааг нь хараач, архи уучихсан юм юм биш үү, цагдаа дуудаад өгчих үү” гээд л их олон юм ярьсан. Би хохирогч юм уу, тэр хохирогч юм уу, мэдэхээ байгаад байна. /Хоолой нь зангирав/

 

       Ямартай ч сэжигтэн Цэцэгшагдар, Баатарсүрэн нарыг харлаа. "Залуу хүмүүс байж ядаж уучлалт гуйхгүй дээ" л гэж бодсон. Тэрийгээ ч хэлсэн. Үнэндээ ухаан муутай хүмүүст өөр хэлэх үг олдохгүй юм билээ.

 

ESA —Талийгаач таны бага охин тийм ээ?

 

Тийм ээ, би хоёрхон охинтой хүн. Миний бага охин  одоо байсан бол 26 хүрч байх байлаа. Дөнгөж 24-хөн настай үрийг минь  үр хүүхдүүдтэй нь үгүй хийчихлээ шүү дээ.  Энд хууль дүрэм гэж байна уу. Би үнэнийг олтол явна. Дээрх таван шинжээчийн дүгнэлт аль талдаа гарсан ч хамаагүй. Хүний эрхийн үндэсний комисст ч хандана. Энэ хэрэг магадгүй 5,10 тэр бүү хэл 20 жил өнгөрсөн ч би явсаар л байх болно. Төв аймгийн прокурор нь “Байшингийн хундаам буруу тавихаар яадаг билээ?” гээд зогсож байна. Тэд буруу ажилласан юм бол одоо үүрэг хүлээсэн төрийн албан хаагчид яагаад засаж залруулахгүй байгаа юм бэ. Би Алимаа прокурор дээр “Хохирчихоод явж байна” гээд орсон “Хохирол нэхэж орж ирлээ” гээд бичиг хэргээ “Тэмдэглэл хөтлөөрэй” гэсэн. Тэгээд “Би таны хохирлыг барагдуулах ёстой хүн юм уу?” гэж байгаа юм. “Та бол хуулийн хүн. Би үр хүүхдээ алдсан эх хүн. Танай прокурорынхон өнөөдөр надтай ёс зүйгүй харилцаж байна. Би үнэхээр их гомдож явна. Тийм болохоор та намайг хохирол нэхэж байна гэж хэлнэ үү өөрөө л мэд. Мэдээж хуулийн хүн ялгаж салгахтайгаа байх” гэж хэлсэн. Үнэндээ  өнгөрсөн удаад шударга ажилласан хүн байсангүй. Тэд “Энэ хэргийг чинь хаачихсан. Гэртээ очоод унш. Энэ дээр гарын үсгээ зур” гэж хэлдэг. Ингэж  л намайг хүнээс дор үзэж байна. Хэргийг миний гарын үсэггүй хаачихаж л байгаа байхгүй юу. Төв аймгийн хэрэг авсан Энхмаа, Эрхэмбаяр  нарын прокурорт маш их гомдож байна. Эхэлж хэргийн газар очсон Амарсанаа, Чинбаатар, Ууганцэцэгт нарт маш их гомдож байна. Хэргийн газар очиж нүдээр харсан атлаа шударга ажиллаагүй Насанбат даргад гомдож байна. Яагаад энд Насанбат даргыг оролцуулаад байна  гэвэл энэ хүн Ууганцэцэгийг хамгаалж өмгөөлөөд байна. Өнөөдөр ослоор маш олон хүн нас бардаг. Харж байхад нас барсан нь л дандаа буруутдаг. Энэ өнөөдөр бичигдээгүй хууль болчихжээ. Өөрчлөх цаг болсон байна. Хохирогч нарын ар гэрийнхэнтэй уулзаж ярилцаж байхад "Олон сар жилээр сунжраад залхаад орхилоо" гэдэг юм байна лээ. Гэхдээ би залхахгүй ээ. Би эцсийг нь хүртэл явна.  Би хоёр сайхан үрийнхээ нэгийг алдчихлаа. Хүргэн маань хайртай дотны бүх хүнээ алдсан.

 Би шүүх цагдаагаар явахдаа хүргэнээ дагуулдаггүй. Бүр нэг ч удаа дагуулж очоогүй. Миний хүргэн одоо ч  шокноос гараагүй явна. Магадгүй хүн алж мэднэ. Тийм учраас би өөрөө л явж байна. Яваад очих тоолондоо өр зүрх минь урагдаж, сэтгэлдээ би цусаар уйлж байгаа ч хүргэнээсээ нуудаг. Түүнийг аргадаж, “Бүхнийг давна шүү” гээд л толгойг илж, тайтгаруулж байна. Миний хүргэн өнөөдөр ах дүү, хань ижил үр хүүхдээ энэ ослоор алдчихаад явган нүцгэн сэтгэл гундуу өдөр хоногийг аргацааж явна. Энэ хүний амийг би одоо хамгаалж байна. Яасан хүнээ байчихсан амьдрал вэ? 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 8 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (8)

Зочин /66.181.160.35/

2018-06-02 09:20

Hereg ni haagdaj bhd hevleliin hural hiugeegui bol sejigtenguud ni oldohgui nuun daragduulaad ongoroh gej bsan bnsh deee.ahij shalgah heregtei bnaaa

Хариулах 0 1
Зочин /66.181.160.35/

2018-06-02 09:19

Yun zamiin hudulguunii durem zorjchson huuliin hariutslaga huleelgeh yostoi.hergiin gazraas zugtaasan humuusiig

Хариулах 0 0
Зочин /66.181.160.35/

2018-06-02 09:17

Naaduul chini hoorondoo hamaatai holboo.sulbeetei ni negent todorhoi bnsh dee.ahiad oor tsagdaagaar shalguulj ogooch.Nasanbatiig bas shalgamaar bna

Хариулах 0 0
Зочин /112.72.11.117/

2018-06-02 08:39

Nasanbat dargiig shalgaj ugnu uu nasanbat dargiig udirdaj bgaaa humuus

Хариулах 0 0
Зочин /66.181.184.253/

2018-05-30 12:44

Үнэхээр Харамсалтай юм 7 ийн 7 хүний амь нас

Хариулах 0 0
Эрдэнэжаргал /66.181.184.253/

2018-05-30 12:43

Муу хүмүүсийг хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой

Хариулах 0 0
Эрдэнэжаргал /66.181.184.253/

2018-05-30 12:42

Буруутай этгээдийг хариуцлага хүлээлгэх хэрэгтэй

Хариулах 0 1
Зочин /119.40.102.3/

2018-05-23 22:41

Darga said naraa shiidej ogoochee

Хариулах 0 2

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.