Цаг үеэсээ ХОЦРОГДОЖ яваагийн 10 шинж 

2018-06-02 16:14


ESA: Боловсролтой, ажилтай, гэр бүлтэй, бүх юм байна гэж бодож яваа ч та цаг үетэйгээ хөл нийлүүлж чадахгүй, хоцрогдож яваа юм биш биз? Дараах 10 шинжийн аль нэг нь танд байвал өөртөө дүгнэлт хийх болжээ гэсэн үг. 



1.    Гадаад хэлний мэдлэггүй 


   Гадаад хэл үргэлж л том боломжуудыг нээж өгдөг, энэ тал дээр англи хэл тэргүүлэх байр суурь эзлэнэ гэж хэлэхэд хилсдэхгүй.  Англи хэлтэй байхад хилийн чанадад аялахад нэмэр болох төдийгүй өдөр тутмын ахуйн асуудлуудад ч тустай. 


   Англи хэл сурснаар төрөл бүрийн төхөөрөмжийн зааварчилгаа уншиж, хэрэгцээтэй мэдээллийг олж аван, шинэ киног дутуу дулимаг орчуулгагүйгээр, жинхэнэ эх хэлээр нь үзэх боломжтой болно. Түүгээр ч зогсохгүй гадаадын интернэт дэлгүүрүүдээс захиалга хийж, хилийн чанадад үнэ төлбөргүй дадлагад хамрагдаж, орчуулгыг нь хүлээх шаардлагагүйгээр мэргэжлийн уран зохиолуудыг унших гээд олон давуу тал бий.


   Та англи хэл мэддэггүй бол үе тэнгийхнээсээ олон талаар хоцорч байгаа гэсэн үг. 

 


2.    Санхүүгийн боловсролгүй 


   Аз жаргал мөнгөн дээр тогтдоггүй гэдэг ч аюулгүй байх, маргаашийн өдрөө итгэл төгс харахад гагцхүү материаллаг байдал тус болдог гэдэгтэй маргах хүн цөөн гарах биз. Санхүүгийн боловсролтой байх нь хөрөнгө санхүүгийн нөхцлөө хэвийн хэмжээнд хадгалах чухал нөхцөл юм. Та онол дээр байх шинэ луйврын схемүүдийг олж мэддэггүй бол амьдрал дээр ийм луйвартай тааралдахгүй гэх баталгаагүй.  Татварын тогтолцоо хэрхэн үйлчлэдгийг мэддэггүй бол татварын хөнгөлөлтүүдийг ч эдлэж чадахгүй боломжоо гээнэ. Мөн санхүүгийн боловсролгүй бол мөнгөө хадгалж, үржүүлж чадахгүй шүү дээ. 

 


3.    Шинэлэг технологиудыг үл ойшоодог 


   Та техникийн хөгжлийн бүхий л дэвшилтүүдтэй танилцсан ч цахим төхөөрөмжөөс ном уншснаас цаасан ном уншсан нь дээр гэж шийдсэн бол өөр хэрэг. Харин амьдралыг тань хөнгөвчлөх техникийн дэвшлүүдийг танилцуулаад байхад үл ойшоодог бол энэ огт өөр хэрэг шүү. 


  Мэдээж шинэ үеийн бүхий л төхөөрөмжүүдийг гарсан даруйд нь худалдаж авах шаардлагагүй. Харин интернэт банк хөгжиж, гар утасны төрөл бүрийн апликейшнээр олон ажил амжуулдаг цаг үе хэдийнэ ирчихээд байхад орон сууц, цахилгааны төлбөрөө төлөх гэж банканд дугаарладаг, гүйлгээ хийхийн тулд онгорхой салбар хайдаг, онгоцны тийз захиалах гэж тийз захиалгын газарт танил хайдаг бол та үнэхээр л хоцрогдож. 

 


4.    Та энгийн нууц үг ашигладаг хэвээр 


   Цахим гэмт хэрэг үйлдэгчид улам бүр мэргэшч, төрөл бүрийн луйвар гарч байгаа өнөө үед та нууц үгээ дунд сургуулийн сурагч ч олчихоор хялбархнаар хийж байгаа бол мөн л хоцрогдож. Гэмт этгээдүүд таны цахим сүлжээ рүү нэвтэрч хувийн мэдээллүүдийг олж аван, үүнийгээ элдэв хэрэгтээ ашигладаж мэднэ. 

 


5.    Мэдээгээр гарсан бүхэнд итгэдэг 


   Сайн сэтгүүлч мэдээллийг шалгаж, хүмүүст хүргэхийн өмнө хэд хэдэн эх сурвалжаар баталгаажуулдаг. Мөн уншигч, үзэгчид ч энэ л зарчмаар явах шаардлагатай. Өөрөөр хэлбэл фейсбүүкээр спонсордсон пост болгоныг уншиж, хүн бүрийн хошуураад байгаа мэдээлэлд итгэхийн оронд өөр эх сурвалжууд дээр ямар байдлаар мэдээлснийг олж уншихыг хичээ. 


   Хүн бол өөрийн оюун ухаантай амьтан. Тиймээс салхинд хийссэн хамхуул мэт шуугиан тарьсан мэдээлэл бүрт итгэх нь хоцрогдсны шинж. 

 


6.    Танилын хүрээгээ өргөжүүлдэггүй 


   Ихэнх хүмүүс сургууль, их дээд сургуульд суралцах үеэрээ найзуудтай болоод үүгээр л өөрийгөө хязгаарлачих нь бий. Хэдийгээр “дээлний шинэ нь, хүний хуучин нь дээр” гэх үг байдаг ч шинэ танилууд бол шинэ мэдээлэл, шинэ боломжийг авчирдаг. Бид нас ахих тусам танилынхаа хүрээг өргөжүүлж, зөвхөн ойр орчмын биш харин сонирхлын чиглэлээрээ найз нөхөд олохыг хичээх хэрэгтэй. 


7.    Тархин дахь мэдээллээ шинэчилдэггүй 


   Нэг л мэдээлэл олон жилийн өмнө олж авсан бол түүндээ гүн бат итгээд, огтхон ч өөрчлөхийг хүсдэггүй хүмүүс бий. Гэтэл ихэнх мэдээллүүд өөрчлөгдөж, шинэ судалгаа шинжилгээгээр шинэчлэгдэж, өмнөх олон жилийн мэдээлэл хуучирч байдаг. 


   Мэдээж бүх мэдлэгийг шинэчлэх боломжгүй. Гэхдээ цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахын тулд ертөнцийн сонин хачныг, эргэн тойронд юу болж байгааг сонирхоход илүүдэхгүй. 

 


8.    Эрүүл мэнддээ анхаардаггүй 


   Амьдралын эрүүл хэв маяг гэдэг нь фейсбүүк, инстаграмд зургаа оруулахын тулд спорт танхим, фитнессд очиж, гадуур ор нэр төдий гүйхээс огт өөр.  Зөв хооллож, биеийн ачааллыг хэвийн байлгаж, тогтмол эмчийн үзлэгт хамрагдаж, нарны тос хэрэглэх нь таны амьдралын хэмнэлийг хэвийн хадгалахад туслана. Харин өвчин туссанаар та амьдралаас холдож, ажиллаж, мөнгө ч олж чадахгүй шүү дээ. 

 


9.    Та бусдын санаа бодлоос хэт хамааралтай 


   Хэт оройтож байгаа учраас хүнтэй гэрлэх хэрэгтэй, нас ахиж байгаа тул арай илүү нухацтай ажил олж авсан нь гэж бодох болсон уу? Энэ нь та бусдын нөлөөнд хэт автсны шинж ч байж мэдэх. Таны юу хийж болох, болохгүйг хуулиар зохицуулдаг. Хуулинд харшлаагүй бусад төрлийн үйлдэл хийх эсэх нь таны өөрийн л дур. Мэдээж, өөрийн үйлдлээс гарах хариуцлагыг хүлээх чадвартай байх ёстой.

 

 
10.    Өнгөрсөн амьдралаараа амьдардаг 


Оюутан ахуй цаг л хүний амьдралын хамгийн гайхалтай хэсэг гэх мэт амьдралд тохиосон дурсамжаараа амьдрах дуртай бол та мөн л хоцрогдож. Мэдээж хаа нэг дурсамжаа эргэн санаж, ярилцахад муу зүйл огт үгүй. Харин өнөөдрөөрөө амьдарч чадахгүй, урдах ажил амьдралаа зохицуулалгүй, үргэлж л одооны амьдралдаа гутарч, өнгөрснөө санагалздаг бол энэ байдлаасаа салах цаг хэдийнэ болжээ. 


Эх сурвалж: lifehacker.ru

 

 


 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.