Бичил уурхайчны ӨЧИГДӨР, ӨНӨӨДӨР

2018-06-08 12:50

 

    Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-ын дэргэдэх “Хүний эрхийн төлөө сэтгүүлчдийн клуб”-ын сэтгүүлчид өнгөрсөн өдрүүдэд Хэнтий аймаг дахь бичил уурхайчдын ажил амьдрал, сайн туршлагатай танилцлаа. Энэхүү боломжийг бидэнд Швейцарийн хөгжлийн агентлаг /ШХА/-ийн “Тогтвортой бичил уурхай” төсөл болон ХЭҮК, Хэнтий аймгийн “Бичил уурхайчдын нэгдсэн холбоо” ТББ-аас олгосон билээ.



 

 

“Браво!”. Бидний ХҮССЭН ҮР ДҮН энэ биш гэж үү?

 

    ШХА анх 2005 оноос эхлэн “Тогтвортой бичил уурхай” төслийг нийт дөрвөн үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлсэн, одоо энэ төсөл төгсгөлийн буюу дөрөв дэх үе шатандаа ирээд байна. Бичил уурхайг албажуулах, бичил уурхайчдыг чадавхижуулахад эхний гурван шатаа зориулсан энэ төсөл бичил уурхайгаар олборлосон алтны нийлүүлэлтийн сүлжээг ил тод болгох тогтолцоог бий болгосноор ирэх 2019 оны арванхоёрдугаар сард дуусгавар болох юм. Төсөл дуусах хүртэл хийхээр зорьж байгаа бас нэгэн том ажил бол бичил уурхайн чиглэлийн мэдээллүүдийг олон нийтэд түгээх, сайн туршлага, сургамжуудыг хуваалцах үүднээс “Онлайн флатформ”-ыг хөгжүүлэхээр эхлэлийг нь тавиад буй. Тухайлбал, алт өнөөдөр хэдэн төгрөгийн ханштайг ч мэдэлгүй уулын мухарт ажиллаж байгаа бичил уурхайчдад зориулан онлайн аппликэйшнийг бий болгосон. Цаашид энэ аппликэйшнийг интернэтгүй орчинд ч ажилладаг болгож “төгсрүүлэхээр” “Тогтвортой бичил уурхай” төслийнхөн ажиллаж байна.


    Бидний дор өгүүлэх гэж буй бичил уурхайчдын сайн туршлагууд өнөөдөр бий болох хүртлээ амар, хялбар, шулуун, дардан замыг туулж ирсэн үү гэвэл бас үгүй. Төрийн болон төрийн бус, олон нийтийн болоод олон улсын байгууллага гэх мэт маш олон талын оролцооны нөлөөгөөр өнөөгийн энэхүү эмх цэгцтэй, ёс суртахуунтай тогтолцоог бий болгож чаджээ. 

 


    Бичил уурхайчдыг нэгдсэн зохион байгуулалтад оруулснаар Монгол Улс нийгмийн хамгийн үнэт баялаг болох “ХҮН”-ээ аварч үлдэж чадсан юм. 


    Ямар ч зохицуулалтгүй, хэнээс ч хамааралгүйгээр газар ухаж амьдралаа залгуулж байсан тэрхүү  иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийгмийн даатгал битгий хэл, ая тухтай амьдрахад нь шаардлагатай наад захын хэрэгцээгээр дутаж, хүний эрхийн маш олон зөрчил тэнд бий болж байв.


    ХЭҮК-оос өнгөрсөн хугацаанд ШХА-тай хамтран бичил уурхайчдыг бусадтай эрх тэгш байх нөхцлийг нь бүрдүүлэхийн тулд хийсэн хамгийн чухал ажил бол төрийн байгууллагуудын албан хаагчдын хүний эрхийн талаарх хандлагыг өөрчилж, тэдэнд ухуулж чадсан явдал. Өөрөөр хэлбэл, бичил уурхайн талаар төрөөс авч хэрэгжүүлэх  бодлогыг хүний эрхэд суурилуулахад чухал нөлөө үзүүлсэн юм.


    Эмх замбараагүй байдлыг цэгцэнд оруулна гэдэг, ийм байдалдаа дасчихсан хэдэн мянган хувиараа ашигт малтмал олборлогч иргэнийг нэгтгэнэ гэдэг магадгүй хамгийн хүнд нь байж мэднэ. Яагаад гэхээр хүний ухамсрын түвшинд хийж буй өөрчлөлт гэдэг хамгийн хүчирхэг нь байдаг. 


    Хүний амь нас хувинтай шорооноос ч дор үнэлэгдэж байсан энх цагийн “дайн”-ы тэр талбараас “нинжа”, ХУВИАРАА АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОГЧ /ХАМО/ иргэдийг татан гаргаж, нүдийг нь нээж, чихийг  нь онгойлгох хүндхэн ажлыг “Монголын бичил уурхайчдын нэгдсэн дээвэр холбоо” ТББ-ыг үүсгэн байгуулагчид анх зориглон зохион байгуулсан түүхтэй. 


    Эвлэлдэн нийлж төр, засагтаа дуу хоолойгоо хүргэхээр сэтгэл шулуудсан арав гаруй  иргэний санаачлага анх 15 аймгийн 3000 гаруй бичил уурхайчныг эгнээндээ амжилттай нэгтгэснээр биеллээ олж, “Бичил уурхайчдын нэгдсэн дээвэр холбоо” ТББ бий болж байв. Өдгөө “Бичил уурхайчдын нэгдсэн дээвэр холбоо”-нд 17 аймгийн 6400 бичил уурхайчин нэгджээ. Бичил уурхайн хамааралтай сумд нэгдэн аймгууддаа мөн салбар холбоотойгоор төр, захиргааны байгууллагатайгаа хамтран ажиллаж байна. 


    Энэ бүхний үр дүнд өнөөдөр бичил уурхайн хамааралтай иргэд хүн ёсоор амьдарч байна. Эвдэгдэж, сүйдсэн байгаль дэлхий маань эдгэж, газрын шарх аньж байна. “Браво!”. Бидний хүссэн үр дүн энэ биш гэж үү?

 

 

БИЧИЛ УУРХАЙЧИД БИШ, өнгөт чулууны “нинжа” нар Хэнтийнхний “шүдний өвчин” 

 


    Ой, тал, хээрийн талбар болох Хэнтий аймгийн газар нутгийн 40.2 хувь нь улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай. Өөрөөр хэлбэл, нутаг дэвсгэрийн бараг тал нь тусгай хамгаалалттай боловч энэ аймагт бичил уурхайн хамааралтай найман сум бий. Хажуугаар нь хуулийн ямар ч зохицуулалтгүйгээр өнгөт чулуу түүж, газрын хөрс сүйтгэгчид олноороо бий болчихоод буй нь орон нутгийнхны хувьд “шүдний өвчин”.


    Нутгийн захиргаанаас “Ногоон хөгжилд суурилсан тогтвортой хөгжлийн бодлогын баримт бичиг”-ийг 2016 онд аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрөөс тусад нь баталжээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд Хэнтий аймагт ашигт малтмал олборлолтын тусгай зөвшөөрөл олноор өгөхөөс зайлсхийж, хариуцлагатай уул уурхайг дэмжих бодлого барьж буй. Тиймээс ШХА-ийн “Тогтвортой бичил уурхай төсөл”-тэй хамтран ажиллах гэрээгээ энэ онд сунган ажиллаж байгаа аж. Гэрээний үндсэн зорилго мэдээж, Хэнтий аймгийн хэмжээнд бичил уурхайн хамааралтай иргэдийг бүрэн албажуулж, зохион байгуулалтад оруулахад оршиж буй. Ингэснээр Хэнтийнхний хувьд өмнө нь “шүдний өвчин” байсан хувиараа ашигт малтмал олборлогч иргэд өнөөдөр БИЧИЛ УУРХАЙЧИН гэдэг нэр томъёон дор нэгдэн нийлж, баялаг бүтээгчид болон хувираад буй юм. Яагаад гэхээр тэд сум орон нутагтаа татвар төлдөг, цалингийн тогтмол орлоготойгоос гадна нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сайн үйлсийн олон арга хэмжээг зохион байгуулдаг болжээ.  

 

    Одоо Хэнтий аймгийн хэмжээнд зохион байгуулалтад оруулах шаардлагатай арав орчим нөхөрлөлийн 90 гаруй хүн бий. Нийтдээ таван суманд бичил уурхайн зориулалтаар ашиглаж буй 66,58 га бүхий 23 талбай бий. Үүнээс гадна 26 га талбай бүрэн эвдрэлд оржээ. Энэ их эвдрэл зөвхөн бичил уурхайн нөлөөгөөр үүссэн үү гэвэл бас үгүй. Батноров, Дархан суманд л гэхэд маш их хэмжээний газар /нийт 16 га/ нутаг өнгөт чулуу хууль бусаар олборлогчдын нөлөөгөөр эвдэж, сүйдээд байна. Өнгөт чулуу газрын хэвлийн ус, чийгийг брьдаг экологийн ач холбогдолтой. Гэтэл Хэнтий аймагт нийтдээ 131 га газарт хаа холын Дорноговь, Дундговь, Ховд, Өмнөговиос хүртэл бидний нэрлэж заншсанаар нинжа нар ирж суурьшжээ.

 

 


     Тэд газрыг 20 см-ээс 1,5 метр хүртэлх гүнтэйгээр харх шиг ухаж сэндийчдэг байна. Сум орон нутгаас хяналт шалгалт очихоор данхар жийпэнд суугаад зугатааж одно. Хуулийн хариуцлага хүлээлгэе гэхээр Зөрчлийн хуулийн дагуу 200 мянга, Газрын хэвлийн тухай хуулиар 50 мянган төгрөгөөр торгох заалттай. Энэ мөнгө өнгөт чулуу түүж олдог ашгийн хажууд юу ч биш учир хууль зөрчигчид нь “Торгуулиа төлчихсөн юм чинь одоо явчихаж болно биз дээ?” гэж цагдаа нараа тавлах нь энүүхэнд.


     Шинэ цагийн нинжа нар гэж хэлж болох эдгээр хүмүүсийг бичил уурхайчдын жишгээр зохицуулалтад оруулъя гэхээр бас учир дутагдалтай аж. Яагаад гэхээр өнгөт чулуу түгээмэл тархацтай учир малын бэлчээрийг маш хурдацтайгаар устгах аюултай. 


     Үүнийг таслан зогсоож, газар нутгаа хамгаалахад шаардлагатай хуулийн зохицуулалтыг яаралтай бий болгож өгөхийг орон нутгийнхнан, тэр дундаа малчдын зүгээс шийдвэр гаргагчдад уламжлаад буй ч одоогоор авсан арга хэмжээ байхгүй байна. 

 

 

Бэрхийн уурхайн БЭРХШЭЭЛ

 

    Хэнтий аймгийн Бэрх тосгон дахь уурхайчдын үр сад, “Гурван бухтын толгод” ТББ-ын гишүүдийн үйл ажиллагаатай бид хамгийн анх танилцсан юм. Тэд бичил уурхайгаар ашигт малтмал олборлолтыг зохицуулсан Засгийн газрын 151 дүгээр тогтоолын дагуу албажиж, бүртгэлд орсон 20 нөхөрлөл энэхүү ТББ-д харьяалагддаг аж. Нэг нөхөрлөл ес хүртэлх гишүүнтэй. 

 


    Цагтаа улсын төсвийн 30 хувь, жоншны экспортын 75 хувийг бүрдүүлж байсан Бэрхийн жоншны уурхайн суурийг анх 1954 онд тавьснаар анхны гүний уурхай бий болж байсан түүхтэй. Монгол, Оросын найрамдлын хүрээнд байгуулсан “Монголросцветмет” нэгдлийн олборлолт хийж байсан жоншны уурхай.


    Тухайн үед ажиллаж байсан уурхайчдын үр хойч голдуу амьдардаг, уурхай дагасан энэ суурингийн нийт 835 өрхийн 2500 иргэд өнөөдөр амьжиргаагаа эндээс голлон залгуулж байна. Тэд Засаг даргатайгаа хоёрлосон гэрээ байгуулан хамтарч ажилладаг. Сумын захиргаанаас тэдэнд уурхайд мэргэлжийн компаниар тэсэлгээ хийлгэх, эксковатораар ухах боломжийг бүрдүүлж өгсөн байна. 


     Эндхийн нөхөрлөлүүд хэдийгээр 1994 оноос эхлэн нөхөрлөлийн зарчмаар ажиллаж эхэлсэн ч тэр нь цагдаа, нутгийн удирдлагуудын хараа хяналтаас нуугдан байж хувиараа жонш олборлохоос хэтэрдэггүй байв. Харин Бичил уурхайн олборлолтын чиглэлээр Засгийн газраас 2010 онд баталсан 308 дугаар  тогтоол болон үүнийг илүү сайжруулан өнгөрсөн 2017 оны тавдугаар сард баталсан 151 дүгээр тогтоолын дагуу өдгөө тэд албан ёсны эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал гэх мэт нийгмийн үйлчилгээг хүртэж буй. Өөрөөр хэлбэл, тэд хүнийхээ хувьд наад захын хэрэгцээгээр хангагдаж, эрхээ эдэлж эхэлжээ. Бас албажуулалтын хүрээнд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаагаа шинэ түвшинд гаргаж чадсан байна. 151-р журамын дагуу бичил уурхайчдад бий болсон бас нэгэн давуу тал бол хөдөлмөр, цагийг хөнгөвчилсөн, тодорхой хэмжээний машин техник хэрэглэх боломжтой болсон явдал. 


    Бэрхийн уурхайн жоншны агуулга хамгийн өндөр буюу 92 хүртэлх хувь. Борлуултын үнэ нэг тонн нь 120.000- 250.000. Дэлхийн зах зээлд өнөөдөр нэг тонн жоншны өртөг 800.000 төгрөг хүрч буй. 


    Хэрэв жоншыг гурил шиг нарийн ширхэгтэй болтол нь нунтаглаж баяжуулдаг цех байгуулчихвал эдийн засгийн үр ашиг нь 40-60 хувиар дээшлэх боломжтой аж. Яагаад гэхээр, агуулга багатай жоншыг борлуулахад тээврийн зам хол /Бор-Өндөр сум/ учир  зардал өндөр гардаг байна. Тэгэхээр, Бэрхэд ийм цех байгуулъя гэвэл ойролцоогоор 200 сая төгрөг хэрэгтэй гэнэ. 

 

 


    Ажиллах нөхцлийн хувьд Бэрхийн уурхай нэр шигээ бэрх газар санагдсан. Яагаад гэхээр газрын гүн рүү ойролцоогоор 400 метр яваад гүний усан тогтоц бий болчихдог. Усаар халхлагдсан энэ их баялгийнхаа ашиг шимийг хүртмээр байвч яаж гэдэг нь одоогоор тодорхойгүй л байна. Нөхөрлөлийн гишүүд ус соруулагч хуучин цамхагаа засч, ашиглалтад оруулахыг оролдож байгаа ч тэр нь үр дүнгээ өгөх эсэх нь бас л тодорхой биш. Үүнээс гадна гүний усыг зайлуулъя гэхээр Усны тухай хуулийн дагуу тоолуур тавих шаардлагатай болдог. Үүнээс үүдэлтэй зардал нь орлогоосоо давчихна. 


    Хүчин мөхөсдөж, бэнчин нь дутаж байгаа энэ асуудлыг шийдвэр гаргах түвшнийхэнд дуулгаж өгөхийг Бэрхийн бичил уурхайчид биднээс аминчлан, ахин дахин хүсч байлаа. Уг нь энэ усны асуудлыг шийдчихвэл 92 хүртлэх хувийн агууламжтай жоншны 5-6 жилийн нөөц энд бий гэнэ. 

 

 

 

    Г.ТАЙВАНЖАРГАЛ: Бичил уурхайчид маань амьдрах АРГАА ӨӨРЧЛӨХ шаардлагатай


    Норовлин дахь алтны шороон ордоос олборлолт хийж буй бичил уурхайчдын суурьшлын бүсэд саатахын өмнө биднийг Батноров сумын Засаг дарга Г.Тайванжаргал хүлээн авч мэдээлэл өгсөн билээ.

 

 

 

    Тэрээр, “Засгийн газрын шинэчилсэн 151 дүгээр журмыг өмнөх 308 дугаар журамтай харьцуулбал олон давуу тал бий болсон. Бичил уурхайчдыг албажуулан хариуцлагын тогтолцоо болон, тэдний ажиллах таатай нөхцлийг бий болгосон гээд тоочоод байвал олон зүйл бий. Бичил уурхайчид маань болзошгүй гамшгийн үед хэрхэхээ мэддэг болсон нь маш чухал. 


    Бичил уурхайчин нэг хүн сар бүр орон нутагтаа 262 мянган төгрөгийн татвар төлдөг. Батноровт үйл ажиллагаа явуулж буй дөрвөн нөхөрлөлөөс энэ мөнгө орон нутагт төвлөрдөг гэсэн үг. Тэдгээр нөхөрлөлүүд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сайн үйлсийн ажлуудыг мөн зохион байгуулж байна” гэлээ. 


    Бичил уурхайн салбарт хэрэгжүүлж буй бодлого сайжирсан ч дутагдалтай, бэрхшээлтэй тал ч байна гэж тэрээр мөн ярьсан юм. Тухайлбал, бичил уурхайгаар олборлох газрын зөвшөөрлийг аймгийн ИТХ-аар шийддэг болсон. Тэрхүү хурал нь жилдээ хоёр удаа л болдог. Бас нэг бэрхшээл нь газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд газар авсан л бол дахиад газар авах эрхийг нь таван жилээр хаачихдаг. Гэтэл зарим газар нарийхан судал явж байгаад дуусчихдаг, өөрөөр хэлбэл ашигт малтмалын нөөцгүй газар байх нь олонтаа гэнэ. 

 

 

Бичил уурхайн талбайгаас БИЗНЕСИЙН ТАЛБАР РУУ


     Сумын нутаг дэвсгэрт газрын баялгийн нөөц багассан учир энэ хүмүүсийг эдийн засгийн өөр эх сурвалжтай болгох шаардлага тулгараад байна. Өөрөөр хэлбэл, тэд маань амьдрах аргаа өөрчлөх шаардлагатай” хэмээн ярив. 


    Тиймээс иргэдийнхээ ажил хэрэгч санаачлагуудыг аль болох дэмжих бодлогыг Батноров сумын удирдлагууд барьж буй аж. 


    Засаг дарга Г.Тайванжаргалын хэлснээр амьдрах аргаа өөрчилсөн хэд, хэдэн бичил уурхайчин Батноровт бий аж. Тухайлбал, Бэрх тосгоны иргэн Ж.Баярмаа бичил уурхайгаас хоёр дахь ажлын байраа бий болгож, гутлын цех ажиллуулж эхэлсэн байна.

 

    Дэлгүүр ажиллуулж, түүнийгээ улам өргөтгөсөөр нэмээд цайны газартай болсон хүн ч байна. Бас хөрөө рам ажиллуулж, дугуй засвар, блокны үйлдвэрлэл ажиллуулж амьдралаа залгуулж яваа хүн Батноров суманд бий. 

 


    Хамгийн сонирхолтой нэгэн жишээг нь энд товчхон өгүүлье. Энэ бол хаа холын Ховд аймгийн Буянт сумаас “Хэнтийд жонш гэж юм гарч гэнэ. Хүмүүс тэрийг ухаж мөнгө их олж байна гэнэ” гэдэг үгийг танихгүй хүний амнаас сонсоод л огт мэдэхгүй Батноров гэх  сум руу замын унаанд сууж ирээд суурьшсан Х.Дөкөөн гэх залуугийн түүх. Тэр анх 2011 онд Батноровт иржээ. Бичил уурхайчны амьдралаар хэсэг замнасны дараа өөрийн гээн трактортой болов. 


    Ингээд Батноров сумын Сум хөгжлийн сангаасаа дэмжлэг хүссэнийг нь дэмжиж түүнд зургаан сая төгрөгийн зээлийг, гурван га бүхий газартай шийдэж өгч. Ингээд Х.Дөкөөн хангай нутгийнхаа шийгуа, амтат гуаг хээрийн хөрсөнд тарьсан нь амжилт олж, 70 тонн шийгуа хураажээ. Дараа жил нь тэрээр нэмж таван га газар хүссэнийг сумаас нь дэмжээд зогсохгүй тариалалтын талбайнх нь дэргэд усан сан байгуулж өгсөн байна. Одоо Дөкөөн сумынхаа төдийгүй аймгийнхаа жимс, ногооны хэрэглээг хангаж буй. Батноров сумын бага ангийн сурагчид үдийн цайндаа Х.Дөкөөний тарьсан амтат гуа, тарвасыг амтархан иддэг гэнэ лээ. Сэтгүүлч миний бие түүнтэй биечлэн уулзахаар тариалалтын талбай руу нь очсон боловч эзгүй байв. Тэр аймагтаа мөн ногоо тарихаар хүсэлт тавьж, газрынхаа асуудлыг шийдүүлчихсэн гэнэ. Тэгээд Батноров дахь талбайгаа дүүдээ хариуцуулж үлдээгээд өөрөө аймгийн төвийг зорьсон нь энэ аж.

 

 

    Аймгийн төвөөс түүнийг дэмжиж худалдааны төвийн лангууг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр түрээслүүлж байгаа гэсэн. Хөдөлмөрлөж, сэтгэж чадаж байгаа хүнд боломжийг нь олгож чадаж байгаа Хэнтий нутгийнхны нэгэн жишээ энэ. Бас бичил уурхайн талбайгаас бизнесийн талбар руу шилжсэн шилдэг жишээ. 

 

 

Тэдэнд АЙДАС ҮЛДСЭНГҮЙ


    Хэнтий аймгийн Норовлин сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Хамтын хүч” ТББ-ын суурьшлын бүсэд биднийг очих үед ажлаа дуусгаж, олборлолтын талбайгаасаа ирээд удаагүй байсан бичил уурхайчид биднийг хүндэтгэлтэйгээр угтан авлаа. Иж бүрэн, хамгаалалтын хувцастай тэднийг харахад томоохон уурхайн ажилчдаас ялгарах зүйл алга.

 

 

     Суурьшлын бүс эмх цэгтцэй, цэвэрхэн. Бичил уурхайчдын гэрүүдээс гадна, нарнаас хамгаалах саравч, хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлгийн шонгууд, дугуй засварын жижигхэн байшин, хөдөлмөр хамгааллын хэрэгслийн самбар зэрэг зүйлс хашаан дотор харагдана. Олборлолтын улиралдаа бичил уурхайчид гэр бүлийнхэнтэйгээ ирж эндээ суурьшдаг байна. “Соосогны арми”-ийнхан буюу бага насны хүүхдүүдтэйгээ байдаг учир сумын захиргаанаас тэдэнд зориулж гэр цэцэрлэгийг тодорхой хугацаанд ажиллуулдаг аж. 


    Хашааны гадна хэсэгт ажлын талбайд ашигладаг бага оврын ачааны машинууд эгнэж харагдлаа. Оройн хоолоо идсэний дараа тэд бидэнд нөхөрлөлийнхөө үйл ажиллагааг товч танилцуулчихаад амрахаар гэр гэртээ орцгоолоо. Энэ суурьшлын бүсээс хааш, хаашаа 50 км дотор архи, согтууруулах ундаа хэрэглэх нь хатуу хориотой...

 


    Өглөө 8:00 цагт тэд ажилдаа явдаг аж. Ажилд гарахынх нь өмнө ТББ-ын тэргүүн С.Мөнхсарнай тэдэнд аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгснөөр, бичил уурхайчид хашааны гаднах жижиг оврын ачааны машинуудад хуваагдан сууж олборлолтын талбай руугаа цуваагаар явав. 

 


      “Хамтын хүч” ТББ-ын нөхөрлөлүүд алтны шороон ордоос олборлолт хийдэг. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын “А” лицензтэй аж ахуйн нэгжийн олборлолтоос үлдсэн, тэдний ашиглахаа больсон талбайд ажилладаг гэсэн үг. Ингэхийн тулд тэд Засгийн газрын 151 дүгээр журмын дагуу орон нутгийн удирдлага болон “А” лицензтэй аж ахуйн нэгжтэй гурвалсан гэрээ байгуулдаг. Гэрээний гол заалт нь эдгээр талбайг ашиглаж дууссаныхаа дараа нөхөн сэргээлт хийх тухай байдаг аж.

 

 

Батноров сумын нутагт нинжа, ХАМО нарын үлдээсэн есөн жилийн ул мөр бүхий 35 га газар байсны хоёр га-д өөрсдийн зардлаар 6,5 га талбайд Азийн сангийн зардлаар энэ нөхөрлөлийнхөн техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хийжээ. Энэ бол тэдний нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийсэн ажил юм. 


    “Хамтын хүч”-ийнхэн нийтдээ дөрвөн га талбайд олборлолт хийж буй. Анх 2014 онд байгуулагдсанаасаа хойш 2017 оны байдлаар 800 грам алт тушаажээ. 


     Нэг өрх сардаа 500.000-600.000 төгрөгийн орлоготой. Нийгмийн даатгалын шимтгэл, Хүн амын орлогын албан татварт жилд нийтдээ арван сая төгрөг төлдөг байна. 


    “Өмнө нь бид ганц, нэгээрээ айдас дунд ажиллаж байлаа. Өдөр бүр “Хэзээ, хэн, хаанаас гарч ирээд барьж, хорих бол” гэсэн түгшүүртэй амьдарч байлаа. Цагдаагийн машин хараад л гал дээр тавьсан хоолоо хаяад зугатдаг байсан. Өөрийгөө хүний төрөлтөн гэдгийг ч мартах шахаж байсан үе бий. Тэр үетэй харьцуулах юм бол бид өнөөдөр зорилготой, алсын хараатай, нутаг орноо гэсэн сэтгэлтэй, бас өөрсдийн гэсэн баялагтай болчихоод байна” хэмээн бичил уурхайчид ярьж байна. 


    Хамгийн гол нь энэ хавийн малчид сэтгэл амгалан амьдарч эхэлсэн байна. Аль аймгийн хэн нь ч мэдэгдэхгүй хүмүүс ирээд хаалгыг нь гаднаас нь дарж байгаад хоттой хониноос нь аваад явчихдаг байсан цөвүүн цагийн хохирогчид малчид байв. Алга болсон малаа хайгаад, нинжа нарын газар доор үүсгэсэн аварга нүхнүүдийг шагайгаад л явж байсан үе ард нь хоцорчээ. 
Тэдэнд айдас үлдсэнгүй... 

 

     “Хамтын хүч” ТББ-ынхан олборлолтын талбайгаас алтыг гар аргаар угааж авдаг. 

 


    “А” лицензтэй компанийн алт олборлолтын үед газрын гүнээс шүүрч гарсан усыг дахин ашиглах замаар алт угааж буй нь. 

 

    "А" лицензтэй компанийн ашиглаж байсан уурхайн гүнээс шүүрч гарсан усыг гар аргаар алт угаахдаа ашиглаж байна. 

    

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

Зочин /93.66.204.167/

2018-10-24 07:48

ULAN BATOR миний хүмүүс Агвакерын зээлийн компанийг үүсгэн байгуулсан бодит болон жирийн зээлийн компаний орон сууцыг худалдаж авахын тулд зээл авах талаархи нотолгоо. Би өнөөдөр сайхан амраарай. , Миний нэрийг Абдуллах гэдэг бол би Рияд хотоос ирсэн. Өнгөрсөн 5 сарын туршид жинхэнэ зээлийн компанийг хайж, байшин худалдаж авлаа Надад бүгдэд нь итгэж, эцэст нь надад итгэдэг байсан зальтай хүмүүс байсан Өдөржингөө, надад мөнгө өгөхгүй, бүгдийг нь өглөө миний итгэл найдвар алдагдсан, би гомдоллож, бухимддаг, би интернетэд зээл авч байсан компаниудтай ямар нэгэн зүйл хийхийг хүсдэггүй байсан учраас би мөнгө зээлж авсан Найз минь, би түүнд тохиолдсон бүгдийг хэлсэн, тэр надад тусалж чадна гэж хэлсэн Тэрбээр зээл авахад надад тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүний түвшин 2%, тэр саяхан авсан Тэднээс зээл авсан, тэр зээлээ хэрхэн авахыг надад зааварласан Тэр надад хэлсэнчлэн, би тэдэнтэй хамт И-мэйлээр өргөсөн: (albakerloanfirm@gmail.com) Би хэзээ ч итгэхгүй байсан ч би оролдож, 24 цагийн дотор зээл авсан нь миний хамгийн том гайхшрал байлаа. Би дахин аз жаргалтай, баян болсон бөгөөд энэ зээлийг Бурханд талархаж байна Иймэрхүү компаниудад энэ бүх залилангууд дээр байгаа хэвээр байгаа, Зээл авахад [хориотой үг]рдлагатай бүх хүмүүст зөвлөгөө өгнө үү (albakerloanfirm@gmail.com) тэд хэзээ ч танд алдагдахгүй болно таны амьдрал минийх шиг өөрчлөгдөнө. Өнөөдөр та бүхэнтэй (Albakerloanfirm@gmail.com) утсаар холбоо барьж, зээлээ аваарай.  Альберкерийн зээлийн компанид зээл авахад нь туслаарай. Учир нь би энэ компанийг зээлдүүлэхгүйгээр амжилттай зээлээр авсан.

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.