Монгол Улс ОХУ-аар дамжин өнгөрөх нүүрсний тээвэрлэлтэд 25 жилийн турш ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭНЭ

2018-06-08 15:58

   “Монгол-Оросын санаачилга-2018” цогц арга хэмжээний хүрээнд олон гэрээ хэлэлцээрийг хоёр тал байгуулж  байна. 


   Тэдгээрийн дундаас Монгол улсын эдийн засагт ихээхэн нөлөө үзүүлэх хэлэлцээрт өнөөдөр талууд гарын үсэг зурсан юм. Тодруулбал, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, ОХУ-ын Тээврийн сайд Дитрих Е.И. нар Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өнөөдөр буюу зургаадугаар сарын наймны өдөр гарын үсэг зурлаа.


   Энэ хэлэлцээрийг байгуулахын тулд манай улсын Засгийн газар ОХУ-тай есөн жил яриа хэлэлцээр хийсний дүнд ийнхүү Монгол, Оросын нутгаар төмөр замын ачаа дамжуулан тээвэрлэх нөхцөлийн талаар тохирсон хэлэлцээрийг байгуулж байна.


  Тус хэлэлцээр нь Талууд дотоодын ажиллагааг гүйцэлдүүлсэн тухай бичгээр үйлдсэн сүүлчийн мэдэгдлийг дипломат шугамаар хүлээн авсан өдрөөс хүчин төгөлдөр болох юм.


   Хэлэлцээрийн төсөл найман зүйлтэй ба 25 жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөхөөр заасан. Хэлэлцээрт дараах зорилтыг хангасан нөхцөлүүдийг тусгажээ.


- хоёр улсын нутаг дэвсгэрээр төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрт тарифын уян хатан бодлого хэрэгжүүлэх;


- төмөр замын ачаа тээвэрт бусад чиглэлүүдтэй харьцуулахад өрсөлдөхүйц тарифын нөхцөлийг урт хугацаанд хангах;


- төмөр замаар тээвэрлэж буй ачааг улсын хилээр нэвтрүүлэх ажиллагааг хөнгөвчлөх нөхцөлийг бүрдүүлэх;


- хоёр улсын төмөр замын ачаа тээврийн өсөлтийг хөхиүлэн дэмжих;
ачаа тээврийн өсөлтийн эрчим болон төмөр замын тээврийн суурь бүтцийн хөгжил харилцан уялдааг хангах;


- Монгол Улсын экспортлогчдод далайд саадгүй гарах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг болно.


  Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар  Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүнийг ОХУ-аар дамжуулан гуравдагч зах зээлд гаргах тохиолдолд ОХУ-ын нутгаар дамжуулан тээвэрлэх төмөр замын тээвэрлэлтэд 25 жилийн хугацаанд тогтвортой тарифын хөнгөлөлт эдэлнэ. Монгол Улс ОХУ-аас дамжин өнгөрөх нүүрсний тээвэрт Нэгдсэн нэвтрэх тарифаас 66.4%, чингэлэг тээвэрт 52%-ийн хөнгөлөлт эдлэх юм байна. 


  Түүнчлэн дамжин өнгөрөх ачаа тээврийн чиглэлийн тарифын түвшинг бусад чиглэл дэх тарифын түвшин эрс өөрчлөгдсөн тохиолдолд тухайн тарифтай өрсөлдөхүйц байдлаар тохиролцох боломжтой гэнэ.


  Нүүрс болон чингэлэг тээвэрлэлтэд олгож буй одоогийн хөнгөлөлтийн тухайд, дамжин өнгөрөх нүүрсний тээвэрт ННТ-ын дагуу суурь тарифаас 32 хувиас багагүй хөнгөлөлт олгох үүрэгтэй бөгөөд “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий хорооноос тус ачаанд 2018 онд 58 хувийн хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргаж байв. 

 

 


 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.