С.Мөнхсарнай: Сумын эмнэлэг хүртэл эмч нараа АЛТ УХУУЛАХААР явуулдаг байлаа

2018-06-15 18:17

 


    Ажилгүйдэл, ядуурал хоёр ихэнхдээ ёс суртахууныг баллуурдаж орхидог аж. Ялангуяа, төрийн чиглүүлэх үүрэг алдагдсан газарт. Байгалийн баялгийг эрхзүйн ямар ч зохицуулалтгүйгээр ухаж, төнхөж байсан, энх цагийн дайны талбарын эзэд буюу “нинжа” нарын туулж ирсэн амьдрал үүний нэг тод жишээ билээ. 
     Хоногийн орлогоос өөрийг бодох сөхөөгүй, зорилгогүй зовлонт амьдралд хөл тавьснаа өөрөө ч анзаарахаа больсон олон мянган иргэн 2000 оны үеэс монголд анх бий болж байв. Хаана баялаг байна, тэнд хүрз жоотуугаа агсан очиж, хэнээс ч хамаарал, харьяалалгүйгээр ухаж төнхөж эхэлсэн тэр үе. Үүнтэй зэрэгцээд бид газар доорхи баялгаас ч илүү нэгэн зүйлээ алдаж эхэлсэн нь нийгмийн хамгийн үнэт баялаг болох ХҮН, түүний УХАМСАР хоёр байв.
     Энэ тухай олныг эс нуршиж, Монголын Төр хэний тусламж, дэмжлэгтэйгээр энэ нөхцөл байдлыг амжилттайгаар даван туулж чадсаныг энэхүү ярилцлагад өгүүлэх болно. 

Бичил уурхайчны ӨЧИГДӨР, ӨНӨӨДӨР


      Бидэнтэй ярилцагч эмэгтэй С.Мөнхсарнай бол Хэнтий аймгийн Норовлин сумын нутагт алтны бичил уурхайн үйл ажиллагаа явуулж буй “Хамтын хүч” ТББ-ын тэргүүн. Манай сурвалжлах багийнхан “Хамтын хүч” ТББ-ын суурьшлын бүсэд зочилсноо энд дуулгахад таатай байна. Өдгөө БИЧИЛ УУРХАЙЧИН гэдэг нэрийн дор нэгдсэн зохион байгуулалтад орсон олон ТББ-ын нэг нь эднийх. Суурьшлын бүсийг нь зүйрлэж хэлбэл жуулчны бааз шиг аж. Нийт 22 өрх тус бүр гэртэй, эргэн тойрондоо гэрэлтүүлэг, сүүдрэвч, хүүхдийн тоглоомын талбай, бие засах газар гээд хашаан дотор хүнд хэрэгцээтэй бүхэн эмх цэгцтэй оршино. Харин хашааны гадна хэсэгт автомашины зогсоолтой.
     Тэд хэрхэн амьдарч буйг, бас ямархан амьдралыг туулж энд ирснийг тус ТББ-ын тэргүүн С.Мөнхсарнайн ярьснаар уншигчидтайгаа хуваалцъя. 



 

     ESA— Швейцарийн хөгжлийн агентлаг /ШХА/ 2005 оноос хойш Монголд хэрэгжүүлж эхэлсэн  “Тогтвортой бичил уурхай” төслийнхөө хүрээнд “Нинжа”, “ХАМО” /хувиараа ашигт малтмал олборлогч/ гэдэг нэр томъёонуудыг халсан. Өөрчлөлт зөвхөн нэр томъёоны хувьд байсангүй. Одоо та бүхэн нэгдсэн зохион байгуулалтад орчихсон байна. Тогтсон ажил, хоол, амралтын цагтай, тодорхой хэм хэмжээнд баригддаг болжээ.  Ийм байгаагүй тэр үеийн дүр зургийг одоо нэхэн санавал?


    — Тэр үед бид өглөө, орой, өдөр, шөнө гэж ялгахгүйгээр хулгайгаар ажиллаж байлаа. Тэгээд хаана, хэзээ амь нас нь эрсдэлд орохыг ч мэдэхгүй, дор дороо амиа бодоод л явдаг байсан. Машинаар гэр хийж, газан плитканд хоолоо хийж идчихээд л явж байдаг байлаа.  Тэгээд л хөөлгө, туулга ирлээ гэвэл плиткан дээр тавьсан хоолоо тэр чигээр нь хачихаад л зугатадаг байсан. Орон нутгийн удирдлагууд, нэг бол цагдаагийн алба хаагчдаас зугатсан, оргож бусгасан амьдрал дунд л байлаа шүү дээ. 


    Харин одоо тийм биш болсныг та харж байна. Энд байгаа бүх хүн гэр бүл, хамт олныхоо төлөө ажиллаж байна. Тогтсон цагтай,  хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ягштал мөрдөж байна. Хамгийн гол нь  хүний амь нас, эрүүл мэнд ямар бидний өнөөдөр олж байгаа байгалийн баялаг, мөнгөнөөс илүү чухал гэдгийг ойлгосон.

 


    
    ESA— Тэр үеийн зорилгыг одоогийнхтой харьцуулбал ямар байна?


    — Тэр үед хүн олсон мөнгөө тэр дор нь ууж, идээд архидаж дуусгачихдаг байсан. Яагаад гэхээр, дийлэнх нь “Дахиад олчих юм чинь” гэсэн бодолтой. Өөрөөр хэлбэл холын зорилгогүй байсан. Одоо бол олж байгаа мөнгөө амьдралдаа хэрхэн ашигтай байлгах юм, байгалийн баялаг маань дуусчихвал цаашид амьдралаа хэрхэн залгуулах юм гэдгээ тооцоолж олсон орлогоо зарцуулж байна. Өшөө дээрээс нь өрх бүр хуримтлал үүсгэж эхэлсэн шүү.


    ESA— Одоо та бүхэнд айдас байвал тэр нь ямар айдас байна вэ?


   — Бидэнд айдас алга аа. Бүх үйл ажиллагаа маань хуулийн дагуу учраас тэр. Өмнө нь бид чинь аягатай цайгаа ч тайван ууж чаддаггүй байлаа шүү дээ. Бүгдээрээ л тийм байлаа.


    Яагаад гэхээр хууль зөрчиж байгаа учраас. Хулгайч маягаар л амьдардаг байлаа. Хэзээ, хаана явж байгаад онхолдож эрсдэхээ ч мэдэгдэхгүй зугатадаг байсан. 
     Юун тэр байгаль орчин эвдэж сүйдэж байгаа талаар бодох,  өөрийнхөөө амь насыг ч үл хайхраад л зугатдаг байлаа. Хөөлгийн үеэр өчнөөн хүний амь нас эрсдэж байсан. Хөдөөгийн малчид буюу нутгийн иргэдэд үүнийг дагаад ямар их хор уршиг гардаг байсан гэж санана. Малын хулгай, архидалт, мөрийтэй тоглоом ямар ч зохион байгуулалт, зохицуулалтгүйгээр энд дэлгэрсэн байлаа. 

 

 


     ESA— Хэрэв өнөөдрийг хүртэл тэр нөхцөл байдлаараа үргэлжилсэн бол юу болчихсон байх байсан бол, таньд төсөөлөл байна уу?
    — Нинжа нарын үйл ажиллага богино хугацаанд маш өргөн газар нутгийг хамардаг. Газар нутгаа эвдээд зогсохгүй хүн өөрийнхөө хувьд ч гэсэн асар их эвдэрч байсан. Олсноо хүртэл зөв зарцуулчихдаггүй байлаа. Мэдээж, тэнд эхнэр хүүхдээ дагуулаад ирэх нөхцөл нь байгаагүй. Нэг өрхийн тэргүүн ганцаараа ирээд мөнгө олдог, тэрийгээ тэр дор нь ууж иднэ, мөрийтэй тоглоод алдана. Үүнээсээболоод эргээд гэртээ харьж ч чадахгүй, больж ч чадахгүй, өр ширэнд ороод л байж байдаг. Иймэрхүү дүр зураг манай сум орон нутагт 5-6 жилийн турш үргэлжилсэн. 
    Тэгэд тэнд сум орон нутгийн иргэд маш цөөхөн. Дийлэнх нь энд тэндээс, бусад аймгаас ирсэн байлаа. Тэд хэзээ ч  нутаг орон сүйдэж байна шүү гэдэг талаас нь хардаггүй юм билээ. Ухаж байсан газраа тэр чигээр нь хаяж ойролцоох нуур цөөрөм ширгээгээд л, хаа байгаа газартаа очиж шороогоо угаадаг байлаа. 
     Ингээд зогсохгүй, айлын малыг хулгай хийдэг, архи дарс авчирч зардаг гээд эсэн бусын гэмт хэрэг, зөрчил эндээс гардаг байв. 
    Норовлин сумын нутагт нийтдээ 35 га талбай энэхүү хууль бус олборлолтын уршгаар эвдэж сүйдсэн байсан. Том хэмжээний маш олон шрувэн нүх газарт бий болж, тэнд нь  мал олноороо орж үхнэ. Мал нь алга болчихсон малчид тэдгээрийг шагайж, самардаад л, нүх нүхээр орж гараад л явж байдаг байсан. 
    Одоо бол ганц ч онгорхой нүх үлдээгүй, бичил уурхайчид үүнийг хариуцлагатайгаар нөхөн сэргээсэн. Эргээд үүнийг хөндүүлэхгүй байх үүргийг манай ТББ-ынхан орон нутагтай байгуулсан гэрээний хүрээнд хүлээж байдаг. Хариуцлагатай бичил уурхайг дэмжсэнээр  малчид маань ч  илүү амар амгалан амьдрах орчин нь бүрдэж ирсэн шүү. 

     Бас нэг чухал зүйл нь манай байгууллагын гишүүд ч амьдралаа залгуулах илүү олон гарц гаргалгааг олж харж байна. Эндээс амьдралынхаа хоёр дахь эс үүсвэрийг бий болгох гээд бид мал аж ахуй болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх санаачлага гарч байгаа. 

 


    ESA—  Танд өөрт чинь ямар зорилго байна?


    — Бид үргэлж байгалийнхаа баялгийг ухаж төнхөж амьдрахгүй. Манай ТББ-д харьяалагддаг 22 өрх айлын амьдралыг тус тусад нь тодорхой хэмжээний эх үүсвэртэй болгож баталгаатай болгоод, оюутан хүүхдүүдийг нь сургуулийг нь амжилттай төгсгөх нөхцөл бололцоогоор хангачихвал л болж байна даа. Манайх анх дөрвөн жилийн өмнө 40 гишүүнтэй байгуулагдаж байсан бол одоо 45 гишүүнтэй болсон байна. Яагаад олон хүн нэмээгүй вэ гэхээр,  суманд ажилгүйдэл ийм цөөхөн байна уу гэвэл үгүй. Энэ бол хүн дурлаад байх ажил биш, хүнд хүчир ажил. Гэр бүлээрээ, хүүхдээ дагуулаад амьдралынхаа төлөө энэ ажлыг зориод ирэх, эндээс хоёр дахь ажлын байраа бий болгоод явах чадвартай нь  л энд бий. Түүнээс биш сум орон нутагт ажилгүйдэл их байгаа. Тэднээс хуулийн хүрээнд амьдралынхаа төлөө тэмцэлтэй, амьдралаа өөрчлөх, ажил хийх сонирхолтой нь л өнөөдөр энд ирж бидэнтэй нэгдэж ажиллаж байна. 


    ESA— Нөхөрлөлийн гишүүдээс санхүүгийнхээ дараагийн эхлэлийг тавьсан хэчнээн хүн байна?


    — Зургаан айл нэг их биш ч гэсэн тодорхой тооны малтай болоод тэрийгээ өсгөж үржүүлээд байна. Хашаа саравч, өвөлжөө, хаваржаатай. Өөрөөр хэлбэл, “А” данстай болоод энд ажил дуусахад малаа маллачихдаг, цөөн тооны малтай учраас малаа харангаа ажлаа хийчихдэг хүмүүс байна. Бас нэг айл дэлгүүр ажиллуулах гээд байшингаа барьчихаад дотор талыг нь тохижуулж байна. Удахгүй сумандаа дэлгүүрээ нээнэ. Энэ мэтчилэнгээр манайд 7-8 айл дараагийн орлогынхоо үндэс суурийг тавиад явж байна. 
    Тухайн хүн өөрөө “Би юу хийж чадах вэ”, “Надад ямар ажил илүү тохирох юм?”, “Би яавал амьдралаа залгуулаад аваад явах чадвартай юм” гэдгээ мэдээд, дотроо дүгнэлт хийж байгаа. Түүнчлэн “Бизнесээ эхэл, бизнесээ хөгжүүл” сургалтыг өнгөрсөн жил ШХА-ийн Тогтвортой бичил уурхай төслөөс Олон улсын хөдөлмөрийн байгууллагаар дамжуулан бидний дунд явуулсан. Энэ сургалтаар мөн хэрэгтэй шинэ санааг олж авсан. 

 

    ESA— Энд ажиллаж байгаа хүмүүс амралт, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?    


    — Бид долоо хоногт нэг өдөр амардаг.  Хэдийгээр бид өнөөдөр ажилласан хэрээрээ орлоготой байдаг ч гэсэн энд тодорхой хэмжээний амралт, үр хүүхэдтэйгээ өнгөрүүлдэг, гэр бүлдээ зарцуулдаг цаг байх ёстой. Тийм болохоор долоо хоногт нэг удаа амраад урлаг, соёлын арга хэмжээ болон спортын тэмцээн зохион байгуулна. Нэг бол караокедно, нэг бол сайхан хурал цуглаан хийж, сургалт зохион байгуулах гэхээр аль болох долоо хоногийн нэг өдрийг үр дүнтэй өнгөрүүлдэг. 


    ESA— Хоол хүнсээ наашаа хэрхэн зөөж авчирдаг вэ?


   — Нөхөрлөл болгон өөрсдөө сумын төв рүүгээ явж авчирдаг. Бидний хэрэглэж байгаа энэ хоол хүнс, түлш, тос гээд бүх зүйлийг сумаас худалдаж авдаг. 


    ESA— Сумандаа орлого оруулж байгаа нэлээд хэсгийг та бүхэн бүрдүүлж байгаа байх?


   — Илүү ойрчлоод авах боломж байдаг ч гэсэн бид сумынхаа ШТС-аас шатахуун, түлшээ худалдаж авдаг. Хоол хүнсээ сумынхаа дэлгүүртэй гэрээлээд авчихдаг. 


    ESA—  Суманд хэн, хэн ажлын байртай байна вэ?


    — Төсвийн ажилчид, банкууд, 3-4 ажилтантай 2-3 аж ахуйн нэгж байна. 

 

 

 

 

     ESA— Та өөрөө ямар мэргэжилтэй хүн бэ. Бичил уурхай руу орсон түүхээсээ хуваалцаач?


    — Би бүрэн дунд боловсролтой, Норовлин сумынхаа төвд өссөн хүн. Бичил уурхай эрхлээд яг арван жил болж байна. 
Бичил уурхай руу орсон хүн болгоны амьдралын замнал хоорондоо ижил төстэй байдаг л даа. 
    Би 10 жилийн сургуулиа төгсөөд суманд хийх ажилгүй, маллах мал ч үгүй байсан учир хот руу явж ажил хийсэн юм. Хотод нарийн боовны цехэд гурван жил хэртэй ажиллаж байтал дүү нар маань ч дунд сургуулиа төгсч, оюутан болж ирсэн. Би ажил хийж тэднийхээ төлбөрийг төлдөг байлаа. 
     Гэтэл хотод ажиллаж байгаагаас илүү мөнгө олох боломж нутагт маань бий болсныг сонссон юм.  Тэгээд шууд нутагтаа алтан дээр ирээд ээжтэйгээ хоёулаа гуанз ажиллуулсан. Тухайн үед би 22 настай байлаа. Тэндээсээ хоёр оюутан дүүгийнхээ төлбөр мөнгийг ч олчихдог байлаа. Тиймэрхүү байдлаар 3-4 жил явсан даа. Одоо эргээд бодоход “Тэнд нэг хүн дарагдаж гэмтлээ, энд нэг хүн нас барсан байна” гэж мөн ч их дуулддаг сан. Энэ бүхэн аймшигтай. 
    Захын малчин айлаар ороход аймшигтай зүйлүүд сонсогдоно. Малын хулай ихэссэн, бүр шөнө унтаж байхад нь гэрийнх нь гаднаас түгжиж байгаад хотноос нь малыг нь аваад явчихдаг гэх мэт аймшигтай үйл явдлууд газар авч байсан. 


     Мэдээж, хэнд ч мөнгөний хэрэгцээ байдаг учир “Өөр аймгийн хүмүүс ирж ухаж төнхөөд мөнгө олоод байж байхад яагаад сумын иргэд хараад байж байх ёстой юм” гээд л  сумын эмнэлэг хүртэл зохион байгуулалттайгаар ажилчдаа алттай талбай руу явуулдаг байлаа. Багш нар хүртэл ирээд ухдаг байсан. Яагаад гэхээр тэндээс мөнгө гарч байгаа учраас. Энэ бүхэн ямар ч зохион байгуулалт, хараа хяналт, хуулийн зохицуулалтгүй байсан учир эцсийн бүлэгтээ тэнд юу болсон бэ гэхээр, нөгөө л малчдын эмгэнэлтэй дүр зураг, онгойсон олон нүх бий болтлоо эвдэж сүйдсэн газар нутаг.      

 

    ESA— Тэнд байсан хүмүүс хэзээнээс нөхөрлөлийн зохион байгуулалтад орж байсан бэ?

 

     — Би ээжтэйгээ хамт алтны талбай дээр цайны газар ажиллуулж байгаад 2013 оны намартай золгосон. Тэгэхэд нинжа нар байсаар л байсан. 
     Нэг өдөр би зурагт үзэж байгаад, “Гар аргаар алт олборлогч нар зохион байгуулалтад орж байна, бичил уурхайн чиглэлээр хууль дүрэм, журам батлагдсан байна” гэдгийг мэдэж авсан. “Энэ бидэнд их ойр зүйл байна. Үүнийг асууж судалж үзье. Хууль дүрмийнх нь дагуу явбал энд бужигнаад байгаа хүмүүсийг зохион байгуулалтад оруулж болох юм биш биз дээ?” гэдэг бодол төрөөд өвөл нь олборлолт хаах үеэр Улаанбаатар руу явсан.  “Монголын бичил уурхайчдын нэгдсэн дээвэр холбоо” тэр үед байгуулагдсан байсныг зорьж очлоо. “Би Хэнтий аймгийн Норовлин сумаас ирлээ, тэнд байгаа хүмүүсийг зохион байгуулалтад оруулах хэрэгтэй байна” гэсээр тухайн үед тус холбооны гүйцэтгэх захирал байсан Цэцэгмаа гэдэг хүнтэй уулзсан. 
     Сум орон нутгийн засаг захиргаа бол тухайн үед намайг ийм зүйл яриад ороход хүлээж авахгүй нь ойлгомжтой байсан. Яагаад гэхээр, Төр засаг “Нинжа гэдэг огт байх ёсгүй зүйл. Яавал бүрэн бүрэлдэхүүнээр нь алга болгох вэ” л гэж харж байсан. 


     Би санаачлагаа хэрэгжүүлж хүчрэхгүй гэдгээ мэдэж байсан учир холбооны гүйцэтгэх захирал Цэцэгмааг авчирч сум, орон нутгийнхаа удирдлагуудтай уулзуулж байлаа.
      “Засгийн газрын 308 дугаар тогтоол гэж гарсан байна. Үүний дагуу зохион байгуулалтад ордог юм, энд зөвхөн нутгийн иргэд хамрагддаг юм. Энэ журмыг барьж дагаж ажжиллавал танай суманд бий болсн энэ эмх замбараагүй байплыг цэгцэлж чадна” гэдэг ойлголтыг тэр хүнээр сум орон нутгийнхаа удирдлагуудад өгүүлж байсан. Дараа хавар нь сумын ИТХ хуралдахад би холбооноос дахин тэр хүнийг удирдах зөвлөлийнх нь хоёр хүнтэй нийлүүлээд гурав болгож авчраад ахиж хэлэлцүүлсэн. “Бид зохион байгуулалтад оръё. Бид хүн юм чинь хуулийн дагуу, аюулгүй орчинд ажиллаж амьдармаар байна. Бидний үр хүүхэд, ар гэр үнэхээр эрсдэлтэй хэцүү байна. Үгүй ядах нь ээ, малчид үүнд маш ихээр өртөж байна, цаашлаад байгаль дэлхий маш ихээр сүйдэж байна. Үүнийг таслан зогсоох эрх сум орон нутгийн иргэдийн төлөөлөгч та бүхний гарт бий” гэж ойлгуулсны үр дүнд анх 2014 онд нөхөрлөлөө байгуулж байлаа. Бид яг өөрсдөө гардаж, сумынхаа иргэдийг тэр дундаас түүж уулзаад, “Хэдүүлээ нэгдье, хуулийн дагуу ажиллая, сум орон нутагтаа татвараа төлье, айдасгүй амьдаръя, бидэнд ийм, ийм боломж байсаар байхад бид өдийг хүртэл ингэж явсан байна.Тийм болохоор одоо энэ хууль бус үйл ажиллагаанд нийлж нэгдэхээ больё. Орон нутгийн хүмүүс гэдэг утгаараа бид нутаг орондоо сэтгэлтэй хандах ёстой шүү” гээд л ухуулсан даа. Малчид, тэнд ажиллаж байсан сумынхаа иргэдийг бөөгнүүлж дахин, дахин уулзаж ярилцсаны эцэст нөхөрлөлөө байгуулж чадсан. 


     ESA— Тэднийг нэгтгэхэд хэцүү байсан уу?


    — Ямар хэцүү байсан гэж санана. Үгүй ядах нь ээ л тэр гадны хүмүүсийг тэр хүмүүсээс салгаж авчирч хүний сэтгэхүйд нөлөөлнө гэдэг өөрөө маш хэцүү асуудал. “Би татвар төлөхгүйгээр алт ухаад мөнгөө олж болоод байхад яагаад чи намайг заавал татвар төлж ажиллуулах гээд байгаа юм?” гэдэг асуудал наад зах нь яригддаг байлаа. “Тэр татварыг чинь төлөхгүйгээр би сард нэг удаа хөөгдөөд л ажиллаж байхад яадаг юм” гэж байгаа юм. “Эцсийн бүлэгтээ энэ эргээд таны амь насанд эрсдэлтэй, таны амгалан тайван амьдрах орчин бүрдэхгүй байна, үр хүүхэд эхнэр, гэр бүл чинь таны энэ зуугуул явж байгааг дагаад тогтвортой байж чадахгүй байна. Үүнийг шийдэх хуулийнх нь гарц гаргалгаа байсаар байхад яагаад бид ингэж явах ёстой юм. Хоёрдугаарт, сум орон нутаг маш ихээрээ эвдэгдэж сүйтгэгдэж, харанхуй нүх болж үлдэж байна. Үүнийг бид таслан зогсоох хэрэгтэй байна” гэх мэтээр хүмүүсийнхээ, малчдынхаа сэтгэхүйд нөлөөлөөд, дундаас нь сум орон нутгийн гишүүддээ нөлөөлөөд ирэхээр хүн гэдэг чинь ойлгодог юм билээ. “За ер нь ингэж явахгүй юм байна. Бид цаашаа хэдий хугацаанд ингэж амьдрах юм. Үгүй ядах нь ээ ямар ч алсын хараа байхгүй, өнөө маргаашаа харж биш наад зах нь ирэх гурван жилээ харж амьдрах хэрэгтэй юм байна” гээд хүн л юм хойно мэдээж амар амгалан амьдралыг хүснэ. Гэр бүл нь тогтвортой, ажилтай орлоготой болохыг хүснэ. Хэн ч оройдоо тохьтой тухтай унтахыг хүснэ шүү дээ.

 

 


    ESA—  2014 онд нөхөрлөл байгуулсан гэхээр дөрөв дэх жилтэйгээ золгосон байна. Энэ хугацаанд таньд хувь хүний чинь хувьд материаллаг болон материаллаг бус ямар баялаг бий болсон гэж та үзэж байна?


   — Би тухайн үед 22-хон настай, гэр бүлгүй байсан. Энэ хугацаанд гэр бүлтэй, хань ижилтэй болсон. Гурван сайхан хүүхдийн аав, ээж болоод амьдарч байна. Тухайн үед барих гэр ч үгүй л байлаа. Одоо бол орох оронтой, тодорхой тооны мал маллаад амьдарч байна. 


    ESA— Ихэнх хүн зөвхөн өөртөө баялаг бүтээх гэж хөдөлмөрлөж байна. Гэтэл та нөхөрлөлийнхнөө бүгдийг нь амьдралын хоёр дахь эх үүсвэртэй болгох нь миний зорилго гэж хэлж байгаа тань их сайхан санагдлаа?


    — Хүний хандлагыг өөрчилнө гэдэг, хоёрдугаарт хүн амар амгалан амьдралд гэр бүл тогтвортой байна гэдэг өөрөө ямар чухал юм бэ гэдгийг хүмүүстээ мэдрүүлэхийг хүсдэг. Манай нөхөрлөлийн дотоод журамд “Суурьшлын бүсээс хааш, хаашаа 50 км-т архитай холбоотой ямар ч асуудал байж болохгүй. Тэр тусмаа кэмп дээр архи үнэртүүлсэн буюу, архины ямар ч асуудал байхгүй” гэдэг. Хэрэв байвал дотоод дүрэм журмын дагуу авч хэлэлцдэг. Яагаад гэхээр, манай гишүүдийн 50 хувь нь архины хамааралтай хүмүүс байдаг. Олон жил архи уучихсан, мөрийтэй тоглоом тоглочихсон. Сум орон нутагт ажилгүйдэл байхаар дагаад архидалт байдаг. Тэр дундаас бид тэднийг “сугалж” авсан учраас энэ хүмүүсийг хувь хүнийх нь хувьд өөрчлөх ёстой. Энэ хүн энд бүтэн таван сарын турш архигүй хамт олон дунд, амар амгалан амьдралаар амьдраад ирэхээр зургаа дахь сардаа өмнөх амьдрал руугаа буцаж ордоггүй л байхгүй юу.  “Би архи уухгүйгээр амьдарч чаддаг юм байна. Энэ миний чадах зүйл байж” гэдгийг ойлгоод архи уудаг хүмүүсийн 100-ны 50 хувь нь архины хамаарлаасаа гарчихсан байдаг. 


    ESA— “Тогтвортой бичил уурхай” төсөл, Хүний Эрхийн үндэсний комисс зэрэг  байгууллагаас та бүхэнд оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт бол мэдээж энэ зохион байгуулалтын тогтолцоо байх?


    — “Тогтвортой бичил уурхай” төсөл хэрэгжсэнээрээ, Монголын бичил уурхайчдын үндэсний хэмжээний дээвэр холбоо байгуулагдаж үйл ажиллагаа явуулснаараа, цаашаа салбарлаад 6000 гаруй иргэнийг албажуулснаар хийсэн эхний том ажил нь бидний амьдралд нэн түрүүнд шаардагдаж, тулгамдаж байгаа хэрэгцээтэй хуулийг батлуулж өгсөн явдал. Тэд байгаагүй бол Засгийн газрын 151 дүгээр журам батлагдахгүй байсан. 151 дүгээр журам батлагдсанаараа бичил уурхайчдад ажиллаж амьдрах маш олон таатай нөхцлийг бүрдүүлж өгч чадсан. 


    ESA— Тухайлбал?


   — Тухайлбал бага оврын техник ашиглах эрх нээлттэй болсон. Энэ бол хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн, эрүүл мэндэд тустай шийдвэр. Бичил уурхайчин гэхээрээ л хүрз, жоотуу барих ёстой гэсэн ойлголтыг халсан. Үүнийг дагаад олдог орлого нь хүртэл нэмэгдэж байна. Хүн өдөрт гурван машин буюу зургаан тонн шороо угаадаг байлаа гэхэд эхнэр нөхөр хоёр хоёулаа тэрийг хүрздэж ачаад хүрздээд угаадаг байлаа. Одоо тэгвэл техник ашиглах болсноор ажлыг 50 хувь хөнгөвчилж чадаж байна. 

    Хууль өнгөрсөн 2017 оны тавдугаар сард батлагдсан. Манай хувьд одоо үүнийг нь ингэчихмээр байна гэх зүйл үнэхээр алга. Сайхан байна. 

 


    ESA— Бичил уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг ТББ-ын орон нутагтайгаа байгуулдаг гэрээний гол ач холбогдол юунд байна?


   — Манай ТББ орон нутагтайгаа бафйгуулсан гэрээгээ жил болгон сунгаад явдаг. Жил болгоны намар нь нөхөн сэргээлтээ хийчихээд гэрээгээ Засаг дарга болон ИТХ-аар дүгнүүлээд тайлангаа тавиад хавар нь эргээд хурал хийхэд энэ байгууллага гэрээг нь сунгах хэмжээнд үйл ажиллагаа явууласан уу, үгүй юу гэдгийг хэлэлцдэг. Шалгуур үзүүлэлтээр ороод “Болсон байна” гэж үзвэл хавар нь сум орон нутагтаа заавал 1-2 хэмжээний олны хүч хамарсан томоохон хэмжээний ажлыг зохион байгуулж хийдэг. Энэ 2018 онд манай сум “Цэвэр, тохилог Норовлин” гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллахад нь манай нөхөрлөлийн 45 гишүүн гурван техниктэйгээ очиж долоо хоног тасралтгүй ажиллаж байж олон жил хуримтлагдсан хур хогийг цэгцэлсэн. Ер нь манай ТББ нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сум орон нутагтаа аль болохоор их зүйл хийхийг зорьдог юм. Гуравдугаар сарын 8-нд өрх толгойлсон ээжүүд болон хөгжлийн бэрхшээлтэй ээжүүдийг уламжлал болгон баярлуулдаг. Жилдээ нэг удаа 70-80 ахмадыг эко аялалд авч гардаг гээд ярьвал олон зүйл бий. 


    ESA— Хүн ялгаварлан гадуурхалтаас үргэлж ангид байх учиртай. Гэтэл ийм байж чаддаггүй байсан үе та бүхэнд бий шүү дээ?


    — Хүн гэж үздэггүй байсан. Энэ хүний цаана хүн байна гэж хардаггүй байсан. Одоо тэгтэл яаж байна. Нэг бичил уурхайчны цаана хэдэн хүн байгаа юм гэдгийг нухацтайгаар өнгийж хардаг болсон байна. Сум орон нутгийн хэмжээнд, аймгийн хэмжээнд ажил хөөцөлдөөд ороход бичил уурхайчдын цаана маш олон хүний эрх ашиг энд яригдаж байна гэдгийг олж хардаг болчихсон байна. Энэ маш чухал зүйл.


     ESA—  Бидний өгүүлсэн энэхүү түүхийг бүтээхэд голлох нөлөөлөл үзүүлсэн байгууллагуудыг энд дурьдахгүй өнгөрч болохгүй биз ээ. Тэд чухам ямар чиг шугам баримталж хэрхэн ажиллаж ирснийг бид дараахь товч ярилцлагуудаар тодруулж байна. 

 

 

Ц.Тансагмаа: “Тогтвортой бичил уурхай” төсөл “хундаам”-аа САЙН ЦУТГАСАН


     /ШХА-ийн Тогтвортой бичил уурхай төслийн эксперт/

 


      ESA— “Тогтвортой бичил уурхай” төсөл хэрэгжсэнээр энэ салбарыг үндэс сууриар нь өөрчилжээ. Танай төсөл энэ тал дээр ямар оролцоотой байж ирсэнийг энд сануулах хэрэгтэй байх? 


     — Манай төсөл 2005 оноос хойш нийтдээ дөрвөн үе шаттай хэрэгжиж байгаа. Эхний гурван үе шат маань бичил уурхайг албажуулах, зохион байгуулах тал дээр илүү явж ирсэн. Бичил уурхайчдыг чадавхижуулах, хүний эрхээ мэддэг болох гээд олон талаас нь дэмжиж ирсэн. Хоёрдугаар бүрэлдэхүүн хэсэг нь бичил уурхайгаар олборлож байгаа алтыг Монголбанкинд тушаах, бичил уурхайгаас Монголбанк хүртлэх нийлүүлэлтийн сүлжээг ил тод байлгах тал дээр манай төсөл ажиллаж байгаа. Гуравдугаарт, бичил уурхайчид өнөөдөр мэдээ мэдээллээр хомс байна. Уулын мухарт л ажиллаж байдаг тэдэнд алт өнөөдөр хэдэн төгрөгийн үнэ ханштай байна гэдэг тал дээр ч мэдээлэл хомс учир бид ЦАХИМ ФЛАТФОРМ гэж зүйлийг бий болгосон. Одоогийн байдлаар тэр нь онлайн байгаа. Цаашид бичил уурхайчиддаа зориулаад оффлайнар ажилладаг аппликэйшн хийж байна. Интернэтгүй орчинд ч ажиллана гэсэн үг. Энэ оны сүүл гэхэд энэ аппликэйшн гарна.


     ESA— Засгийн газрын 308, 151 дүгээр журмыг батлуулахад танай төсөл ямар оролцоотой ажилласан бэ. 151 дүгээр журамд орж ирсэн гол заалтууд нь юу вэ?


    — Нэгдүгээрт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтарч 308 дугаар журмыг боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан. Дээрээс нь бичил уурхайчдынхаа санал санаачлагуудыг тусгах тал дээр бид ажилласан. 


    2010 онд Засгийн газрын 308 дугаар журам гарсан. Өнгөрсөн жилийн тавдугаар сарын 28-нд бид энэ жрмыг Засгийн газраар дахин шинэчлэн батлуулсан. Энд гарсан хэд, хэдэн томоохон өөрчлөлтийг дурьдвал, бичил уурхайчдыг нөхөрлөлийн зохион байгуулалтад оруулах, бүртгэгдсэн, бүртгэгдээгүй нөхөрлөл бий болгох, хоршоо бий болгох, дор хаяж есөн хүний бүрэлдэхүүнтэй байх, цаашид эвлэлдэн нэгдээд бүртгэгдсэн нөхөрлөл хуулийн этгээд болох юм бол санхүүгийн эх үүсвэртэй болох, бусад байгууллагаас зээлийн үйлчилгээ авах гэх мэт боломжтой болж байгаа юм. Хоёрдугаарт бичил уурхайчдаа үнэмлэхжүүлэх гэж байгаа. Хэнтий аймгийн Норовлин сумын “Хамтын хүч” ТББ-ын бичил уурхайчин ТЭР байна гэдгийг таних боломжтой болно. Бас нэг зүйл нь өмнө нь 308 дугаар журмаар олборлолтыг зөвхөн гар аргаар хийхээр тусгасан байсан бол 151 дүгээр журмаар  3500-аас см/куб моторын багтаамжтай хоёр хүртэлх тоног төхөөрөмжийг ашиглах боломжтой болсон. 
    Мөн бичил уурхайчин нийгмийн даатгалаа төлдөг болсон. Тэр нь “Бичил уурхайчин” гэсэн өөрийн гэсэн кодтой. Ингэснээр тэднийг цаашид тэтгэвэрт гарах боломж бололцоог нь бүрдүүлж өгч байгаа юм. 
     Хөдөлмөрийн аюулгүй ажиллаганы талаар хоёр сайдын тушаалаар Бичил уурхайн салбарт хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмийг батлуулсан. Мөн Байгаль орчны сайд, уул уурхай хүн үйлдвэрийн сайдын тушаалаар байгаль орчныг нөхөн сэргээх аргачлалыг батлуулсан. 


     ESA— Танай төслийн хэрэгжилт ирэх жилийн арванхоёрдугаар сараар төгсгөл болно. Анхны зорилтынхоо хэдэн хувьд хүрсэн бэ, энэ хугацаанд?


    — Төслийн хамгийн гол зорилго нь биичл уурхайг хууль эрхзүйн хүрээнд албажуулахад оршиж байсан. Тэр зорилгодоо бид хүрсэн. Одоо хууль эрхзүйн хувьд таатай, боломжтой нөхцөл бий болсон. Мөн бичил уурхайчид орон нутагтайгаа гэрээ хийж, тайван ажиллах боломжийг бүрдүүллээ. Ашигласан газраа нөхөн сэргээгээд орон нутагтаа буцаан хүлээлгэж өгөөд дахин өөр газар хүсэх боломжтой болсон. 

 


     ESA— Та бүхэн энэ салбарт байшингаар бол хундаамыг нь цутгаж байна. Энэ төсөл дуусгавар болоход эргээд та бүхний хийсэн энэ  ажил замхарчих магадлал бий юү?


    — Бид “хундаам”-аа чанартай цутгасан. Яагаад гэхээр, 2013 онд манай төсөл 3-р үе шатныхаа хүрээнд Үндэсний бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоог байгуулсан. Холбоо одоогийн байдлаар 81 ТББ-ыг өөртөө нэгтгэж байгаа. 6400 гаруй гишүүнтэй. Гишүүддээ үйлчилдэг ТББ. Энэ холбоо маань манай төслийн хийж байгаа ажлыг цаашид уламжлаад аваад явах боломжтой. Бичил уурхайчдыг хүний эрхийн болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, нөхөн сэргээлт, хоёрдогч орлоготой болгох тал дээр чадавхижсан баг бүрдэж байгаа юм. Сургагч багш нар бэлдээд цаашид бичил уурхайчдаа сургаад явна гэсэн үг. 
     Мэдээж, хууль эрхзүйн хүрээнд ч манай төслийн оролцоотой олон зүйл бий болсон. Одоо бусад зүйлийг, ялангуяа ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг албажуулах, ил тод байлгах тал дээр ажиллаж байна. Шударга олборлолтыг дэмжих тал дээр ажиллаж байна гэсэн үг. 


    

Ц. Адъяахишиг: ХЭҮК бичил уурхайчдад  төрийн үйлчилгээг ЭН ТЭНЦҮҮ ХҮРТЭХЭД нь нөлөөлсөн

 

/ХЭҮК-ийн ахлах референт/


     ESA— ХЭҮК-оос бичил уурхайчдын нөхцөл байдлыг дээшлүүлэхэд чухам ямар оролцоотой байж ирсэн бэ?


    — Бичил уурхай эмх замбараагүй байхад тухайн нутаг оронд энд тэндээс маш олон тооны хүн ирдэг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч, нийгмийн даатгалд хамрагдаж чаддаггүй байлаа. Хууль хяналтын байгууллагаас ч тэр хүмүүстэй харилцах харилцаан дээр маш их асуудал үүсдэг гэх мэтээр хүний эрхийн маш олон зөрчил бий болж байсан. ХЭҮК энэ хугацаанд ШХА-тай хамтарч бичил уурхайчдын хүний эрхийн чиглэлээр хамгийн гол нөлөө үзүүлсэн зүйл нь бичил уурхайчдад хүний эрхийн суралт хийсэн. Үүнээс ч чухал нэгэ ажил нь орон нутгийн түвшинд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудын албан хаагчдын хүний эрхийн талаарх хандлагыг өөрчлөхөд ихээхэн анхаарч ажилласан. ХЭҮК-оос жил болгон явуулсан хяналт, шалгалт, хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ, хүний эрхийн чиглэлийн судалгаа, сургалтуудын үр дүнд бид бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бүх сумын төрийн албан хаагчдад доод тал нь хоёр удаагийн хүний эрхийн чиглэлийн сургалтыг зохион байгуулсан. Зөвхөн ХЭҮК биш, энд бас ШХА  болон ЭМЯ, НДГ, Хүн ам, хөдөлмөрийн яам гэх мэт төрийн багууллагуудтай хамтарч ажилласан. Энэ бүх зүйл нэг голдирол, эмх цэгцэд ороод бичил уурхайн үйл ажиллагаа албажаад зүй зохисоороо явахад төрийн байгууллагуудын оролцоо мөн чухал үүрэг гүйцэтгэсэн. 


     ESA—  Тухайлбал юуг шийдүүлсэн бэ?


     — Жишээлбэл, бичил уурхайчид гэхэд нийгмийн даатгалыг сайн дурын үнсэн дээр л төлөөд явж байсан. Тэгвэл одоо НДГ-аас энэ хүмүүс бичил уурхайчдад зориулсан кодыг бий болгоод байна. 
     ЭМЯ-ны хувьд зөвхөн бичил уурхай гэхгүй уул уурхай дамжсан аймгуудад нэгэн чухал ажлыг хийсэн. Орон нутгийн төсөвт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төсөв зөвхөн тухайн нутагт бүртгэлтэй иргэдэд л хамаатай байсан. Тэгвэл яаралтай тусламж үйлчилгээг харьяалал харгалзахгүйгээр үзүүлэх боломжуудыг ЭМЯ нээсэн. 
     ХЭҮК бодлогын түвшинд тавьсан хамгийн анхны эх суурь нь “Уул уурхай ба хүний эрх” сэдэвт олон улсын хурлыг санаачилсан явдал. Энэ хурлыг 2012 онд зохион байгуулж, бичил уурхайчдыг урьж оролцуулаад тэдэнд өнөөдөр нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн тусламжийн хувьд ямар хүндрэлүүд бий болоод байгаа юм, энэ асуудлыг шийдэхийн тулд бодлогын түвшинд хэрхэх ёстой вэ гэдгийг салбарын сайд нарынх нь сонорт хүргэсэн. Улмаар энэ талаас бодлогын түвшинд ажиллах ёстой юм байна гэдэг зөвлөмжүүдийг гаргасан. Энэ зөвлөмжийн хүрээнд салбар, салбарт тодорхой өөрчлөлтүүд гарч чадсан. 
     Үүнээс гадна ХЭҮК-ын ажилтнууд сум болгонд орон нутгийн төрийн үйлчилгээ үзүүлж байгаа албан хаагчдад “Энэ хүмүүс бусдын нэгэн адил эрхээ эдлэх ёстой. Тэд ямар нэгэн байдлаар ялгаварлан гадуурхалтад өртөх ёсгүй. Хэрэв тэгвэл тэр нь хүний эрхийн маш ноцтой зөрчил” гэдэг талаас нь ойлгуулах ажлыг хийсэн. Өөрөөр хэлбэл, энэ хүмүүст төрийн үйлчилгээг эн тэнцүү хүртэхэд нь нөлөөлөх ажлыг хийсэн. Үр дүнд нь өнөөдөр орон нутгийн түвшинд бичил уурхайчид харилцан ойлголцож, бие биедээ хүндэтгэлтэй хандаж чаддаг болсон. Энэ хандлагыг бий болгож төлөвшүүлнэ гэдэг маш урт хугацааны хүчин чармайлт. Зөвхөн нэг байгууллага, эсвэл нэг хүн хийгээд болчихдог асуудал биш л дээ.  

 

 

Н.Нацагмаа: Арван хүний ЭХЛҮҮЛСЭН АЖИЛ  өдгөө 6400 хүнээр хүрээгээ тэлжээ


/Хэнтий аймгийн бичил уурхайчдын нэгдсэн холбооны  тэргүүн/

 

    ESA— Бичил уурхайчдыг нэгдсэн зохион байгуулалтад оруулахад “Бичил уурхайчдын нэгдсэн дээвэр холбоо”-ны гүйцэтгэсэн үүрэг юу байв?


     — Ашигт малтмал хувиараа олборлож байсан хүмүүсийн хууль бусаар үүссэн бөөгнөрөлийн тэр үед хүний амь нас хувинтай шорооноос хямлд үнэлэгдэж байлаа. Тэр үед л ХАМО иргэд өөрсдөө эвлэлдэн нэгдэх юм бол бидний дуу хоолойг төр, засагт хүргэж, эерэгээр хүлээж авах боломж байна гэдгийг судалснаар “Бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо”-г байгуулж байлаа. Энэ холбоонд 15 аймгийн 3000 гаруй бичил уурхайчин анх нэгдэж байсан. Бидний дуу хоолойг төр засаг маань сонсдог болж байна. Дээр нь яг тэр үед “Тогтвортой бичил уурхай” төсөл Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн үе нь таарч тэрхүү төслийн дэмжлэгээр бид бичил уурхайчдыг зөвхөн өнөөдрийнхөө орлогын төлөө биш, цаашид хариуцлагатай, зохион байгуулалттайгаар ажиллахад боломж байгаа юм байна гэдгийг олж харсан.  


     ESA— Холбоо байгуулж хүмүүсийг нэгтгэнэ гэдэг асар том ажил шүү дээ. Яг ямар үйл явцаар хүмүүсийг нэгтгэж байсан бэ?


     — Эхний ээлжинд таван аймгийн бичил уурхайн хамааралтай арав гаруй хүн санаачлага гаргаад аймгуудаар явсан. “Саналыг нь сонсъё, эрхзүйн зөвлөгөө өгье, ийм холбоог байгуулах юм бол биднийг үндэсний түвшинд хүлээж авах боломж байна, төр захиргаанд өөрсдийгөө эерэгээр ойлгуулъя. Нэг хүний цаана нэг хэсэг амьдрал байна. Зөвхөн өнөөдрийг бодож нэг өдөр шороо ухаад маргааш нь хөөгдөөд эрсдэлтэй алхам хийж явж болохгүй” гэдгээ ярилцаад л аймгуудаар явж, хаана бөөгнөрөл болж байна тэнд нь очиж ярилцсан. 
     Улсын хэмжээний статистик мэдээгээр 17 аймгийн 6400 бичил уурхайчин энэ холбоонд нэгдсэн байна. Бичил уурхайн хамааралтай сумд нэгдэж аймагтаа нэгдсэн холбоогоо байгуулсан. 


    ESA— Хэнтий аймагт бичил уур  уурхай эрхэлж байгаа нөхөрлөлүүдийн талаар товч мэдээллийг өгөөч?


    — Аймгийн хэмжээнд бичил уурхайн хамааралтай найман сум байна. Түүний долоод нь сумын хамааралтай бичил уурхайчид байдаг. Нэг сум буюу Норовлинд алтны шороон ордон дээр хоёрлосон гэрээгээр ажиллаж байгаа. 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.