Б.Батчимэг: Дорнын анагаах ухаанд ХАРШЛЫН ШАЛТГААНЫГ шар ус, цөстэй холбоотой гэж үздэг

2018-08-21 10:50
Xаврын улиралд бодисын солилцоог сайжруулах, хий цус, цөс, шар усны гаралтай эм, эмчилгээг угтуулан хэрэглэвэл харшлыг зовиур багатайгаар даван туулах боломжтой

 

 

     Оточ Манрамба Их Сургуулийн Уламжлалт анагаах ухааны тэнхимийн багш, Их эмч Б.Батчимэгтэй ярилцлаа.



 
     ESA — Харшлын учир шалтгааныг уламжлалт анагаах ухаанд юу гэж үздэг вэ. Уламжлалт анагаах ухааны аргаар харшлыг бүрэн эмчлэх боломжтой юу?

    — Уламжлалт анагаах ухаанд ямарваа нэгэн өвчнийг шалтгаан, нөхцөл, шинж, эмчилгээ гэсэн зүй тогтолоор тайлбарладаг. Харшлыг Уламжлалт Анагаах Ухаанд цөс болоод шар усны гаралтай өвчинд авч үздэг. Үүний цаана Тунгалаг цөвийн боловсролтыг өөрөөр хэлбэл бодисын солилцоог маш нарийн ярих шаардлагатай юм. Харин Өрнийн анагаах ухаанд харшлын шалтгааныг хүрээлэн буй бүх зүйлс харшил үүсгэх шалтгаан болдог гэж үзэж байна. Үүнд:
•    Төрөл бүрийн ургамал
•    Химийн / будаг /болон эмийн бодис
•    Хүнс, хоол тэжээл
•    Тоос, тоосонцор / гэрийн, үйлдвэрийн, номны гэх мэт /
•    Хөгц
•    Шавьж
•    Амьтны үс, ноос
•    Зарим нэг гоёл чимэглэлийн металл эдлэл
•    Нарны хэт ягаан туяа
•    Агаарын бохирдол
•    Хөрсний элэгдэл 
•    Халуун ногоо
•    Исгэлэн архи, айраг
Харин Дорнын анагаах ухаанд харшлын шалтгааныг шар ус, цөс гэж үздэг. Дээр дурьдсан Өрнийн анагаах ухааны үүднээс шалтгаанд хамруулж байгаа хүчин зүйлүүд бол Дорнын анагаах ухаанд харшлын нөхцөл болж байгаа юм. Ингэхээр харшлыг эмчлэхийн тулд уг шалтгаан болсон цөс, шар усыг барьж эмчилгээний зарчмыг тогтооно. Харин нөхцөл болсон хүчин зүйлүүдээс  сэргийлж байх нь зүйтэй юм. Харшил нь олон янз байдаг тийм ч учир шинж тэмдэгийн хувьд өөр өөр илэрдэг. Шинжээс дурдвал,
•    Амьсгалахад хүндрэлтэй
•    Нүд халуу оргих, нулимс гоожих, загатнах
•    Нүд улайж хавдана
•    Найтаалгах
•    Толгой өвдөх
•    Арьс улайж хавдах
•    Ам хамар, хоолой, арьс, биеийн бусад хэсэг загатнах
•    Нус ихээр гарах
•    Арьс бижрүүтэх
•    Загатнана
•    Бие хөхрөх, хавдах
•    Гүвдрүү гарах
•    Амьсгаа давчдах гэх мэт. Цөс өтгөн, чулуугүй бол туулгах эмчилгээг тухайн хүний биеийн байдалтай уялдуулан хийнэ. Мөн шар усыг дарах, хий шар бадганыг тэнцвэржүүлж бодисын солилцоог сайжруулах талгадорж, сомаранз, бойгор, гурван үр орсон найрлагатай эмийг голчлон хэрэглэдэг. Бодисын солилцооны гол хүчин зүйл болох гал тэгшитгэгч хий, шингээгч шар, ялзлагч бадган хэмээх галын илчүүдийг сайжруулах эмийг чухалчлах шаардлагатай байдаг. Хүний биеийн онцлог, өвөрчлөлөөс /тенперамент/ хамаарч харшил эдгэх, үгүй нь харилцан адилгүй байдаг бөгөөд эмчилгээний хугацаа ч хамаардаг. Харшлыг мэргэжлийн эмчид хандаж ямар нөхцлөөс болоод үүсэж байгааг заавал тодруулж тохирсон эм, эмчилгээг хийлгэх нь зөв юм. 

 

     ESA — Харшлын шинж тэмдгийг арилгахын тулд хүчтэй антибиотек, тариа, эсвэл тайвшруулах эм уух нь эргээд сөрөг нөлөөтэй юу?


      —- Сүүлийн үед харшлын эм тариа, бэлдмэлүүд их гарах болсон. Антибиотек эмүүд өвдөлт намдаах түргэн үйлчилгээтэй гээд тус их ч эргээд гаж нөлөө үүсгэх эрсдэлтэй. Уламлалт анагаах ухааны эм, эмчилгээ нь байгалийн гаралтай, сөрөг нөлөө бага, үр дүн өндөр, өртөг бага, хувь хүн бүрийн онцлогт тохирсон байдаг зэрэг давуу тал олон юм.

 

    ESA — Ургамлын болон, тоосонцрын харшил яагаад хот суурин газарт илүү их тохиолдож байна вэ. Хөдөөд ч гэсэн тоос, ургамал бий шүү дээ?


       —- Харшил нь дэлхий дахинд нийгмийн хөгжилтэй холбоотой улам ихэсч байгаа нь ажиглагдаж байна. Нүүдлийн иргэншилтэй, мал аж ахуй эрхэлдэг байсан цаг үе ойрхон. Харин одоо үед айл, иргэн бүр суурин соёл иргэншилтэй болж байна. Энэ нь харшил, халдварт өвчин төдийгүй олон өвчний нөхцөл болж байна. Их тохиолдож байгаагийн шалтгаан бол дадал дархлаатай холбоотой юм. Хөдөө өссөн бага насны хүүхэд өвс ургамал, цэцэг навч, аргал хомоол зэрэгтэй үргэлж хүрэлцэж байсан байдаг. Энэ нь дадал суусан, нэг ёсондоо дасчихсан гэсэн үг юм. Бага насанд дасгах нь ирээдүйд харшил үүсэхгүй байх боломжийг бүрдүүлдэг. Бага насанд гэдэг нь бодисын солилцооны чухал үе нь таардаг гэж ойлгож болно. Нэгэнт харшил үүсгэх нөхцлийг бүрэн дасаж бие организм хүлээгээд авчихсан учраас дахиад учирсан ч харшил үүсдэггүй. Урьд өмнө нь барьж, үнэртэж, хүрэлцэж удаан хугацаагаар дадуулаагүйн улмаас харшил үүсдэг. Ихэвчлэн хөдөө өссөн малын аргал, шалбаагтай ойр байсан хүмүүс харшилгүй байдаг. Цөөн тохиолдолд бага насандаа хөдөө өссөн ч гэсэн харшилтай болох тохиолдол бас байдаг. Энэ нь нөгөөх л хүний дархлаа тогтолцооны онцлог болоод өвөрчлөлтэй холбоотой.  Мөн хүний биеийн тэнцвэртэй байх ёстой хий, шар, бадганы үйл хамаарч байдаг. Гадна орчны тоос шороо, утаа зэргээс гадна дуу чимээ, сэтгэлийн тав тухгүй байдал, шимгүй хоол унд, даарч жиндэх, олон зүйлийг бодож оюун тархийг ядраах, хэт уйтгарлаж гуниглах шаналах гэх мэт олон зүйлүүдээс болж бие махбодь хямарч хэвийн байдлаа алдсанаар дархлаа тогтолцооны эмгэг, хий давамгай өвчлөлүүдийг үүсгэх нөхцөл болж байна.

 

        ESA — Дархлаагаа сайн байлгахын тулд нойр, хоолоо зохицуулах ёстой гэдгийг хүн бүр мэддэг. Гэхдээ нойр, хоолны зөв дэглэмтэй байх нь бие организмд яг ямар процессыг бий болгож байдгийг нарийн мэдэхгүй учраас мөрдлөг болгодог хүн ховор байна. Тэгэхээр бие махбодид болж байдаг тэр үйл явцыг уншигчдад маань энгийн, ойлгомжтойгоор тайлбарлаж өгөхгүй юу?


        — Уламжлалт анагаах ухаанд өвчин шаналгаа үүсгэдэг үндсэн дөрвөн нөхцөл байдаг. Улирал, ад, идээ унд, явдал мөр юм. Эдгээр дөрвөн зүйлээс  идээ унд, явдал мөр хоерыг амьдралдаа зөв дадал болгож чадвал эрүүл саруул өтөлж чадна. Идээ унд гэдэгт бидний өдөр тутам хэрэглэж байгаа хоол цай, чихэр жимс гэх мэт хүнсний зүйлүүд ордог. Явдал мөр нь улирал цаг уурт тохируулан өмсөж зүүхийг хэлж байна. Хүнд хүчир ажлыг урт хугацаанд хийж ядрах, хэт даарч хөрөх, дуу чимээг байнга сонсох, өлөн үедээ их ярих, ажиллах, шаналах, уйлах, хэт өлсөх, нойр дутуу явах, цус ихээр алдах, суулгаж бөөлжих,бэлгийн үйлийг хэтрүүлэх, өтгөн шингэнийг гарах үед нь гаргалгүй барих, тослог багатай хоол байнга идэх, мах шөлийг хорих, чихэр жимсийг хэтрүүлэх зэргээс болж хийн бэлгэ чанарууд ихэсч яс үесний өвчин, зүрхний өвчнүүд, чих шуугих, хоосноор огиулах, ядрах, толгой эргэх зэрэг хийн өвчнүүд үүснэ. Харин халуун наранд удаан ажиллах, шөнө дунд нойргүй явах, биеийн хүчний ажлыг хэтрүүлэн хийх, бэртэж гэмтэх, цохиулж зодолдох, уурлаж бухимдах, мах бурам, архи, тосыг хэтрүүлэх зэргээс болоод шарын бэлгэ чанар ихсэж элэг, цөс, нүдний өвчнүүд, гэдэс дотор хямрах, цусны  өвчин зэрэг үүснэ. Бадган өвчин үүсэх нөхцөлд хоол идсэний дараа удаан суух, өдөр их унтах, чийгтэй нойтон газар удаан байх, усанд орсны дараа даарах, түүхий жимс ногоо хэт хэрэглэх, хугацааг нь уртасгасан, нөөцөлж даршилсан бүтээгдэхүүнүүд,  туранхай малын мах, удаж хоносон хоол, дутуу болгосон, түлж шарсан хоол унд, хэт хүйтэн ус, цай зэргийг хэтрүүлэн хэрэглэснээс болж  бадганы бэлгэ чанарыг ихэсгэж нус цэр, сальс ихсэх, таргалах, мартамхай болох, нойр ихдэх, тархи толгой өвдөх, ходоод, бөөрний өвчин, дэлүүний өвчин зэрэг үүсдэг. Ингэж идээ унд, явдал мөрийг буруудуулж бодисын солилцооны үйл явц алдагдсанаар авах ёстой шим, амин хэрэгцээг нөхөж чадахгүй болж элдэв өвчин гардаг. Тийм учир аливаа зүйлийн тунг тохируулж байх нь эрүүл амьдрах үндэс болно.

 

        ESA — Хүн бүр өөрийн туршиж үр дүнд хүрсэн аргаа нийгмийн сүлжээгээр хуваалцаж байна. Түүнийг нь хэчнээн хүн дуурайгаад үр дүнд хүрч байгаа эсвэл хүрээгүй гэдэг нь тодорхойгүй. Тухайлбал, японы телевизээр үхрийн аргальтай орчинд өссөн хүмүүс харшил тусдаггүй гэсэн утгатай нэвтрүүлэг гарсны дараа хүмүүс хатаасан аргалаар утах нь зөв, зарим нь бүр туршиж үзээд тодорхой хугацааны дараа эдгэсэн гэж байна. Харин мэргэжлийнхэн үүнийг няцааж, харшилтай хүн аргалийн утаагаар утвал астматай болно гэж байгаа?


        —-Нэгэнт харшил үүссэн, амьсгал давчдах, бачуурах зэрэг хүндрэлтэй тохиолдолд нийгмийн сүлжээнээс олж авсан зүйлээ турших нь эрсдэлд хүргэх аюултай. Дээрх тохиолдолд бол тухайн хүний өвөрчлөл, онцлогоос болоод эдгэрсэн байх магадлалтай. 

 

     ESA — Ирэх зун нь тоосонцрын харшилд нэрвэгдэхгүйн тулд өмнөх нь улиралд, эсвэл тухайн жилдээ хийх тусгай бэлтгэл гэж байдаг уу?

        —Ургамал, тоосонцорын харшил  нь зуны улиралд ихэвчлэн үүсэх нөхцөл нь таардаг. Тийм учраас хаврын улиралд бодисын солилцоог сайжруулах, хий цус, цөс, шар усны гаралтай эм, эмчилгээг  угтуулан хэрэглэвэл харшлыг зовиур багатайгаар даван туулах боломжтой.

 

    ESA — Харшлын үеийг аль болох зовиур багатайгаар даван туулах зөвлөгөөг манай уншигчдад хүргэхгүй юу?

     — Аль болох харшил үүсгэж байгаа зүйлээсээ хол байж, тайван амрах, бүлээн шимтэй хоол унд хэрэглэн бодисын солилцоог хэвийн байлгахад анхаарах нь зүйтэй. Сайн амрахад нойр их нөлөөтэй. Учир нь биднийг унтаж байх үед бие махбодь өөрийнхөө бүхий л дасан зохицол, өсөлт хөгжил болоод эд, эсийн нөхөн төлжих үйл ажиллагааг явуулж байдаг.Харшилд өртсөн тохиолдолд хүн тодорхой хэмжээний сэтгэл санааны хямрал буюу стресст амархан өртдөг. Сэтгэл санаа тайван тогтуун байхад цус, шар ус, цөсний үйл ажиллагаа хэвийн явагдах чухал нөлөөтэй юм.

 

 

 

 

 

  
 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

Зочин /202.126.88.39/

2018-08-23 15:23

Nzada amjilt hvsii

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.