М.Энхболд: Туйлын харамсаж байна

2018-08-21 12:06

 

      УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн шаардлагын хариуг УИХ-ын дарга М.Энхболд өчигдөр /2018.8.20./ 18:00 цагийн үед  өгсөн талаар бид мэдээлсэн. Тэгвэл УИХ-ын дарга М.Энхболд “Хариу хүргүүлэх тухай” 1/9587 дугаар бүхий албан бичгээр Л.Оюун-Эрдэнийн шаардлагын хариуг өгсөн байна.  





    УИХ-ын дарга М.Энхболд дээрх албан бичигтээ Л.Оюун-Эрдэнийн тавьсан “60 тэрбум”-ын гэх асуудалтай холбогдуулан тавьсан шаардлагад “Энэ асуудалд МАН болон миний нэр хүндийг холбон олон нийтийн дунд буруу ташаа ойлголт үүсэж байгаа явдалд харамсаж байгаа талаар МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд тайлбар хүргүүлснийг хавсарган хүргүүлэв” гэсэн байна. Ингээд МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд тавьсан өөрийнхөө хүсэлтийг хавсаргажээ. 


    Уг хүсэлтэд “Миний бие МАН-ын даргаар ажиллаж байхдаа болон өнөөдөр ч гэсэн хэн нэгнээс мөнгө авч албан тушаалд томилсон үйлдэл гаргаагүй хэдий ч 60 тэрбумын гэх зохиомол хэрэгт нэр холбогдож, улмаар намынхаа нэр хүндийг уг асуудалд холбогдуулсандаа туйлын харамсаж байна. МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны хурлаар намын зарим гишүүдийнхээ ёс зүйн асуудлыг авч хэлэлцэхдээ миний энэхүү харамслыг харгалзан үзэж, намын хамт олонд болон тэднээр дамжуулан Монголын ард түмэнд байр сууриа илэрхийлэхийг хүсье” гэжээ.


    Харин МАН-ын Хяналтын хороо энэ асуудлаар 13 дугаартай тогтоол гаргасан байна. “Хариуцлага тооцож ажиллах тухай” уг тогтоолд “МАН-ын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 4.2.8, 4.2.9 дэх заалтыг зөрчиж, ёс зүйн алдаа гаргасан МАН-ын гишүүн М.Энхболдын асуудлыг МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн хариуцлага тооцож, цаашид МАН-ын гишүүдийн зүгээс энэ асуудлыг дэврээж хандахгүй байхыг намын бүх шатны байгууллагад чиглэл болгохыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд даалгасугай” гэсэн байна. 


    Тогтоолд дурьдсан МАН-ын дүрмийн 4.2.5-д “Намын эв нэгдлийг хамгаалах, намын нэр хүндийг гутаасан аливаа үйлдэл гаргахгүй байх”, 4.2.6-д “Намын эрх ашигт үл нийцэх улс төрийн үйл ажиллагааг шүүмжлэн няцаах”, 4.2.8-д “Намын нэрийн өмнөөс сонгогдож, томилогдсон албан тушаалтан бүр хуулийг     чандлан сахиж ашиг сонирхлын аливаа явцуу бүлэглэлийн нөлөөнд автахгүй байх”, 4.2.9-д “Намын ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх” гэж тус тус заасан байдаг байна. Өөрөөр хэлбэл, МАН-ын Хяналтын Ерөнхий хороо УИХ-ын дарга М.Энхболдыг буруутай гэж үзэн, хариуцлага тооцохыг даалгасан байгаа юм.


    Мөн  УИХ-ын дарга М.Энхболд “МАН сонгуульд дээрх хөрөнгийн эх үүсвэр ашиглан оролцсон эсэх асуудлаар нийгэмд үүсээд байгаа эргэлзээнд цэг тавих шаардлага бий болоод байна. Нийслэлийн прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэргийг сэргээн мөрдөн шалгах ажиллагааг дахин явуулж байгаа юм байна. Уг асуудлыг хуулийн байгууллага эцэслэн, нэг мөр шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна” гэжээ. 
УИХ-ын дарга М.Энхболд Нийслэийн прокурорын газрын Ерөнхий прокурор Д.Баярмагнайгийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тогтоолыг хүчингүй болгох тухай” 02 тоот тогтоолыг хавсаргасан байна. 


    Нийслэлийн Ерөнхий прокурорын уг тогтоолд “Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор Д.Баярмагнай би, Улсын Ерөнхий прокурорын газрын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийг нээж АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулан Нийслэлийн прокурорын газрын 2017 оны 9 дүгээр сарын  4-ний өдрийн №25 дугаартай тогтоолоор хааж шийдвэрлэсэн эрүүгийн 170200016 дугаартай хэргийг ТЕГ-аас ирүүлсэн албан бичгийн дагуу хянаад ... Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг удирдлага болгон Тогтоох нь:


    1.    Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцааах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурор Д.Ширэндэвийн 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 25 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах” тухай тогтоолыг хүчингүй болгосугай.
    2.    Эрүүгийн 170200016 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахыг АТГ, ТЕГ, ЦЕГ-ын дарга нарын 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/59, А/161, А/100 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч, мөрдөгч нарт даалгасугай” гэсэн байна.


    Түүнчлэн Л.Оюун-Эрдэнийн гурав дахь шаардлага болох УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлагын хариуд “Миний бие ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахад татгалзах зүйл байхгүй бөгөөд УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийг 2 удаа хуралдуулж, ээлжит бус чуулган зарлан хуралдуулах асуудлыг хэлэлцүүлээд байна. Даргын зөвлөлийн 2018 оны 7 дугаар сарын 18, 7 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаас ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлсний дараа ээлжит бус чуулган зарлан хуралдуулах товыг тогтоохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу Хууль зүйн байнгын хороог хуралдуулах чиглэлийг Байнгын хорооны даргад өгсөн. Тус Байнгын хороо ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх асуудлын хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт гаргахаар ажиллаж байна “ гэжээ.


    Мөн тэрээр уг албан бичгээрээ дамжуулан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг чуулгандаа суухыг урьсан байна. Бичигт “Монгол Улсын Их хурлын тухай, Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан бүрэн эрх, үүргээ хэрэгжүүлж, цаашид нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд оролцож байхыг зөвлөж байна” гэсэн байна.


    Юутай ч УИХ-ын дарга М.Энхболд уучлалт гуйж, ёс зүйн шинэ хэм хэмжээг тогтоолоо гэх хүн олон байна. Мөн Нийслэлийн прокурорын газраас “60 тэрбум”-ын хэргийг сэргээсэн байна. УИх-ын ээлжит бус чуулган ч удахгүй хуралдах бололтой.


    Энэ нь М.Энхболд гэдэг хүн Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүний шахалтаар энэ бүхнийг гүйцэлдүүлж байгаа нь гол бус Монгол Улсад шударга ёсны тухай ярьдаг,  ийм хэм хэмжээ тогтоход чухал алхам боллоо гэж учир мэдэх хүмүүс хэлж байна. 


 

 


 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 4 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (4)

Зочин /202.179.25.129/

2018-09-05 01:17

Олон долоон үггүйгээр УИХ-ын даргын албан ту[хориотой үг]лаасаа ОГЦОР ОО !!!

Хариулах 0 0
Зочин /66.181.178.197/

2018-09-04 10:13

odoo [хориотой үг]aa

Хариулах 0 0
Зочин /66.181.178.197/

2018-09-04 10:13

odoo [хориотой үг]aa

Хариулах 0 0
Зочин /66.181.177.212/

2018-08-21 16:51

Иргэд ярихгүй байхад гишүүд нь өөрсдөө л дэвэргэж байгаа ш дээ

Хариулах 0 1

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.