Ж.Гэрэлчулуун: Жинхэнэ “орк”-ууд бол ХОТЫНХОН

2018-09-02 11:00
Хотоос холдох тусам хотынхонд байхгүй болж байгаа гэмээр хүмүүний эрхэм чанарууд хөдөөгийнхнөөс илүүтэй харагдана

 

     Одоогийн залуусын хэллэгээр бол тэр их ЭМО нөхөр. Дугуй, дуран /тэр бас гэрэл зураг сонирхогч/ хоёроороо хань хийгээд уул хадаар зугаалж яваа тэмдэглэлүүд нь сошиал орчинд цөөнгүй харагдана.

    Ж.Гэрэлчулуун сэтгүүлч мэргэжилтэй, жирийн л нэгэн залуу. Энэ удаад тэрээр дугуйгаа унаад гарсан хамгийн холын аялалаа амжилттай дуусгаад иржээ. "Явсан хүнээс үг сонс" гэдэг. Унадаг дугуйгаар 3200 км зам туулаад ирсэн хүнээс сонсох сонин хачин юу эс мундах билээ.



 


"Bikepacking" бол дугуйн аялалын ХАМГИЙН СОНИРХОЛТОЙ төрөл


    ESA— Хол замд дугуйтай, тэгээд ганцаараа аялалд явахын утга учир нь юундаа байдаг юм бэ?

    — Аялалын хоёр дахь өдөр байлаа. Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт байх Монгол Улсын төв цэгийг үзэж сонирхчихоод, цааш Есөнзүйл сумаар дайрч өнгөрөхдөө дэлгүүр орохоор хэсэг саатсан юм. Чамгүй халуун өдөр байсан тул хүйтэн юм авч уучихаад дэлгүүрийн сүүдэр бараадан амарч зогстол мотоцикль унасан, малчин байрын ах дугуйг минь сонжих зуураа яг энэ асуултыг их л нухацтай асуусан юм. Хотоос гараад ганцхан хонож байсан болоод ч тэр үү, ер нь яг яах гэж аялалд гарснаа үнэндээ өөрөө ч ойлгоогүй, нухацтай бодож үзээ ч үгүй явлаа. Яахав, газар орон үзэж, аялж зугаалахыг хүссэн. Гэхдээ тийм асуултад ийм хариу барина гэдэг тэнэг хэрэг л дээ. Тэр өдрөөс хойш аяллаа дуусгаад ирэх хүртэл ахын асуусан асуултыг өөрөөсөө улиг болтол асуусан даа.

    Яахав, унадаг дугуй унаж, сонирхох болсоор хот тойрч, хонуут өнжүүтээр өчнөөн л явсан. Явах тусам зай нь улам бүр холдоод, тэр хэрээр дугуйн аялалд дурлах болсон юм. Улмаар холын аялалд явах тухай бодож, дугуйтай хол явахад юунд анхаарах ёстойг судалж, сонирхож эхэлсэн л дээ. Тэгж яваад манайд огт хөгжөөгүй "bikepacking" хэмээх дугуйн аялалын төрөл байдгийг олж мэдсэн юм. Аялалын энэ төрөл Европ, Америкийн орнуудад өндөр хөгжсөн, сүүлийн үед дэлхий даяар маш эрчимтэй түгэн дэлгэрч байгаа, сонирхолтой төрөл л дөө. Тиймдээ ч энэ төрлөөр хичээллэе, Монголд хөгжүүлье гэж бодсон хэрэг. Хоёрдугаарт, зүгээр л сайхан аялж, газар үзчихээд ирье гэсэн бодолдоо хөтлөгдөн замд гарсан. Мөн цонх онгоймогц бүгчим халуун өрөө цэвэр цэнгэг агаараар дүүрдэг шиг тархи толгойдоо агаар оруулъя, "restart" хийе гээд л аялалд гарсан даа.

 
    ESA—  Дугуйндаа бүх л зүйлээ тээгээд явна гэдэг сонирхолтой санагдаж байна. Ачаа хөсгөндөө юу юу авч явдаг вэ?

    — Майхан савнаас өгсүүлээд хоёр ээлжийн хувцас, хоол хүнс, тогоо шанага, багаж сэлбэг, олс дээс гээд өөрт хэрэгтэй бүх л зүйлийг дугуйндаа ачаад гарна. Тэр бүү хэл эмийн сан, утас зүү, унших номоо хүртэл авч явах жишээтэй. "Bikepacking" гэх энэ төрөл дугуйн аялалын бусад төрлийг бодвол богино хугацаанд хол зай туулдгаараа онцлогтой. Тиймдээ ч бүх л зүйл цомхон хэр нь хэрэгцээнд бүрэн нийцэж байхыг шаарддаг. Манайхан болохоор хамаг юмаа дугуйныхаа арын ачаанд овоолчихдог. Тэгэхтэй зэрэг ачаандаа түүртээд, өдөрт үсрээд л 100 гаруй км зам туулдаг хэрэг.

    Харин "bikepacking" гэх төрөл дугуйгаа өөрийг нь ачаа болгон ашигладгаараа онцлог. Өөрөөр хэлбэл ямар ч нэмэлт төмөр ачаа, чиргүүл тавилгүйгээр, зөвхөн тухайн дугуйнд тааруулан хийсэн цүнх, богцонд ачаа бараагаа багтаадаг. Ингэснээр ачаатай дугуй маань аэродинамик талаасаа илүү зөв шийдэлтэй болж, салхи сөрдөггүй. Мөн хүндийн төв нь дугуйны урд байрладаг учир өгсүүр замд хэр барагтай түүртддэггүй. Эсрэгээрээ уруу газарт өндөр хурд үзүүлэх боломжтой гэхчлэн давуу тал ихтэй. 3200 км аялахад ердөө долоохон км газар дугуйгаа түрсэн, дээд хурд шороон зам дээр 69 км/цаг, засмал дээр 85 км/цаг байсан гэхээр ойлгомжтой байх болов уу. Тэгэхээр худалч хүнд ачаагүй дугуйтай явж байгаа юм шиг болчихдог. Тэр хэрээрээ өдөрт хол зам туулна. Миний хувьд өдөрт хамгийн хол зам туулсан нь засмал замаар 327 км, шороон замаар 165 км явсан байна лээ. Дундаж хурд 29 км/цаг байх жишээтэй.


    ESA— Ачаагаа дугуйндаа тараагаад хуваарилчихаж байна гэсэн үг үү?

    — Тийм. Жишээлбэл, дугуйн рамны гол хэсэгт байдаг гурвалжин зайд яг тийм хэлбэртэй даавуун цүнх хийчихдэг. Түүндээ хоол хүнс, газан плетка, аяга халбага гээд олон зүйл багтаана. Мөн рульны хэсэгт хөндлөн даавуун уут хийгээд майхан саваа аччихна. Арын суудалны чиг дагуу аяллын хөнжил, хувцас хунараа хийчихнэ. Гэх мэтчилэн дугуйгаа өөрийг нь ачаа болгон ашиглах нь "bikepacking" төрлийн онцлог юм.


    ESA— 3200 км замын хэчнээн км нь шороо, хэд нь засмал байв. Мөн хэчнээн аймаг, сумаар дайрч өнгөрсөн бэ?

   — 1300 гаруй нь засмал зам байсан. Бусад нь шороо. 30 хоногийн хугацаанд таван аймаг, 40-өөд сум, хоёр хотоор дайрч өнгөрсөн. Маршрутаа тойм байдлаар нэрлэвэл, Улаанбаатар-Өвөрхангай-Архангай-Хөвсгөл-Хатгал-Ханх-Мөрөн-Булган-Эрдэнэт-Дархан-Улаанбаатар.


    ESA—  Сонирхолтой санагдаж байна л даа. Дугуйн аялалын өртөг зардал хэр байдаг юм бол. Жишээ нь энэ удаагийн аялал?

    —  Дугуй, дугуйн дагалдах хэрэгсэл, элдэв тоног гээд бодож үзвэл өндөр л дөө. Гэхдээ эдгээрийг өмнө нь бэлдэж зэхсэн, бий болгочихсон зүйлс. Энэ удаад хоол хүнс болон бусад зардлаа тооцож үзэхэд 500 мянга орчим төгрөг болсон.


    ESA—  Хамгийн өртөг багатай аялал гэж хэлж болох нь ээ?

    —  Тийм. Дундаж машины банкийг 3-4 удаа л дүүргэх мөнгө шүү дээ. Дөрвөн банк бензинээр хэчнээн км явах билээ. Ингээд бодохоор харьцангуй хямд зардал л даа. Харин соло аяллын хувьд бол байх л зардал. Энэ удаагийн аялал яг аялал жуулчлалын гол маршрутуудыг дайрч өнгөрсөн тул юмны өртөг жаахан үнэтэй туссан. Түүнээс жуулчлалын биш бүс нутгаар явсан бол 200-300 мянган төгрөгөөр л яваад ирнэ. Дугуйн аялалд хамгийн их зардал гардаг зүйл бол хоол хүнс. Хэдий чинээ хол явна, хоол хүнсэнд төдий чинээ үрж зардаг. Өдөрт 300 км жийсний дараа ойролцоогоор 9000 гаруй калори шатаасан гэх үзүүлэлт гардаг. Тэр хэрээр бие махбодь ч алдсан энерги, амин дэмээ нөхөхийг шаарддаг. Түүнээс өөр зардалсаад байх зүйлгүй дээ.


    ESA—  Хаагуур хоноглож байв?

    — Өвөрхангайд хамаатныдаа дөрөв хоноод цааш явсан юм. Мөн зам зуур айл болоод амралтын газарт ганц нэг хоносон. Ингээд бодохоор 30 хоногийн 22-т нь хээр гадаа хоносон болж таарч байна.


     ESA—  Айл амьтан бараадаад л хонож байв уу?

    —  Янз бүр дээ. Бараадах айл ч үгүй газар өчнөөн л таарсан. Зарим үед ёстой л нөгөө хээрээр гэр, хэцээр дэр хийж явсан даа.


    ESA—   Бороо, шороотой хэр таарав. Нэг хэсэг үер ус ихтэй байлаа шүү дээ?

    — 30 хоногийн тав хоногт нь бороо ороод явуулаагүй. Гэхдээ аялал эхлэхээс аваад дуусах хүртэл тэнгэр хангай ч тэр их ивээж байсан. Явж явж нэг газар очиход тэнд нь ширүүн бороо ороод, үер ус буугаад дуусчихсан байх жишээтэй. Нутгийн хүмүүс "Айхтар ширүүн бороо орлоо, гайгүй юу" л гэнэ. Азаар намайг тойрч өнгөрөөд байсан юм билээ. Гэхдээ, шиврээ бороонд их норсон. 

 

                                Соло аялал бол БЯСАЛГАЛ, ГАНЦААРДЛЫН ДАСГАЛ


     ESA— Энэ аялалаас олж авсан хамгийн чухал зүйл чинь юу байсан бэ?

     — Дээр хэлсэн дээ, хот тойроод дугуйтай аялалд олон явсан. Богд уул руу гараад ч юм уу, эсвэл 100, 200 км газар өчнөөн л явж байв. Энэ бол ойрын зай л даа. 

     Эргээд бодоход энэ удаагийн аялал их богинохон байлаа. Нэг л мэдэхэд 30 хоног өнгөрчихсөн, 3200 км зам туулчихсан байв. Соло аялал, тэр тусмаа унадаг дугуйтай соло аялал бол зүгээр нэг дугуй унаад яваад байгаа хэрэг биш. Дугуйн спорт өнгөц харахад зугаатай мэт боловч угтаа их хүнд спорт. Эрчимтэй 70, 80 км газар жийхэд л бие, сэтгэлийн хувьд маш том сорилт, шалгуур болдог. Нөгөө талаас маш гоё бясалгал ч болдог.

     Хөл, гараа ажиллуулаад явж байгаа хүн чинь ядарч, сульдана. “За өнөөдөр тэдэн км жийчих юм сан, тэнд очоод хоночих юм сан” гээд бие, сэтгэлээ дайчилна. Тэгээд дээр нь асар их зүйл бодно. Засмал замаар, нэгэн хэмнэлээр өдөржин жийж байгаа хүн чинь өнгөрсөн, одоо, ирээдүй, эцэг, эх, гэр бүл, найз нөхөд, ажил төрлөөс аваад олон зүйлийн талаар бодож тунгаана. Хийсэн гэм нүгэл гэж байдаг бол түүнийгээ ч бодно, гэмшинэ. Хэлсэн муухай үг, хийсэн муу үйлээ эргэн санана. Алдаа оноогоо дэнсэлнэ гээд нэг талаас гайхалтай бясалгал болдог. Гэхдээ бясалгал гэхээр учиргүй шашин шүтлэгтэй холбож ойлгох хэрэггүй л дээ. Зүгээр л хувь хүн өөрийгөө илүүтэй таньж мэдэх, сэтгэл дотор руугаа өнгийх, бодлоо цэнэх боломж юм.

     Хотоос гарснаас хойш яг 30 хоногийн дараа буюу аяллын хамгийн сүүлийн өдөр Дарханы замаар 140 км жийгээд хотод орж ирсэн юм. Орой 18:00 цаг өнгөрч байхад хот руу орж ирээд гэрээс холгүй, км хэрийн зайтай газар олны хөлөөс зайдуу суучихаад аялалдаа дүгнэлт хийсэн юм. “Энэ аялал надад юу өгөв?” гээд л. Хүмүүс янз бүрээр л ярьж, бичдэг, “Өөрийгөө олох, ойлгох” гэх мэт. Миний хувьд өөрийгөө өчүүхэн төдий таньж мэдсэн нь, мөн бага гэлтгүй тээж ирсэн бодол, ухаарлууд минь л аялалын гол утга учир байлаа.

     Урьд өмнө “Аялал хүнийг даруу төлөв болгодог, өчүүхэн гэдгээ мэдэрдэг” гэх мэт үгсийг өчнөөн сонсч байсан ч бүрэн дүүрэн ойлгодоггүй байв. Одоо тэр үгний утга, учрыг асар ихээр ойлгодог болсон. Хотоос дугуйтай гарсан Гэрэлчулуун, сарын дараа ирсэн Гэрэлчулуун хоёр огт өөр хүн болсон байсан. Гэхдээ аялал бүхэн хүнийг даруу төлөв болгоод байдаггүй байх. Багахан эрсдэл үүрсэн, хүнээс биеийн болоод сэтгэлийн хат, тэсвэр тэвчээр шаардсан аялал хүнд их зүйл өгдөг юм байна. Яваад, даваад гарах сайхан. Даруу төлөв, хүлээцтэй болдог юм байна. Энэ талаараа унадаг дугуйн соло аялал бол гайхалтай бясалгал, ганцаардлын дасгал юм даа.

 

     ESA— Аялалын хугацаанд таны фэйсбүүкийн постууд олон хүний анхааралд байсан. Сонирхол татсан нэг зүйл юу байсан бэ гэхээр, “Даанч харамсмаар богинохон энэ шөнө
Даарч хоносон хүнд хэчнээн урт байсан бол” гэж эхэлсэн пост. Даанч харамсмаар богинохон шөнө байсан юм уу, эсвэл даарч хоносон хүн нь та байсан юм уу?

    — /Инээв/. Бороонд цохиулаад, хамаг юм нэвт норчихсон унтаж чадахгүй даарч хоносон хэрэг. Тийм шөнө олон байсан. Хөгжилтэй, инээдтэй зүйл ч олон байлаа. 

    Их сонин, яг сум, суурин газар руу орохын наахна, 20, 30-хан км дутуу байхад бороо асгаад эхэлдэг. "Хангайн бороо гэнэт асгах нь сайхан" гэдэг шиг л юу юугүй асгаад унана. Явах хэцүү, майхнаа бариад хүлээе гэхээр гэгээ тасарчих гээд, тэгээд л “За за, өнгөрсөн хэрэг. Жийчихье” гээд л  явж өгнө. Тэр хооронд шалба норолгүй яахав. Тэгээд л хамаг юмнаас нь ус дусалсан хүн өнөөх сум, суурин газраа хүрчихээд, “Хувьтай хүн хурнаар” гэж өөртөө хэлээд, ганцаараа тэнэг хүн шиг инээд алдаад л зогсч байна. 

    Фэйсбүүкт тийм пост оруулсан нь, Тэрхийн цагаан нуурнаас Мөрөн рүү явсан эхний өдөр өдөржин бороо шивэрсэн юм. Орой нь бүхэлдээ норчихсон амьтан нойтон майхнаа дэлгээд, нойтон шахуу мешокондоо ороод унтсан даа. Унтахаас өөр аргагүй, гэгээ тасарч байсан юм. Солих хувцас маань ч норчихсон. Хангай газар хувцас нэг чийг авчихвал хатталаа 2-3 хонодог юм билээ.

    Тэр шөнө нойтон хувцастай, нойтон мешокондоо орчихоод унтаж чаддаггүй. Гадаа бороо шиврээд, би гэж хөлдөж үхэх гэж байгаа амьтан хөнжилдөө чичрээд л. Аялалд гарахдаа хоёр ном авч явсны нэг нь зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын “Бясалгал” гэх шүлгийн түүвэр байсан юм. Тэр номны 165 дугаар хуудсанд “Богинохон шөнө” нэртэй шүлэг бий. 

    Даараад унтаж чадахгүй хэвтэж байхад тэр шүлэгний, “Даанч харамсмаар богинохон энэ шөнө
Даарч хоносон хүнд хэчнээн урт байсан бол”
гэдэг хэсэг толгойд орж ирээд, инээд ч хүрэх шиг, уур ч хүрэх шиг /инээв/. Тэр бороо үүр цайтал орсон.  Шөнө 03:00 хүртэл хөрвөөж байгаад жаахан дуг хийгээд сэртэл шөнөжин шивэрсэн бороо майханд нэвтэрч байх жишээтэй. “За унтана гэж байхгүй юм байна” гээд үүр цайхын наахна босоод норсон чигээрээ, шиврээ бороон дундуур замд гарч байгаа юм. Тэгэхээс ч аргагүй.

    Энэ мэт эргээд бодоход инээдтэй, бас дурсамжтай зүйл олон тохиолдсон. Тэр бүхэнд бие, сэтгэлийн хувьд их хатууждаг юм байна. Мөн гайхалтай дурсамж болон үлдэнэ. Тухайн үедээ хүнд, хэцүү байсан ч эргээд бодохоор даваад гарсан байна, маш гоё дурсамж.

    Хамгийн авууштай нь, өчнөөн удаа бороонд цохиулж, нойтон чигээрээ унтаад сэрэхэд хамрын шуухитнаа ч байхгүй, харин ч бие хаа сэргэг, хөнгөн болчихсон байдаг. Дугуй унасантай холбоотой байдаг юм уу, эсвэл “Тэнэг хүнийг тэнгэр ивээнэ” гэдэг шиг ганцаараа яваа юм гээд ивээсэн ч байх /инээв/. Энэ удаагийн аялалын нэг том сургамж нь бороо байв. Дараа дараагийн аялалд ус, чийг нэвтэрдэггүй цүнх, богц зэхэж бэлдэхэд анхаарах хэрэгтэйг ойлгосон.


    ESA— Усан борооноор унадаг дугуйтай зүтгүүлж явахыг харсан хүмүүс гайхна биз?

   — Тэгэлгүй яахав. "Ингэж өөрөө өөрийгөө зовоож, зутарч явахын хэрэг юу байна" гээд л асууж шалгаана. Би түүнийг нь тайлбарлах гэж хэрэндээ л хичээнэ. Гэхдээ өөрөө яваад, үзэж туулаад, ард нь гарсан хүн л илүүтэй ойлгох байх. Саяхныг хүртэл монголчууд бидний дийлэнх олонх нь хөдөөд амьдарч байв. Гэтэл өнөөдөр тал илүү нь хот орон бараадаж, суурин амьдралыг сонгож л дээ. Өглөө ажилдаа, орой гэр рүүгээ. Гэтэл ердөө хагас зуун жилийн өмнө олонх нь мал маллаж, адуу малтай ноцолдож, отор нүүдэл хийн олон хоногоор явдаг байв. Ёстой нөгөө "Шүлсээр ундалж, шүдний махаар хооллож" гэдэг шиг хээрээр гэр, хэцээр дэр хийж тэр хэрээр бага балчраасаа хатууждаг байж. Гэтэл одоо тэр мэт хатуужих боломж, нөхцөл нь хомс болчихсон. "Хөдөө яв, мал малла" гэж байгаа юм биш л дээ. Зүгээр л бид юм юмаар дутуу хүтүү байж, хатуужих боломжгүй болчихоод байна. Тэр тусмаа хотынхонд, хотын хүүхдүүдэд. Багачууд зуны амралтаараа зуслан явах нь ховордож, тийм бололцоо ч муу байх шиг байна. Хөдөө гадаа, өвөө эмээгийндээ очдог нь ч жил ирэх тусам цөөрөөд байна. Тиймдээ ч зуны амралт нь тоглоомын талбай, PC-нд л өнгөрч байна шүү дээ.

 

Хот хүнийг их ЭВДДЭГ ЮМ БАЙНА

 

    ESA— Хөдөө сонин содон амьдралтай хүмүүстэй тааралдав уу?

    — Сонин, содон гэхээсээ илүү хуучин монгол ахуй соёлоо тэр чигээр нь аваад үлдсэн хүмүүс сайхан санагдсан. Мэдээж, бүгд тийм байж чадахгүй шүү дээ. Жишээлбэл, нэг нь тэнд мотоцикль унаад адуугаа хөөгөөд явж байхад нөгөө нь энд уурга сунгаж, бугуйл шидээд л байж байх жишээний. Харахад сайхан. Архангайн Тариатаас Хөвсгөлийн Жаргалант сум руу явах замд модон дугуйтай тэргэнд үхэр шараа хөллөж нүүдэл суудлаа залгуулж байгаа айл ч цөөнгүй таарсан. Өнөө үед тэр зүйлс л содон сонин болж.

    Нөгөө талаар хот, хөдөөгийн ялгааг л маш их олж харлаа. Одоо яг эхэлж байна шүү дээ, “За нөгөөдүүл чинь ирчихэж” гээд л. Энэ мэтээр Улаанбаатарын залуус бид  хот, хөдөө гэдэг зааг ялгаа, гадуурхал үүсгээд байна л даа. Бид хөдөөгийнхнийг “Нөгөөдүүл” гэж хэлж байгаа юм. Тэгээд л цаашаа, “Орк, мангар, тэнэг, бүдүүлэг” гээд л. 

    Яг үнэндээ жинхэнэ “орк”-ууд хотод л амьдарч байна. Бод л доо, Өвөрхангайн Уянга суманд явж байтал зөрж өнгөрсөн залуу тосч ирээд мэнд ус, хэрэг зориг асууна. "Ганцаараа, дугуйн аялал хийж явна, ийм тийм" гэхтэй зэрэг, “Өө тийм үү, манайх энүүхэнд. Ороод цай уугаад яв” гэнэ. Ороод цай цүү болж байтал “Хоол хийгээтхэе, байж бай” гэнэ. Сүүлдээ “Хоноод явна уу?” гэнэ. Ийм тохиолдол маш их.

    Бүтэн өдөр хүний бараа харалгүй явж байтал өөдөөс ирсэн машин хотын дугаартай байж таарна, тосоод зогсоно, өнгөрөөд л явна. Гэтэл хөдөөгийнхөн морь мал, машин, мотоцикльтой юу ч байсан хамаагүй бүгд зогсоно. Эхлээд мэнд ус мэднэ, тэгээд "Зам харгуй яав ийв, давгүй юу" гээд л асууна. Наад зах нь өөрсдөө идэж ууж яваа ус, ундаа, айраг цагаагаа “Май, чи үүнийг авчих аа” гээд л сарвайна. Тэгэхэд хотын дугаартай машинуудын ихэнх нь тоосоороо булаад л өнгөрнө.

    Нэг жишээ ярья л даа. Ханхаас буцаж явсан юм. Ханхаас Хатгал хүртэлх 180 км зам бороо шороотой үед машин явахад бэрх зам. Бүтэн өдөржин явахад нэг ч хүн таараагүй юм. Тэгсэн араас хотын дугаартай, гурван хар машин ороод ирлээ. Гурвуулаа хажуугаар шавар цацаад өнгөрч байгаа юм. Бүх цонх нь хаалттай, теннтэй.  

    Тэгэхэд тэрний араас ирсэн, Хөвсгөлийн дугаартай фургоны жолооч зорьж ирж зогсоод, зам харгуй зааж өгөөд л. "Ачаанд багтахгүй нь" гэсээр байтал идэж явсан ууттай боорцгоо өгчихөөд, амжилт хүсээд салж байгаа юм.

    Цааш хэсэг явсны дараа өнөөх хажуугаар шавар цацаад өнгөрсөн хар машинтангууд замын хажууд зогсч байна. Түрүүнд хажуугаар өнгөрсөн болохоор яах ийхийг нь харах гээд түрүүлж мэнд ус мэдье гэж бодсонгүй. Хажуугаар нь өнгөрдөгийн даваан дээр “Сайн байна уу?” гэж байна. Би ч мэнд ус мэдээд, ингэж тэгэж явна гэтэл “Өө, тэгвэл хамтдаа нэг сэльфи хийчихье” гэж байгаа юм. Уулзаад минут ч болоогүй хүн шүү дээ.

    Ний нуугүй хэлэхэд, тоосоороо булаад өнгөрдөг нь хотын дугаартай машинууд л байдаг юм байна лээ. Адилхан монгол хүмүүс зогсоод өнгөрдөггүй юм гэхэд гараа даллаад ч болтугай гарч болно биз. Албатай ч юм биш л дээ. Гэхдээ л бусдад ч, өөрт ч сайхан санагдана биз. Жуулчид бол үнэхээр их урам зориг өгнө. Хөвсгөлийн Шинэ-Идэр сум руу орохын наахна нэг их том даваа бий. "Жийгээд гарна даа" гээд хэдэн км үргэлжлэх урт даваа руу зүтгэж явтал жижиг оврын автобустай жуулчид хажуугаар өнгөрсөн юм. "Чи чадна аа, жийгээд бай. Амжилт хүсье" гээд л орилоод өнгөрнө. Зарим нэг нь бараа нь тасрах хүртэл гараа даллана. Хөдөөгийнхөн ч гэсэн холуур яваа нь гараа даллана. Гэтэл хотын дугаартай машинууд сүр сар гээд л алга болно. Тэрийг “Хот зан” гэх үү, эсвэл их зан гэх үү, мэдэхгүй. Хот, хөдөөгийнхний ялгаа яг үүнд байна. Гадныхан ч тэр, бид өөрсдийгөө ч тэр сайхан сэтгэлтэй, зочломжтой, найрсаг гэх мэтээр тодорхойлдог. Үнэндээ тийм хэвээрээ, монгол хэвээрээ үлдсэн хүмүүс нь хөдөөд л байна. 

    Нэг ёсондоо хотод байгаа бидний мөн чанар их өөрчлөгдсөн юм байна. Хотоос холдох тусам хотынхонд байхгүй болж байгаа гэмээр хүмүүний эрхэм чанарууд хөдөөгийнхнөөс илүүтэй харагдана. Итгэлцэл, хүн хүнээ гэсэн чин сэтгэл. Цаашлаад монгол монголоо гэсэн хайр. 

    Тэрийг би их олон зүйл дээр анзаарлаа. Наад зах нь хөдөө ганцаараа явж байгаа хүнд янз бүрийн бэрхшээл тохиолдоно. Мөнгөгүй ч болох үе байна. Утас, powerbank, гэрэл чийдэн гээд хамаг юмны цэнэг дуусна.

    Архангайн Хотонт сумын Сант багийн хажуугаар өнгөрч явсан юм. Хорин хэдхэн айлтай, жижигхээн хөөрхөн баг. “Таньж мэддэг хүнтэй сэн бол энд хоноод утас энэ тэрээ цэнэглэчих юм сан” гэж бодоод л явж байтал хажуу уулын энгэр дээр нэг эмээ гурван ачтайгаа сууж байна. Очоод ойр зуурын яриа өрнүүлсний дараа, “Эмээ, би танайд хоноод утас шөрмөсөө цэнэглчихээд явчих уу?” гэтэл огтхон ч айж цэрвэлгүй “Тэг, тэг миний хүү” гэж байгаа юм. Тэгээд гэрт нь яваад ортол эмээ, гурван ачтайгаа л байж байсан юм билээ. Хашаандаа нэг жижигхэн байшин, бас нэг гэртэй. “Манай байшин тогтой, гэр тоггүй, миний хүү байшинд унтаж амраад яв” гээд хоол цай хийж өгөөд гэртээ хонуулсан.     

    С.Зориг агсан хэлсэн байдаг шүү дээ, “Монголчууд бид цөөхөн. Тиймээс бие биедээ итгэж байж л хөгжинө" гэж. Би хөдөөгүүр явж байхдаа үүнийг их анзаарлаа. Хотод амьдарч байгаа бид бие, биедээ итгэж чадахаа больчихож.

    Бас нэгэн жишээ. Булганы Түлүүгийн даваан дээр гарч ирэхэд бэлэн мөнгөгүй болчихсон байв. Тэнд замын хажууд айраг зардаг нутгийн хүмүүс сууж байдаг шүү дээ. Айраг уумаар санагдаад болдоггүй. Тэгэхээр нь хамгийн захын эгч дээр очоод, “Эгч ээ, би ингээд явж байгаа юм аа. Та нэг литр айраг, гурван ширхэг чанасан өндөг өгөөч. Булган ороод таньд мөнгө шилжүүлье” гэлээ. Тэгтэл ер эргэлзэж тээнэгэлзсэн шинжгүй “Өө, тэг тэг” гэдэг байгаа. Ингээд л 5000 төгрөгийн зүйл тэр эгчээс зээлж аваад яваад өгч байгаа юм. Эгч надад шархны лентэн дээр нэр, дансны дугаараа бичиж өгөөд үлдсэн. Тэр эгч яагаад тийм үйлдэл хийснийг тухайн үед ерөөсөө ойлгоогүй. Яагаад гэхээр, би өөрөө хотод их удаан амьдарч л дээ. Сүүлд бодож байхад хөдөөгийнхний сэтгэл хотын биднийг бодвол хиргүй цагаанаараа байгаа мэт.

    Хот, хөдөөгийн гол ялгаа үүнд л байх шиг байна. Хот гэдэг зүйл өөрөө хүнийг их эвддэг юм байна. “Нөгөөдүүл ирчихэжээ” гэхчлэн фэйсбүүктээ бичиж байна шүү дээ. Үнэнийг хэлэхэд 100 хүрэхгүй жилийн өмнө бид бүгдээрээ л "Нөгөөдүүл" байлаа шүү дээ. Угтаа, хичээл сургууль эхэлсээр миний яриад байгаа нөгөө сайхан сэтгэлтэй хүмүүс ирж байгаа байхгүй юу. Одоо тэр хүмүүсийн хир буртаггүй байгаа сэтгэл рүү хот шууд л нулимна. Өмхий үнэр, хар утаагаараа утна.

    Товчхондоо юу хэлэх гээд байна вэ гэхээр, хотод амьдарч байгаа бид хүний мөн чанарт биш, гадаад төрх, харагдах байдалд илүү ач холбогдол өгөөд байдаг юм байна. Хөдөөгийнхөн маань орж ирээд бидний тэр байдлыг даган дуурайдаг, хэсэг хугацааны дараа яг адилхан хүмүүс бий болчихсон байдаг.

    Бидний муулдагчлан хөдөөгийнхөн нус, цэрээ хаядаг байж болно. Эцсийн эцэст энэ чинь соёл гэхээсээ илүү хүнд эзэмшүүлж болох дадал шүү дээ. Жинхэнэ соёл юу юм гэхээр, хөдөө хээр явж байгаа хүнийг угтаж аваад, мэнд ус мэдээд, "танихгүй хүн шүү" гэлгүйгээр итгэж чаддаг тийм сэтгэлийг хэлээд байх шиг.

    Гэхдээ бүгд биш л дээ. Өвөрхангайн Уянга сум, Найман нуурын эрэгт уулзаж танилцсан хүмүүс ганцаараа яваа дугуйчинд үнэхээр сайхан сэтгэлээр хандсан. Ширээт нуурын эрэгт хоёр хоноход аялж зугаалж яваа хүмүүсийн урилга заллагад дарагдаж, айл амьтны майхан сав хэсч явсаар өөрөө хоол ч хийж идээгүй байсан. "MCS property" компанийн инженер голдуу арваад залуу, зураач-барималч Оргил гэх ах гэр бүлийн хүний хамт, мөн хөтөч хийдэг Буянбат, Лхагвадорж гэх залуус цөм найр тавин угтаж, их тус болсон. Эхний өдөр нуурын урд эрэгт хоночихоод хоёр дахь өдрийн орой хойд эрэгт нь гарахаар ачаа бараагаа янзалж суутал хэсэг залуус ирсэн юм. Хотоос ирсэн гэх хэдэн найзыгаа Уянга сумын найзууд нь газар орон үзүүлж явсан юм билээ. Надтай уулзаж ярилцаад нэг их удаагүй. 20, 30 минут л болсон байх. Дугуйн аяллын тухай элдвийг асууж сонирхож байгаад буцахдаа аялалд маань амжилт хүсэн надтай ээлж ээлжээр гар бариад салсан тэдний нэг нь халааснаасаа 20 мянган төгрөг гаргаж ирээд "Замд яваа хүнд мөнгө хэрэгтэй. Хоёр өдөр ч болов хоол идчихээрэй" гээд сарвайх жишээтэй. Би бүр шоконд орчихож байгаа юм. Зарим нэг айлд овоо хэд хоногийн хоолны мөнгө шүү дээ. Гэтэл дурандаа дугуй унаж яваа надад "май" гээд л. Сүүлд бодож байхад хотынхон гэхээс илүү хот өөрөө асуудал ч юм шиг. Магадгүй би хэтрүүлсэн ч байж болно. Энэ ердөө л миний бодол юм шүү. Туйлын үнэн биш, бүгд адилхан биш гэдгийг санаж, зөвөөр ойлгохыг хичээгээрэй.


    ESA— Очихыг хамгийн их хүссэн газартаа хүрч чадсан уу?

    —Өмнө нь ажил төрөл, аялал зугаалга гээд л эх орноо машинтай хоёр ч удаа тойрсон л доо. Сая явахдаа нэгдүгээрт очиж үзээгүй газруудаа үзье, хоёрдугаарт аажуу уужуу явъя гэж бодсон. Очиж үзэхийг хамгийн хүсч байсан газар бол Хөвсгөлийн Ханх сум.  Би өөрөө нэг тийм амар жимэр, ажин түжин, буйдхан газарт дуртай л даа. 


    ESA— Үүнийг чинь одоогийн залуус "эмо" гэж нэрлээд байгаа шүү дээ?

    — /Инээв/. Алсдаа тийм эмо амьдралаар амьдрахыг хүсдэг. Буйдхан газарт очоод, жижигхэн байшин барьж аваад, хэдэн гахай тахиа тэжээгээд, газар тариалан эрхлээд гэдэг ч юм уу. 

    Ханхад очихыг маш их хүссэн, миний хүлээлтээс давсан тийм гоё газар байна лээ. Тэнд таньдаг нэг ч хүн байхгүй. Тэгсэн Ханх руу явж байх замд хэдэн дугуйтай аялагч таарсан нь "Монголын дугуйн аяллын холбоо"-ныхон байсан юм. Арав орчим хүний бүрэлдэхүүнтэй явсан тэр баг намайг их үнэлсэн, их ч тус болсон. Тэдгээр аялагчдын нэг Доржготов гэх ах Ханх суманд жуулчны баазтай бөгөөд намайг тааваараа хонож өнжөөд яваарай гэсэн юм. Хаана, хэн дээр очихоо мэдэхгүй, ядаж байхад нэвт норчихоод Ханхад хөл тавьсан хүн чинь халуун шүршүүрт орчихоод, цав цагаан хэрэглэлтэй зочид буудлын өрөөнд хонож байгаа юм.

    Маргааш өглөө нь босоод Ханх сумтайгаа танилцсан. Үнэхээр үлгэрийн орон байна лээ. Нуурын эрэг дагуу, нөгөө л хөөрхөн, хөөрхөн жижигхэн дүнзэн байшингууд.  Тэр байшин, нуур хоёрыг тусгаарлаж байгаа зүйл нь ердөө л машин зам. Гэрээсээ гарч ирээд л шанагаар ус хутгаж аваад буцаад орчихдог. Энд жаахан хүүхдүүд нуурын эрэг дээр тоглоод, тэнд усны мандалд ганц завь давалгааны аясаар хөвөөд, дээр нь суугаа хүн усанд уурга шидсэн шиг, хэдэн цахлай тойрч нисээд л. Тэнд хэн ч, хэнтэй ч тэрсэлдэх, муудалцах шаардлага алга. Хүн болгон жижиг, жижиг байшиндаа өөрсдийнхөө амьдралыг болгоод л амар жимэр аж төрж байна. Түгжрэл, утаа тортог, өмхий үнэр, өдөржин олж хардаг уур уцаартай дүр төрхүүд харагдахгүй.

    Хатгалаас Ханх хүртэл нуурын зүүн эрэг дагуу 180 км зам туулдаг. Тэр замаар фургон мэтийн туулах чадвар сайтай машин л явна уу гэхээс бороо хуртай үед хэр баргийн унаа явдаггүй юм байна. Тэр замыг Ханх, Хатгал аль аль талаас нь засч эхэлж байгаа юм байна л даа. Нутгийн иргэд энэ талаар хоёр байр суурьтай. Нэг хэсэг нь “Зам дагаж хөгжил ирнэ” гэх бол нөгөө хэсэг нь “Энэ замыг засах юм бол нуурын зүүн эрэг хүний хөлд талхлагдана” гэх жишээтэй.

 

Ханх сум, нуурын зүүн эрэг дараагийн ТЭРЭЛЖ БОЛЧИХ ВИЙ


    ESA—Тэр замыг засчихвал жинхэнээсээ “Нөгөөдүүл ирлээ” болох нь байна шүү дээ?

    — Яг тийм. Хотынхон жинхэнэ утгаараа “Нөгөөдүүл” болно, тэр нутгийнхны хувьд. Одоо тэнд онгон зэлүүд байгаль нь яг хэвээрээ. Нүүрний хэдхэн мод нь л харагдахаас цааш юу байгаа нь үл мэдэгдэх өтгөн шигүү тайга, залгаад Хөвсгөл далайн үзэсгэлэнт эрэг ирмэг газар. Угтаа уул нурууд араараа модтой байдаг шүү дээ. Гэтэл далайн зүүн эрэг тэр чигтээ ар өвөргүй мод. 

    Та санаж байгаа байх, Хатгал руу хар зам тавьсны дараа машинтай болгон тийшээ цувсан шүү дээ. Одоо Хатгал орчим, Жанхайн даваа, машин зам хүрсэн газрууд замгүй байх үеийнхээсээ тэс өөр болсон гэж нутгийнхан ярьж байна. Газар нь талхлагдаад, хог хаягдал ч найгүй болсон байна. Замд Улаан цутгалан гэх мэт газрууд зүгээр л томоо гэгч хогийн цэг мэт болж. Төрийн ажлыг би шийдэхгүй л дээ. Гэхдээ миний бодол юу байсан гэхээр, тэр зам зүгээр л тэр хэвээрээ үлдээсэй. Хүмүүс тийшээ фургон машинаараа явна уу, эсвэл үхэр шараа хөллөөд явна уу хамаа алга. Замыг нь засчихвал далайн зүүн эрэг зүгээр л дараагийн Тэрэлж болно. Миний хувьд хайран санагдсан, харамламаар санагдсан. Тэнд нутгийн хүмүүс Хатгал, Ханх хоёрын хооронд хадлан тэжээл бэлддэг юм байна, цөөхөн хэдэн айлтай юм байна. Бусдаар бол жинхэнэ онгон зэлүүд газар. Хааш хаашаа 30 км тойрог дотор ямар ч айлгүй тийм зэлүүд тайга ч байна. Би яг тэнд нь хоносон. Үнэхээр гайхалтай сайхан газар.


    ESA— Чоно нохой байдаггүй хэрэг үү?

    —Байдаг гэнэ лээ.


    ESA— Чоно нохойд идүүлчих вий гэж айсангүй юу?

    —/Инээв/. Намайг “тоож” идсэнгүй ээ. Ханх руу гарахын өмнө таарсан нутгийн хүн “Хилэн даваад Борсого хүртэл 40 гаруй км газар ямар ч айлгүй шүү. Тэгэхээр нэг бол Хилэнгийн наана хоноорой, нөгөө бол Борсого орж байж айл бараадаж хоноорой” гэсэн юм. Гэтэл би яг тэхий дунд нь очоод хоночихсон. Эвгүй л юм билээ. Намар орой, Богд уул руу дугуйтай гарч хоноход энүүхэнд чоно улих сонсогдож л байдаг. Хол газар оччихсон надад эхэндээ эвгүй л байв. Орой болчихоод байдаг, ойр хавьд айлгүй. Эзгүй тайгад ганцаараа. Яадаг юм билээ гээд байж байтал нэг фургон явж өнгөрлөө. Фургон ч миний бараанаар тосоод ирж байгаа юм. Жолооч ахаас "Чоно, нохой..." гээд л асуутал, “Үгүй чи, хүн л хүнээ барина уу гэхээс хангайн амьтан өдийд яах ч үгүй” гэж байна. Тэгээд л зориг ороод, нуурын эрэг дээр явж очоод майхнаа босгоод, давалгаанд эрэг дээр гарч ирсэн мөчирнөөс түүж түүдэг асааж аваад, цамцаараа мануухай босгочихоод унтаад өгсөн дөө. 

    Айгаад л байвал явахгүй л дээ. Аялалын туршид бараг 20-иод хоногт нь айл амьтнаас хол, зэлүүд газарт хоносон. Айдсаа давж гарах нь бас л нэг шалгуур юм даа.


    ESA— Аялалыг амттай болгодог нэг зүйл уг нь гэрэл зураг шүү дээ. Зураггүй шахуу ирсэн гэж байгаа?

    — Фэйсбүүк дээр постолсон хэдэн зураг л үлдэх шив дээ. Голдуу утсаараа зураг аваад байсан юм. Бараг найман гега зураг авчихсан байтал Ханх руу явах замд утас эвдэрчихсэн. 30 хоногийн аяллын туршид тохиолдсон хамгийн муу зүйл гэвэл тэр л байсан даа. Ганцаараа явж байгаа хүнд гар утас хүртэл хань болдог юм байна шүү дээ. Утас эвдрэхэд үнэхээр сэтгэлээр унасан.


    ESA— “Хань”-гүй болчихоод сүүлдээ дугуйндаа хүртэл нэр өгчихөөд ярилцаж явсан гэв үү?  

    —Ганцаараа явахад хөгжилтэй үе их байна. Уйдаад ирэхээрээ эхлээд өөрөө өөртэйгөө ярина, дуулна, шүлэг уншина, дугуйтайгаа ч ярина. Сүүлдээ дугуйндаа нэр өгч байгаа юм. Нэр нь Мариа. Турк зохиолч Сабахаттин Алигийн “Арьсан хүрэмтэй Моданна” гэдэг зохиолын Мариа Пүдер гэх гол дүрийн эмэгтэйн нэрийг дугуйндаа өгсөн хэрэг. Дуртай зохиолынхоо, дурласан дүрийнхээ нэрээр дугуйгаа нэрлэчихээд, ярьж явах жишээтэй /инээв/. 30 хоногийн урт аялалын турш Мариа маш сайн байж, нэг ч удаа эвдэрч гэмтээгүй шүү. 3200 км явахад нэг л удаа дугуй хагарсан. Өөрөөр эвдрээгүй.

    Ганцаараа яваа хүнд сайн дугуй, сайхан ном, хутга гурав л их хань болсон доо. Байс гээд л Мариатайгаа ярина. “Мариа, чи үнэхээр сайн байна. Хоёулаа чадна аа” гээд л. Ингэхтэй зэрэг сэтгэл зүйн хувьд ч огт өөр болдог юм билээ. Гөлийгөөд яваад байвал тэнэг биз дээ.


Дараа жилийн зун даанч ХОЛ САНАГДАЖ БАЙНА


    ESA— Мариа та хоёр хэдэн жил болж байгаа юм?

    — /Инээв/. Дугуй унаж эхлээд жил гаруй л болж байна. Мариа миний анхны дугуй. Өнгөрсөн жилийн зургадугаар сард анх Мариагаа авсан юм. Тэгээд хамт дугуй унадаг найзуудтай ч болсон. Тэдэнтэйгээ хамт аялалд явж, тэмцээн уралдаанд ч орсон. Хот тойроод л яваад байсан чинь сүүлдээ дасал болчихоод, сонин биш санагдаж эхэлсэн. Тэгээд үүний өмнө Дундговийн Цагаан суварга руу аялсан. Буцаад ирэхэд яг 1000 км зам туулсан байсан. Тэгээд ганцаараа илүү хол зайд явъя, өөрийгөө сорьж үзье гэж бодоод энэ аялалд гарсан даа.

    Ер нь, Мариа бид  хоёр нийт 8000 гаруй км явж байгаа юм уу даа. Дугуй асуудалгүй, зам дардан байхад жийгээд л баймаар санагддаг. Бараг аяллаа дуусгаагүй байхдаа дараагийн төлөвлөгөөгөө гаргачихсан байх жишээтэй. Ирэх жил илүү хол зам туулах тухай төлөвлөж байна. Гэхдээ дараа жилийн зун даанч хол санагдаж байна даа.

    Монголд дугуйтай соло аялал хийдэг хүн гарын таван хуруунд багтахаар цөөхөн. Ийм аялалд яваад, өөрийгөө ялчихаад ирсэн хүн эргэлт буцалтгүйгээр амтанд нь орчихдог юм байна. Өнөөгийн бидэнд тохирох бясалгалын нэг хэлбэр нь соло аялал гэж би хэлнэ. Энэ бол зүгээр л өөрөө өөртэйгөө байх цаг хугацаа. Наад зах нь хүнийг маш хүлээцтэй болгодог юм байна. Хүнд асар их зүйл өгдөг, би энд зах зухыг нь л ярьж байна.


     ESA— Дугуйн спорт сонирхогчдод хандаж зөвлөх зүйл байна уу?

     — Ер нь дугуй ч гэлтгүй. Хүн бүр ямар нэг дуртай зүйлдээ цаг гаргаж байх хэрэгтэй санагддаг. Нэг үгээр өөрөө өөртөө цаг гаргаж байгаа хэрэг шүү дээ. Дуртай зүйлээ хийж байгаа хүн сэтгэл зүйн хувьд залууждаг юм байна. Булганаас Эрдэнэт рүү явах замд дугуй унасан хоёр хүнтэй таарсан нь тэтгэвэрт гарсан физикийн багш, хоёр эгч байсан юм. Нэг нь хотод, нэг нь Эрдэнэтэд байдаг. Хоёулаа Эрдэнэтэд уулзаж, дугуйгаа унаад Булганы Хутаг-Өндөр рүү явж байсан нь тэр юм билээ. Ирж очихын 600 км газар. Тэр хоёртой уулзах хүртлээ өөрийгөө нэг их баатарлагаар мэдрээд байсан хүн, 60 гарсан хоёр эмэгтэй хүн тэгж явааг хараад өөрөөсөө ичсэн.

      Тэр хоёр эгч надад нэг гоё зүйл ярьсан нь, нэгнийх нь ээж 90 хүрсэн хойноо охиндоо хандан, “За охин минь, 60, 70 нас гэдэг залуу нас юм байна шүү” гэж хэлсэн байгаа юм. Хоёр эгчийг би аяллаа дуусгаад холбоо бариарай гэсэн юм. Хотод ирсний дараа нэг нь над руу залгаад “Бид хоёр бүр 700-гаад км явсан.  Бэртэж гэмтээгүй, дугуй эвдрэлгүй, бүх зүйл зүгээр. Сайхан аялаад ирлээ” гээд ярьж байна лээ. Тэд дараагийн удаад Байгаль нуур руу дугуйтай аялал хийхээр төлөвлөж байгаа гэсэн. Үүнийг нь сонсоод л миний ингэж аялах ч сүртэй зүйл биш юм байна гэж бодсон доо.

   ESA-— Ярилцсанд баярлалаа.

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 13 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (13)

Зочин /93.66.204.167/

2018-10-24 07:38

ULAN BATOR миний хүмүүс Агвакерын зээлийн компанийг үүсгэн байгуулсан бодит болон жирийн зээлийн компаний орон сууцыг худалдаж авахын тулд зээл авах талаархи нотолгоо. Би өнөөдөр сайхан амраарай. , Миний нэрийг Абдуллах гэдэг бол би Рияд хотоос ирсэн. Өнгөрсөн 5 сарын туршид жинхэнэ зээлийн компанийг хайж, байшин худалдаж авлаа Надад бүгдэд нь итгэж, эцэст нь надад итгэдэг байсан зальтай хүмүүс байсан Өдөржингөө, надад мөнгө өгөхгүй, бүгдийг нь өглөө миний итгэл найдвар алдагдсан, би гомдоллож, бухимддаг, би интернетэд зээл авч байсан компаниудтай ямар нэгэн зүйл хийхийг хүсдэггүй байсан учраас би мөнгө зээлж авсан Найз минь, би түүнд тохиолдсон бүгдийг хэлсэн, тэр надад тусалж чадна гэж хэлсэн Тэрбээр зээл авахад надад тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүний түвшин 2%, тэр саяхан авсан Тэднээс зээл авсан, тэр зээлээ хэрхэн авахыг надад зааварласан Тэр надад хэлсэнчлэн, би тэдэнтэй хамт И-мэйлээр өргөсөн: (albakerloanfirm@gmail.com) Би хэзээ ч итгэхгүй байсан ч би оролдож, 24 цагийн дотор зээл авсан нь миний хамгийн том гайхшрал байлаа. Би дахин аз жаргалтай, баян болсон бөгөөд энэ зээлийг Бурханд талархаж байна Иймэрхүү компаниудад энэ бүх залилангууд дээр байгаа хэвээр байгаа, Зээл авахад [хориотой үг]рдлагатай бүх хүмүүст зөвлөгөө өгнө үү (albakerloanfirm@gmail.com) тэд хэзээ ч танд алдагдахгүй болно таны амьдрал минийх шиг өөрчлөгдөнө. Өнөөдөр та бүхэнтэй (Albakerloanfirm@gmail.com) утсаар холбоо барьж, зээлээ аваарай.  Альберкерийн зээлийн компанид зээл авахад нь туслаарай. Учир нь би энэ компанийг зээлдүүлэхгүйгээр амжилттай зээлээр авсан.

Хариулах 0 0
Зочин /202.21.100.138/

2018-10-09 11:21

Сайхан ярилцлага байна. Гэрэлчулуунд баяр хүргье . Зорилготой зорисондоо хүрч чаддаг Монгол эр хүн танд улам их амжилт ерөөе.

Хариулах 0 0
Зочин /218.48.127.76/

2018-09-14 18:40

Dvvgeeree baharhaj bn ulam ih aylaarai amjilt

Хариулах 0 0
Зочин /202.126.89.226/

2018-09-13 16:27

Ун[хориотой үг]д сайхан санагдлаа зав гаргаад явнаа мундаг залуу...

Хариулах 0 0
Зочин /182.160.36.176/

2018-09-13 09:27

hehe odort 327 basl bnaa bn

Хариулах 0 0
Зочин /213.114.141.133/

2018-09-13 01:56

Durtai zvildee tsag gargaad hiih shig saihan zvil haa ba aaa

Хариулах 0 0
Зочин /49.0.212.200/

2018-09-13 01:17

Sain yavsan zaluu bnlee. Erdenetiin zamd duguitai taarsan.

Хариулах 0 0
Сэлэнгэ аймгийн дугуйчин /202.179.31.242/

2018-09-06 14:51

Үнхээр мундаш залуу байнаа. Энэ нийтлэлийг ун[хориотой үг]д өөрөөсөө ичлээ ххэ жоохон хэдхэн км явчаад сайхан болчилоо гээд буцдаг хүн бсан юмаа. Үүнийг ун[хориотой үг]д илүү хол явах сэтгэл төрж байнаа өөр өөртөө зав гаргаж заавал хол явж үзнээ

Хариулах 0 0
Зочин /150.129.140.244/

2018-09-05 20:47

Сайн юм аа. Сайхан аялажээ. Уншсандаа баяртай, гоё бодолтой боллоо.

Хариулах 0 0
Зочин /66.181.185.171/

2018-09-03 15:54

Uneheer mundag.

Хариулах 0 0
Зочин /202.9.42.195/

2018-09-02 18:53

waaaw. Odort 327 km gedeg chini yu gesen ug ve. Mashin technik ymuu haa[хориотой үг]n. Mundag zaluu yma

Хариулах 0 0
Зочин /202.126.89.63/

2018-09-02 18:04

Gaihaltai uuriiguu diilj ter hurtel yvna gdg uneheer gaihaltai mundag bn . Minii mongoliin zaluus iim mundag bgaad baharhaj bn

Хариулах 0 0
Зочин /66.181.181.209/

2018-09-02 18:02

Үнэхээр сайхан аялал болжээ. Уншсан би хүртэл их зүйлийг ухаарлаа. Цаашдын аялалуудад нь амжилт хүсэе!

Хариулах 0 1

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.