Х.Нансалмаа: “Амьд үлдсэн биднийг элэг бүтэн ҮЛДЭЭГЭЭЧ” гэж Төрөөсөө ГУЙЯ

2018-10-29 12:54


    2018 оны долдугаар сарын 19-ний өглөө. Г.Цогтбаатарынх гэр бүлээрээ Говьсүмбэр аймаг дахь аав, ээжийндээ амарчихаад Улбаанбаатар руу буцаж явахдаа осолд орж, 14, 4 настай хоёр хүү нь газар дээрээ нас барсан хэрэг гарсан юм. Найман настай охин нь эмнэлэгт хүргүүлснээсээ зургаа хоногийн дараа буюу ах, дүү хоёрыг нь хөдөөлүүлсний маргааш өглөө мөн л таалал төгссөн. Хоёр хүүг нь эцсийн замд үдсэн тэр өглөө Г.Цогтбаатарын эхнэр Х.Нансалмаа хагалгааны улмаас бяцарсан элгэндээ мэс засал хийлгэж таарсан учир хүүхдүүдийнхээ оршуулганд оролцож чадаагүй юм. Түүнд ер нь гурван хүүхдийнхээ хэнийх нь ч ажил явдалд оролцох тэнхэл байгаагүй. Ослын улмаас олон, өвчүү нь хугарч, элэг нь бяцарч, хоёр бөөр, дэлүү нь хүчтэй доргиж, уушиг нь хавирга, өвчүүндээ дарагдсан учир хэвтэж, унтаж ч чадахгүй тэргэнцэр дээр шаналж өдөр хоногуудыг өнгөрөөж байсан. 


     Харин Г.Цогтбаатар эгэм, өрөөсөн гар нь хугарсан бол ой гарантай бага хүү нь азаар толгойдоо шалбарснаас өөр гэмтэл аваагүй байв. Зургуулаа байсан өнөр өтгөн гэр бүл ингэж нэг мэдэхэд гурвуулханаа болсон юм. Сонсох төдийд амьсгал давчдуулж буй энэ түүхийг биеэр туулж яваа Г.Цогтбаатарын гэр бүлд дахин нэг зовлон нүүрлэн иржээ. Тэр нь амьдын хагацал. Энэ талаар Г.Цогтбаатарын эхнэр, Х.Нансалмаатай ярилцсанаа хүргэе. 


    - Ослын улмаас гурван хүний амь эрсэдсэн учир таны нөхөр Г.Цогтбаатарт  эрүүгийн хэрэг үүсгэсэн. Энэ хэрэг одоо ямар шатанд явна вэ?

    - Осол болсон газрын харъяаллын дагуу хэргийг Төв аймгийн шүүхэд шилжүүлсэн. Одоогоор шүүх хурлын тов гараагүй байна. 


     - Прокуророос таны нөхөрт ямар ял төлөвлөсөн бэ?

     -2-8 жилийн ял төлөвлөсөн. Энэ хэргийг шийдвэрлэсэн практик, хуулийн гаргалгаанаас авч үзэхэд заавал ял авч таарна гэж нөхрийн маань өмгөөлөгч хэлсэн юм билээ. Хоёр хүний амь эрсэдсэн тохиолдолд тэнсэн харгалзах ял оноосон тохиолдол байдаг гэсэн. Харин гурван хүний амь хохирсон учраас хорих ял оноож таардаг гэнэ. 


    -Та энэ хэрэгт хохирогчоор татагдаж байгаа. Тэгэхээр таны гомдол, санал бас чухал байх?

    -Миний нөхөр санаатайгаар хүүхдүүдээ алъя гэж алаагүй. Хийсч ирсэн зовлонг яалтай билээ. Би нөхөртөө гомдолгүй гэдгээ шүүх хурал дээр хэлнэ. Гэхдээ өмгөөлөгчийн маань хэлснээр одоо миний гомдол санал нөхрийг маань ялгүй хэлтрүүлэх шалтгаан болохоосоо нэгэнт өнгөрсөн бололтой. Гэвч юмыг яаж мэдэх вэ, шүүгч ч гэсэн хүн учир хагацал зовлон үзсэн бидэнд дахин амьдын хагацал үзүүлэхгүй байх гэж найдаж горьдох л юм. Ял өгч хорилоо гээд гурван үр минь босоод ирдэг бол нөхрөө дагаад би өөрөө шоронд орсон ч хамаа алга. “Ядаж амьд үлдсэн бид гурвыг элэг бүтэн үлдээгээч” гэж Төрөөсөө гуйя.


    -Одоо таны биеийн байдал ямар байна вэ. Осол гарснаас хойш гурван сар өнгөрчихлөө?

    - Цээж тэр чигээрээ хөндүүр. Олон хавирга, өвчүү хугарсан болохоор тэр байх. Гар заримдаа даагдахгүй болчихдог. Бага хүүгээ тэвэрч чадахгүй байгаа. 


    -Таны нөхрийн бие ямар байгаа вэ?

    -Хугарсан гар нь бүрэн эдгээгүй. Нөхөр маань “Нарантуул” зах дээр ачаа зөөж ар гэрээ авч явдаг байсан юм. Одоо гар нь сайн эдгээгүй учраас хүнд зүйл зөөх боломжгүй болсон. Тэгээд багахан жинтэй ачаа ачих ажил гарвал ажлаас нь дууддаг юм. Хааяа дуудагдаж очиж ажиллачихаад л байж байна. Хэрэгт байцаагдаж байгаа учир, шүүх, цагдаа дээр дуудсан үед нь бэлэн байх ёстой байдаг юм байна. Төв аймаг руу байн байн дуудагдаж очино гэдэг унаа тэрэггүй, мөнгө хомс байгаа үед мэдээж хэцүүхэн л байна даа. 


    -Уучлаарай, муу амлаж байгаа юм биш шүү. Гэхдээ нөхцөл байдлаа сайн ойлгуулбал таньд боломж байгаа ч юм бил үү. Нөхөр тань ял аваад явчихлаа гэж бодвол таньд болон хүүд чинь их хэцүү байх болов уу?

    - Нөхөр маань өглөө ус, түлээгээ бэлтгэж өгөөд, хүүгээ цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд явдаг юм. Орой нь хүүгээ би өөрөө цэцэрлэгээс нь авдаг. Цэцэрлэгээс, гэр хүртэлх зам хооронд бид 40 минут орчим явж ирдэг. Хүү маань жаахан учраас ээждээ тэврүүлэх гэнэ, тэврэхгүйн тулд би хүүгээ аргалах болно. Эргэж, буцна. Энийг, тэрийг хар даа гэж зогсоно. 15 минутын замыг бид хоёр ингэж туулдаг даа. Одоо хүйтэрч байна, нөхөр маань ял аваад явчихвал хүү бид хоёр хэцүүднэ. Нөхөрт маань ч гэсэн ямар хэцүү байхыг та төсөөлж байгаа байх. Яагаад гэхээр нөхөр маань сэтгэлдээ өөрийгөө тэртэй тэргүй яллаж амьдарч байгаа. “Би гурван хүүхдээ алчихлаа” гээд өөрийгөө егүүтгэх санаа хүртэл агуулж байсан. Эмнэлэгт хэвтэж байхад сахиураасаа хутга нэхээд байдаг байсан гэсэн. “Өөрийгөө алахаас өөр зүйл надад бодогдохгүй байна” гээд. “Амьд үлдсэн хоёроо бодоод сэтгэлийн тэнхээтэй бай” гэж ээж нь түүнд хэлсэн юм билээ. “Тэгээд би жаахан тайвширсан. “Эхнэр чинь энэ шөнийг давчихвал гайгүй” гэж эмч надад хэлэхэд, “Хэрэв миний хань тэсэхгүй бол би өөрийгөө шууд егүүтгэнэ” гэж бодож байлаа” гэж нөхөр маань надад хэлж байсан.  

    Ослоос болоод би ч гэсэн сэтгэлзүйн хувьд тогтворгүй болсон. Талийгаач хүүхдүүд маань байнга бодогдоно, дурсамж нь үргэлж нүдэнд харагдана. “Өдийд байсан бол бид тэгж байгаа даа” гэж бодно. Орой аавыгаа ажлаас ирэхэд шаагиж очоод л бүчээд авдаг байсан сан. 

    Одоо бүх зүйл эл хуль. Бага хүү маань ах, эгч нарыгаа байнга нэхэж, хайдаг учраас хүүхдүүд хараад сатаараг гээд цэцэрлэгт явуулаад байгаа юм. Хүү, нөхөр хоёрыг эзгүйд гэртээ ганцаараа байх шиг там надад байдаггүй. Хажуугаар нь би их аймхай, цочимтгой болчихсон. Гэрийн хаа нэгтэй юм хөдлөөд байгаа юм шиг санагдаж эвгүйцнэ, чанга дуу чимээнд амархан цочиж, зүрх дэлсээд байдаг.


    - Осол гарсан өглөө та бүхэн эрт замд гарсны учир юу вэ?

    -    Нөхөр маань ажилтай байсан юм. Бид гэр бүлээрээ манай аав, ээжийнд амарчихаад тэр өглөө Улаанбаатар руу гарсан. Дүүгийнхээ гурван хүүхдийг мөн авч гарсан.


    -Дүүгийнхээ гурван хүүхдийг гэнэ ээ?

    -Тийм ээ. Замд төмөр замын нэг зөрлөг дээр тэднийг дүүгийндээ хүргэж өгсөн юм. Тэгтэл охин маань “Ээж ээ, аав аа би энд үлдье” гээд байсан, “Удахгүй миний охины төрсөн өдөр болно. Тэгээд ч одоо зуны даалгавраа хийх хэрэгтэй. Хувцас хунараа ч бэлдье” гэж хэлээд би охиндоо тэнд үлдэхийг нь зөвшөөрөөгүй юм. Том хүү ч гэсэн ялгаагүй, “Би эмээ, өвөөтэйгөө үлдье” гэж байсан. Хүү маань хөгжлийн бэрхшээлтэй, байсгээд унаж татдаг өвчтэй учраас, эмээ, өвөөгөө айлгачихна гэж бодоод би бас л хүүгээ тэнд үлдээгээгүй. Хэрэв ах, эгч хоёр нь үлдсэн бол дөрвөн настай хүү маань ч бас тэр хоёрыг дагаад үлдэж таарах байсан. “Тэгэхэд л үлдээчихгүй яав даа” гэж би одоо харамсаад бардаггүй юм /уйлав/.


    -Талийгаач гурван хүүхэд машины аль хэсэгт сууж явсан юм бэ?

    -Гурвуулаа арын суудал дэээр сууж явсан. Охин маань замдаа дүүгийнд үлдэх гээд үлдэж чадаагүйдээ уурлаад уйлаад явж байснаа нэг мэдсэн чимээгүй болчихсон. Арын суудал дээр чимээгүй, тэд унтчих шиг болсон.

    Би нөхөртэйгөө урд суудал дээр юм яриад явж байсан юм. Бага хүүгээ хөхүүлээд явж байсан юм. Гэнэт машин далбилзаад ирсэн. Би “Хань аа!” гэж хашгирснаа, бас хүүгээ тас тэвэрснээ, бас машин замын хажуу руу унаад дороо нэг эргэж байгааг мэдсэн. Бодвол тэгээд ухаан алдсан байх. Гэнэт сэрэхэд бага хүү миний толгойны хажууд уйлаад байсан. Сэрээд хүүхдээ авах гэтэл цээж даагддаггүй, яг задрах гэж байгаа юм шиг өвдөж байсан. “Хань аа, хүүгээ ав” гэж хашигртал нөхөр ирээд авсан. Би арай гэж энд тэндээс зүүгдэж, татаж зулгааж байж машинаас гарч ирэхэд том, дунд хоёр хүү маань миний толгойны харалдаа ямар ч чимээгүй, ухаангүй хэвтэж байсан. Охин маань тэр хоёрынхоо хөлд яраглаад хэвтэж байсан юм. Нөхөр бага хүүгээ тэвэрчихсэн уйлаад, “Бүгдээрээ байхгүй болчихсон байна шүү дээ” гээд л орилоод байсан. Би түүнээс хойш нүдээ нэг ч нээгээгүй. Нэг мэдэхэд эмэгтэй хүний дуу гараад хажууд нөхөр, бага хүү, охины маань дуу гараад бид машинд явж байсан. Нэг мэдэхэд эмнэлэгт ирсэн байсан. 

    Нас барсан хоёр хүүг маань газар дээр нь үлдээчихсэн байсан юм билээ. Би хүүхдүүдээ нас барсныг хэд хоногийн дараа мэдсэн. Биеийн маань байдал хүнд басан учраас намайг тэсч гарахгүй гэж үзээд хэлэхгүй нуучихсан юм билээ. Хоёр хүүг гаргасан өглөө би өөрөө элэгний хагалгаанд орсон. Ажил явдалд нь оролцож чадаагүй. Гэтэл түүний маргааш өглөө нь охин маань өнгөрсөн байсан. Тархины хүнд хагалгаанд ороод сэхээнд байсан юм. Хэрэв тэр хагалгаагаа давчихвал аарцагны хагалгаанд орох байсан. Гэвч аарцагны яс нь гол судсаа дарчихсан байсан учир тархи руугаа цасан хангамж очихгүй байсаар өнгөрчихсөн юм билээ. Охин минь өнгөрснийг надаас бас л хэсэгтээ нуусан. 


    -Осол юунаас болж гарсан гэж та бодож байна вэ. Тухайн үед бүгдээрээ хамгаалалтын бүстэй байсан уу?

    - Нөхөр бүсээ зүүсэн байсан. Би зөвхөн цээж хэсгээрээ бүстэй, доод хэсгийнхийг нь нурууныхаа араар оруулчихсан байсан. Ард сууж явсан гурван хүүхэд маань бүсгүй байсан. Осол болсны дараа надад машины зургийг үзүүлэхэд машины урд хэсгийн шил хагараагүй, урд хаалганууд яагаа  ч үгүй хэрнээ, хойд хэсэг нь базсан лааз шиг болчихсон байсан. Машин унах тоолондоо араараа эхэлж газар цохьсон байна гэсэн. Юунаас болж осол гарсныг мэдэхгүй юм. Тэгшхэн тал дээр явж байсан, гэнэт л дайвалзаад ирсэн. Магадгүй, дайрлага дайрсан байх гэж бодож байгаа. Гэмтлийн эмнэлгийн эмч нар “Өө, нөгөө айхтар осол гардаг газарт уначихсан уу” гэж байсан. “Харин ч амьд хүн ирж байна. тэнд гарсан ослоос амьд ирсэн хүн бараг байдаггүй” гэж хэлж байсан. 


    - Шинжээчийн дүгнэлтэд ослын шалтгааныг юу гэж үзсэн байсан бэ?

    - Хурд хэтрүүлсэн гэж үзсэн. Миний бодлоор тухайн 80-90 км цагийн хурдтай явж байсан байх. Шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй зүйлүүд ч байгаа. Тухайлбал, нөхрийг маань огт тоормоз гишгээгүй байна гэж дүгнэсэн байгаа юм. Гэтэл хэргийн газарт очиж ирсэн ах, дүү нар маань “Тэр хэсэг газрыг ураад гишгэчихсэн тоормозны мөр байсан” гэсэн. Машин онхолдож унасны дараа дугуй нь хагарсан гэх мэт ээдрээтэй, эргэлзээтэй санагдсан зүйлүүд бий. 

 

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС"СОНИН

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

Зочин /66.181.167.44/

2018-10-29 14:07

Төрийн минь сүлд өршөөх болтугай, энэ хөөрхий гэр бүлийг.

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.