Б.Жавхлан: Дархан-Уул дахь Монголбанкны салбар сарын хугацаанд 33 кг алт худалдан авлаа

2018-12-07 17:07


    Хувиараа ашигт малтмал олборлогчдын аж амьдрал хурцадмал байдалд орж, шийдэл хүлээсэн олон асуудлын нэг болж эхэлсэн 199-2000 оны үед төрөөс Швейцарийн холбооны улсад хандсан байдаг. Яагаад гэхээр тухайн үед Швейцарийн хөгжлийн агентлаг 1970-1980-аад оны үед Латин Америкийн орнуудад бичил уурхайн чиглэлээр 20 жилийн турш хэрэгжүүлсэн туршлагатай байсан юм. Ингээд Монгол Улсын засгийн газар, Швейцарийн холбооны улсын Засгийн газар хооронд хамтын ажиллагааны гэрээг 2005 онд байгуулжээ. 
    Энэ хамтын ажиллагааны хүрээнд Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөл өдгөө дөрвөн үе шаттайгаар хэрэгжээд, ирэх 2019 онд хаалтаа хийхээр төлөвлөж байна.  Төсөл хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох, хуваираа ашигт малтмал олборлогчдыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, “Бичил уурхайчин” хэмээх шинэ агуулгатай статуст харьяалуулж, албажуулах ажлыг хийсэн нь өдгөө Баянхогор, Хэнтий, Дархан-Уул, Сэлэнгэ гээд хэд, хэдэн аймагт амжилт олоод буй. 
Төслийн хүрээнд хийсэн нэгэн томоохон ажил бол  Дархан-Уул аймаг дахь Монголбанкны Алтны сорьц тогтоох, худалдан авах төв юм. Монголбанк, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлсэн “Тогтвортой бичил уурхай” төслийн алтны нийлүүлэлтийн сүлжээг боловсронгуй болгох алтны худалдааны төвлөрлийг сааруулах зорилгын хүрээнд энэ төвийг өнгөрсөн аравдугаар сарын 15-нд байгуулсан байна. 
    Дархан-Уул аймаг дахь Үнэт металлын сорьцын лабораторийг байгуулахад Монголбанк болон “Тогтвортой бичил уурхай” төслийн нийт 395 сая төгрөгийн санхүүжилтээр алтны сорьц тогтоох сүүлийн үеийн төхөөрөмжүүдийг хандивлажээ. Ач холбогдол, үр өгөөж нь хэрхэн тусч байгааг тодруулахаад бид Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтсийн захирал Б.Жавхлантай уулзаж ярилцлаа.




   

-Монголбанкинд Алтны сорьц тогтоох, худалдан авах төвийг байгуулсны ач холбогдлын талаар манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Иргэд, аж ахуйн нэгжүүд өмнө нь  олборлон алтаа тушаахдаа орон нутгийн ченжүүдэд өгдөг, тэд нар нь алтаа аймгийн наймаачдад нийлүүлдэг байсан. Ингээд аймгаас Уланнбаатар хот руу буюу “Урт цагаан” дахь алт, мөнгөн эдлэлийн дарханд, эсвэл хятад иргэдэд тушаана. Эсвэл Улаанбаатарт очиж, Үнэт металлын сорьцын газрын үүдэнд дугаарлаж зогссоно. Ингээд Монголбанкинд тушаах хэлбэрээр явж байлаа л даа. Харин одоо энэ олон шат дамжлага үгүй болсон. Яагаад гэхээр, иргэн, аж ахуйн нэгжүүд олборлосон алтаа Лондонгийн хөрөнгийн биржийн ханшаар тушааж байгаа юм. 


    Өнгөрсөн аравдугаар сарын 15-нд энэ төвийн нээлтийг хийснээс хойшхи сар орчмын хугацаанд гурван аж ахуйн нэгж, 12 иргэний 64 гулдмайг буюу бохир жингээрээ 99 кг, цэвэр жингээрээ 95.8 алт хайлуулж сорьцолсон. Үүнээс 33 кг алтыг Монголбанк худалдаж аваад байна. Энэ эрчээрээ бид он дуустал 90 кг алт худалдаад авчих болов уу.


     -Энэ төвөөр үйлчлүүлж байгаа хүмүүс хэр сэтгэл хангалуун байгаа бол?

    -Талархалтай байгаа. Арилжааны банкуудаас Капитрон банк иргэд, аж ахуйн нэгжээс алт хүлээж авч байна. Учир нь юу вэ гэхээр, дундын зуучлагч гэдэг зүйлгүйгээр шууд бичил уурхай эрхэлж байгаа нөхөрлөл, хоршоод, түүнчлэн албан ёсны лицензтэй талбайгаас олборлолт хийж байгаа компанийнхан маань Улаанбаатар руу заавал явахгүйгээр орон нутагтаа өгөөд, Улаанбаатарын үнэ ханш, Улаанбаатарт сорьцолж байгаа тоног төхөөрөмжөөр сорьцолж байгаа учраас тодорхой зардлуудыг, мөн цаг хугацааны хувьд нэлээд хэмнэлтийг авч чадаж байгаа. Лабораторийн үйл ажиллагаа хэвимйн явж байна. 


     -Бичил уурхай эрхлэгч нар тодорхой зөвшөөрлөө аваад олборлож байгаа алтыг Монголбанкны эрдэнэсийн санд тушаах нь эргээд Монгол Улсын эдийн засагт оруулж байгаа том хувь нэмэр болж байгаа байх?

    -Алтны нөөцийг нэмнэ гэдэг Монгол Улсын гадаад валютын нөөцийг шууд утгаараа нэмж байгаа учраас үүнд манай орон нутгийнхан өөрсдөө хувь нэмрээ оруулж байна. Энэ чинээгээрээ манай орон нутгийн банкууд, орон нутгийн засаг, захиргаа, удирдлагууд нэлээд дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа. 


    -Нийт  95.8 кг алт тушаасан байна гэсэн. Түүнээс танайд 33 кг алт байгаа юм байна?

     -Капитрон банкинд хадгалж байгаа алтны хэмжээг би мэдэхгүй. Тэднийх 5-6 кг болохоор нь авчраад манайх руу тушаадаг. Тэгээд манай энэ 33 чинь цаашаа өсөөд явна гэсэн үг. Бас иргэд сорьцлуулсан алтаа ханшийн өсөлтийг хүлээж, өөртөө хадгалж байх боломжтой. 


     -Сорьцолчихсон алт хууль бусаар алга болох магадлал бий юү?

     -Байхгүй. Улаанбаатар руу ч тушаасан байхыг үгүйсгэхгүй. Алт олборлогч нар маань энэ талын мэдээлэл маш сайтай болсон юм билээ. Ханш хэдийд ямар хэмжээтэй өсөх, буурахыг сайн мэддэг болсон.


    -Тушаахгүй байх боломжтой юу?

    -Тушаахгүй байна гэж байхгүй. 


     - Танай төвд тушааснаар алтны гарал үүсэл ил тод байж чадаж байна уу?

    -Алт тушааж байгаа хүмүүс маань анх ирэхдээ манайхтай гэрээгээ хийдэг.  Хаанаас, ямар ордоос олборлож байгаа вэ гэдэг дээр гарал үүслээ бичээд энэ бүртгэлтэй хүмүүс мааэнь тушааж байгаа. Бичил уурхай эрхлэгч ч байна, аж ахуйн нэгжүүд ч байна. 


     -2022 онд Европын холбоо алтны нийлүүллэтийн сүлжээг ил болгохоор төлөвлөөд буй. Үүнтэй холбоотойгоор Монголбанкнаас ямар арга хэмжээ авч байгаа вэ?

    -Монголбанк орон даяар өнгөрсөн аравдугаар сарын 31-нд “Эх орныхоо алтыг эрдэнэсийн сандаа” гээд аяныг зохион байгуулсан. Энэ аянд идэвхитэй оролцсон гээд манай хэлтэс тэргүүн байр эзэлсэн. Монголбанкны зүгээс баримталж байгаа бодлого бол ирэх оноос авахуулаад энэ гарал үүсэл гэдэг зүйлээ маш тодорхой болгоё гээдбайгаа. Гарал үүсэл дээр тодорхой дэвшлүүд гарах байх аа. Монголбанкинд тушаахад яг энэ гарал үүслийг нь хийж байж гүйлгээ хийдэг, программ нь цаашаа үргэлжилдэг байдаг ч юм уу, иймэрхүү зохицуулалтыг хийсэн гэсэн мэдээлэл авсан. 


    -Танай төвд алт тушаасан иргэд хэчээн хэмжээний татвар төлдөг вэ?

    -Ашигт малтмалын нөөц ашигласны татвар болох 2.5 хувиа суутгаж аваад үлдсэнийг нь харилцагчдаа өгөөд явж байгаа. Энэ 2.5 хувь маань улсын төсвийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэдэг данс руу орж байгаа. Миний ойлгосноор орон нутагт ийм төвлөрсөн төлбөрөөс 30 хувийг нь эргэн буцаалт хийнэ гэсэн журам байдаг юм байна. Дархан-Уул аймаг жилд тэрбум төгрөг оруулбал, 300 сая төгрөгийг орон нутгийн бусад бүтээн байгуулалт, нөхөн сэргээлтэд зарцуулах ёстой гэдэг ч юм уу, тийм журам байдаг гэсэн. 

 

 


 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.