Италид нэг өдрийн дотор 457 хүн COVID 19 халдвараар нас барлаа

2020-03-19 11:30
РОМ. Хоёр 7 хоногын өмнө хөл хорио тогтоосон

РОМ. /BBC/. Италид шинэ коронавирусний халдвар тархсанаас хойш нэг өдөрт хамгийн олон буюу 475 хүн нас барснаар нийт нас барсан хүний тоо 3000 дөхжээ. Тус улсад халдвар авсан хүний тоо 35713-д хүрсэн бол 4000 гаруй хүн бүрэн эдгэрсэн байна.

 

Ломбарди мужид халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тус мужид лхагва гарагт 319 хүн нас баржээ. Хятадад өнгөрсөн оны сүүлээр анх дэгдсэн вирусний халдварын тохиолдлын тоогоор Итали Хятадын араас бичигдэж байгаа юм. Уг халдварын улмаас 8758 хүн нас барсны дийлэнх нь Хятадад бүртгэгджээ.

 

"Дэлхий даяар бүртгэгдсэн 200 мянга гаруй тохиолдлын 80 хувь нь Европт болон Азийн олон орон оршдог Номхон далайн баруун бүсэд бүртгэгдсэн" гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээлсэн байна.

 

Дэлхийн олон оронд халдварын тархалтыг сааруулж, эрүүл мэндийн тогтолцоонд учруулах дарамтыг бууруулах зорилгоор томоохон арга хэмжээнүүдийг цуцлах, зайнаас харилцахыг зөвлөх гэх мэт шийдэмгий арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа юм.

 

"Улс орнууд халдварын тархалтыг зогсоож, хяналтад авахын тулд тусгаарлах, шинжлэх, эмчлэх, хавьтлыг тогтоох шаардлагатай" гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус лхагва гарагт мэдэгджээ.

 

Италийн эрх баригчид вирусний тархалтыг зогсоохын тулд хоёр долоо хоногын өмнөөс хөл хорио тогтоож, гэртээ байхыг ард иргэддээ уриалсан боловч нас баралтын тоо огцом өссөн хэвээр байна.

 

ДЭМБ-ын Эрүүл мэндийн онцгой байдлын хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Майкл Райаны хэлснээр, Италид нас барсан хүмүүсийн тоо олноор нэмэгдэж байгаа нь тус улсын хүн амд өндөр настнууд харьцангуй өндөр хувийг эзэлдэгтэй холбоотой байж магадгүй ажээ.

Европын бусад оронд нөхцөл байдал ямар байна вэ?

Испанид сүүлийн мэдээллээр халдварын 13716 тохиолдол бүртгэгдэж, 598 хүн нас баржээ. Тус улсын эрх баригчид “COVID-19”-ийн олон арван тохиолдол бүртгэгдсэн Мадрид хотын асрамжийн газарт 17 хүн нас барсан хэргийг мөрдөн шалгахаар төлөвлөж байгаа аж. 

 

Францад бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо мягмар гарагт 16 хувиар нэмэгдэж, 7730 болжээ. Тус улсад халдварын улмаас 175 хүн нас барсны 7 хувийг 65-аас доош насны хүмүүс эзэлжээ.

 

Их Британид халдварын улмаас нас барсан хүний тоо 104-д хүрсэн байна.

 

Германд халдварын 8198 тохиолдол бүртгэгдэж, 12 хүн нас баржээ. Канцлер Ангела Меркель цар тахалтай тэмцэхийн тулд хязгаарлалтуудыг дагаж мөрдөхийг германчуудад уриалжээ. “Герман нэгдсэнээс хойш, тодруулбал дэлхийн II дайнаас хойш манай улсад тулгарсан хамгийн том сорилт энэ болж байна” гэж тэрбээр хэлжээ.Бельгид халдварын 1486 тохиолдол бүртгэгдэж, 14 хүн нас баржээ.

 

Европын Холбоо /ЕХ/ коронавирусний тархалтыг хязгаарлах үүднээс 30 хоног хилээ хаалаа. Мөн ЕХ-ны удирдагчид дотоодын хилүүдээ ойрын хугацаанд хаах шаардлагатай гэдэгт санал нэгдсэн байна. Уг хориг нь гэр лүүгээ буцаж буй европчуудад болон хил дамнан ажилладаг хүмүүст хамааралгүй ажээ.

Мөн бүх иргэнд эх орондоо эргэн ирэхэд тусламж үзүүлэх бөгөөд Герман хилийн чанадад байгаа олон арван мянган иргэнээ авчрах ажиллагааг үргэлжлүүлнэ гэж мэдэгджээ. Түүнчлэн олон оронд иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж, нэн шаардлагатай зорчих хөдөлгөөнийг зөвшөөрч байна. 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.