Монгол попын анхдагчид "Хар чоно"-ынхон байлаа

2017-07-26 12:32
Монгол попын анхдагчид "Хар чоно"-ынхон байлаа

Тийм ээ, эд бол “Хар чоно” хамтлагийнхан байлаа. Ерээд оны эхээр байгуулагдсан тус хамтлагийнхан дэлхийн томчуудын цугларалт  болох “Music - Quist 92“ хөгжмийн наадмаас өнөө бидний үед моданд ороод байгаа монгол попыг эгшиглүүлэн, Алтан медаль, 5000 долларын эзэн болж байсан юм.

 

Хоёр үе шаттайгаар шалгаруулдаг тус наадмын эхний шат Монголд болж, тухайн үеийн амьд хөгжмийн “Харанга”, “Хурд”, “Айзам”, “Хөх тэнгэр”, “Соёмбо”, “Хар чоно” зэрэг найман хамтлаг өрсөлдөн, “Хар чоно” шалгарч байлаа. Хоёрдугаар шатанд Азийн 29 орны 30 мянган хамтлагаас  монгол попыг эгшиглүүлсэн манай залуус дараагийн финалын эрхээ  гардан авсан нь гэрлийн хурдаар гаргасан амжилт байв.

 

 

Ингээд 1992 оны аравдугаар сарын 11-нд Японы Кагигава хотын “Ямаха ресорт”-д болсон  “Music - Quist 92“ наадмын финалд  таван тивээс шалгарсан 14 орны 17 хамтлаг оролцсоны нэг нь Монголын “Хар чоно” байсан юм. Үндэсний хөгжмийг, орчин үетэй хослуулан, англи хэл дээр дуулдаг байсан тэд Д.Отгонбаярын ая, Д.Ганзоригийн шүлэг “Бид  амьдрах гэж төрсөн юм” дуугаараа ийнхүү Гран при хүртсэн Монголын анхны хамтлаг болсон юм. 

 

 

Түүнээс хойш нийгэм, цаг үеийн байдлаас болоод тэдний уран бүтээл дөрвөн жил хэртэй завсарласан ч урлагт элэгтэй ах дүүс хөдөлмөрлөсөөр, уран бүтээлээ туурвисаар л байсан. Тэр үед гарсан уран бүтээлүүдийн нэг нь “Хүн ба дэлхий”  байлаа.  

 

Харин Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор  Бүх цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, “Хар чоно” хамтлагтай хамтран “Чингис хаан” рок дуурийг Соёлын төв өргөөнөө тоглосон юм. Уг рок дуурийн цомнолыг “Хар чоно” хамтлагийн басс гитарчин Д.Ганзориг бичиж, хамтлагийн ахлагч Д.Отгонбаяр рок аранжировкийг хийсэн бол, хөгжмийг СТА, хөгжмийн зохиолч С.Тараа бичжээ. 

 

Нэмж сонирхуулахад “Хар чоно” хамтлагийн “Өнөө орой энд... “морин хуурын аяз, “Хэн нэгний хайр”, “Ихэмсэг зангаар ч яах вэ” зэрэг тэдний нэрийн хуудас болсон сайхан уран бүтээлүүд өдгөө ч эгшиглэсээр л байна. Ийнхүү одоогоос хорь гаруй жилийн өмнө Монгол попын эхлэлийг тавьсан, дэлхийд үнэлэгдсэн азтай нөхөд бол “Хар чоно“-ынхон билээ.

 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.