АН-ын дахин нэг лидерт ял оноолоо

2020-05-07 17:19

 

Ерөнхий сайд асан М.Энхсайханыг шүүх хурал  гурван өдөр үргэлжилсний эцэст өнөөдөр  шийдвэрээ гаргалаа. Ингэснээр  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж,  4.6  жилийн хорих ял оноолоо.  Улмаар  хорих ялыг нээлттэй хориход эдлүүлэх бөгөөд  эрх хасах ялыг хугацаатай хорих ял эдэлж дууссан цагаас эхлэн тооцохоор болов. Түүнчлэн  түүнийг  Эрчим хүчний яаманд хохирол учруулсан гэж үзэн, 55 сая төгрөгийг нөхөн төлүүлэхээр болсон юм.  

 

Зах зээлийн ханш нь 75 сая төгрөгөөр үнэлэгдэж байсан автомашиныг 135 сая төгрөгөөр үнэлэн авсан нь тус яаманд 55 сая төгрөгийн хохирол учруулсан гэж үзлээ. Мега төсөл хариуцсан сайдаар ажиллаж байсан М.Энхсайханыг ийнхүү анхан шатны  шүүхээс гэм буруутайд тооцлоо. Түүний хувьд  2012-2016 онд буюу АН засгийн эрх барьж байх үед Монгол Улсын сайдаар ажиллаж байсан бөгөөд тухайн үед эрхэлж  байсан ажлынхаа дагуу ийнхүү шүүхээс ял сонслоо. Түүнийг Монгол Улсын сайдаар ажиллах байхдаа Тавантолгойн ордыг хөрөнгө оруулагч талд ашигтай байдлаар байгуулах гэрээг боловсруулсан гэж үзэн буруутгаж байгаа юм.  Ямартай ч  АН засгийн эрх барьсан дөрвөн жилийн хугацаанд төрийн өндөр албан тушаал хашиж байсан олон эрхэм хууль шүүхийн хаалга татсан төдийгүй эхнээсээ ял шийтгэж хүлээж байгаагийн нэг нь М.Энхсайхан боллоо.

 

АН-ын даргаар хоёр удаа, удирдах дээд байгууллага болох Үндэсний зөвлөлдөх хорооны даргаар нь ч ажиллаж  явсан түүнийг АН-аас салгаж ойлгох аргагүй юм. Өөрөөр хэлбэл, АН  төрийн эрхийг барьж байхдаа  сайд, дарга нараар хууль бус зүйл хийлгэдэг байсан уу гэх асуулт ч гарч ирээд байгаа юм. Учир нь АН-аас нэр дэвшин ялалт байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдоржоос авахуулаад  АН-ын үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Алтанхуяг, Ч.Сайханбилэг,  Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат, нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл,  Сангийн сайдаар ажиллаж байсан  Б.Болор,  Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат, Зам тээврийн сайдаар ажиллаж байсан Д.Ганбат,  Монголбанкны ерөнхийлөгч  байсан  Н.Золжаргал нарыг дурдаж болох юм. Түүнчлэн   УИХ-ын гишүүн асан   Б.Гарамгайбаатар,  Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Ч Алтанхуяг гэх зэргээр АН-ын үед  төрд өндөр албан тушаал хашиж байсан эрхмүүдийн нэрс хууль шүүхэд хэдийнэ данстай болжээ.  Эндээс үзвэл АН төрийн эрхэнд гарахаараа лидерүүдээ хэрхэн золиосолдог, хууль бус хуудуутай зүйл хэр их хийдэг нь тодорхой болно.

 

Нөгөө  талаас  АН-ын лидерүүд ийнхүү толгой дараалан хууль, шүүхийн хаалга татах болсон нь дотоодын толхилцоонтой нь шууд холбоотой. Тухайлбал, М.Энхсайханд ийнхүү ял оноож буйг хотын дарга асан Э.Бат-Үүлийн  зүгээс Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболд нарын хийж байгаа ажил хэмээн зарлаж байгаа юм. Энэ тухайд хотын дарга асан Э.Бат-Үүл “З.Энхболд дөрөвдүгээр сарын 17-нд хэвлэлд ярилцлага өгсөн байдаг. Тэр ярилцлагадаа “М.Энхсайхан манай намаас нэр дэвшихгүй. Шүүх, цагдаагаар явж байгаа учраас нэр дэвшүүлэхгүй” гэж хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, З.Энхболд тэнд шүүхийн нэрийн өмнөөс ярьсан байгаа биз. М.Энхсайханыг хэд хэдэн зорилготойгоор баривчилсан.

 

Үүний нэг шалтгаан нь сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх зорилготой. Миний хамгийн их гайхаж байгаа нь З.Энхболд урьдчилан зарлаж байгаад барьж хийгээд байгаа явдал. М.Энхсайханыг нэр дэвшүүлэхгүй гэж хэлж байгаад л явуулчихлаа шүү дээ.  Хэлж зарлаж байгаад хийж байгаа нь зориуд айлгаж байна. Нийгмийн айлгах тест хийж байгаа биз. С.Баярцогт, Да.Ганболдыг  ч тэр хэрэгт татаад байгаа нь бүгд улс төрийн зорилготой. Стратегийн ордуудад хөрөнгө оруулалт оруулах ёстой.Гаднын хөрөнгө оруулагчдыг оруулж ирэх төрийн бодлого явж байсан. Гэтэл Х.Баттулга Ерөнхийлөгч болсноос хойш гэмт хэрэг гээд зарлачихсан.Тэгэхээр төрийн бодлогыг хэрэгжүүлж явсан хүмүүс бүгд гэмт хэрэгтэн болно биз дээ. Фашист, коммунист, большвекууд яг ингэдэг байхгүй юу”  гэснээс тэдний дотоод  тэмцэл тодорхой харагдах биз ээ.

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.