Д.Энхтүвшин: Эрсдэл өндөр байна. Тайвшрах БОЛООГҮЙ!

2020-05-25 13:52

 

УОК-оос тогтоосон, өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд авсан арга хэмжээ болох хөл хорионы хугацаа ирэх долоо хоногт дуусна. Энэ хугацааг сунгах эсэхийг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм. 

 

Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд Д.Энхтүвшин УОК-ийн зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа. Тэрбээр “Нийт УОК-ийн 21 удаагийн хурал болсон. 8 удаа эрсдэлийн үнэлгээ хийхэд бүгд өндөр эрсдэлтэй гарсан. Тайвшрах шалтгаан өчүүхэн ч алга. ДЭМБ-ын өгсөн мэдээллээр коронавирусийн цар тахал дэлхийн 213 орны нутаг дэвсгэрийг хамарсан. Дэлхий дахинд 5 сая 486 мянга хүн халдвар авч, 346225 мянган хүн нас баржээ. Хөрш орнуудын байдал амаргүй байна. ОХУ-д халдвар авсан хүний тоо өдөрт 10 мянга орчмоор нэмэгдэж, нийт өвчтэй хүний тоо 335 мянгад хүрсэн. COVID 19-ийн халдвар тархахад цаг агаар болон газар зүйн байршил хамааралгүй болохыг тогтоосон” гэлээ. 

 

 ЦААШДАА ИРГЭДЭЭ ТАТАН АВАХ АЖЛЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ

 

Үргэлжлүүлэн “Бид гадаадад байгаа иргэдийг үе шаттай татан авах ажлыг тасралтгүй зохион байгуулж байгаа. Энэ оны нэгдүгээр сарын 6-ны өдөр БНХАУ-д халдварын тархалт огцом өссөнтэй холбогдуулан Монголын Засгийн газар гадаадад байгаа иргэдээ даруйхан эргэж ирэхийг уриалсан. Энэ хугацаанд нийт 62,510 иргэнээ татан авсан гэх статистик хамгийн сүүлд гарч байна. Гадаадад байгаа иргэддээ сэрэмжлүүлэг зөвлөмж илгээж, эх орондоо ирэхийг уриалж, дуудаж шавдуулж ажилласны үр дүнд нийт 56,176 иргэн ирсэн. Эдгээр иргэд тусгаарлалтад ороогүй. Харин 8334 иргэнийг зохион байгуулалттайгаар нисэх онгоц, галт тэрэг автомашинаар татан авсан. Энэ хоёр тоог нийлүүлвэл нийт 62,510 иргэнээ татан авсан байна.

 

2020 оны тавдугаар сарын 23-ны байдлаар гадаадаас ирсэн 6474 иргэнийг ажиглах байранд байлгаж байна. 4950 иргэн тусгаарлалтаас гарсан. Тусгаарлах байранд эрүүл мэнд, онцгой байдал цагдаагийн байгууллагаас нийт 416 албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Гадаадад байгаа иргэдээ татан авах тусам эх орондоо ирэх хүсэлтэй хүмүүс нэмэгдэж байна.

 

Одоогоос хоёр сарын өмнө энэ тоо 3000 байсан. Өнөөдрийн байдлаар 46 улсаас 11 мянган иргэн нутаг буцах хүсэлтээ гаргасан. АНУ-1270, Австрали-906, Казахстан-560, Энэтхэг-549, Турк-437, Англи-365, Япон-300 гэх зэргээр хүсэлт гаргасан. Цаашдаа иргэдээ татан авах ажлыг үргэлжлүүлнэ” гэлээ.

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.