Жүжигчин Tom Cruise-ийн шинэ кино САНСАРТ хийгдэнэ

2020-06-11 15:25

 

Тавдугаар сарын эхэнд тайз дэлгэцийн ертөнцийг цоо шинэ түвшинд хүргэсэн нэгэн мэдээлэл гарсан нь Холливудын нэрт жүжигчин Tom Cruise Америкийн сансар судлалын НАСА агентлагтай хамтран киноныхоо зураг авалтыг хийхээр болсон явдал билээ. 

 

АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн удирдах зөвлөлийн гишүүн Jim Bridenstine Твиттер хуудсаараа дамжуулан энэхүү киноны зураг авалтыг олон улсын сансрын станцад хийхээр болсныг мэдэгдэж, дээрх мэдээллийг баталсан юм. Зураг авалт чухам хэзээ эхлэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч "SpaceX" компанийн НАСА агентлагтай хамтарч буй төслийн хүрээнд хийгдэхээр болсон аж. 

 

Хэдхэн хоногийн өмнө буюу тавдугаар сарын 31-ний өдөр НАСА агентлаг нисгэгчдээ "SpaceX" компанитай хамтран "Crew Dragon" сансрын хөлгөөр олон улсын сансрын станцад хүргээд байсан билээ. НАСА агентлаг 2011 оноос хойш анх удаагаа өөрсдийн сансрын хөлгөөр нисгэгчдээ хөөргөсөн нь энэ бөгөөд сүүлийн 9 жилийн хугацаанд нисгэгчдээ зөвхөн ОХУ-ын сансрын хөлгүүдээр хөөргөж байсан юм.

 

 

2002 онд байгуулагдсан "SpaceX" компани 2021 оны сүүлчээр "Crew Dragon" сансрын хөлгөөрөө түүхэндээ анх удаа энгийн иргэдийг сансарт нисгэнэ хэмээн мэдэгдээд байсан билээ. Харин жүжигчин Tom Cruise ч энэхүү боломжийг алдалгүй ашиглаж, сансарт зураг авалтаа хийсэн анхны киног бүтээлцэхээр болоод байгаа юм. Хэдийгээр түүхэнд бичигдэхүйц уг кинонд тэрбээр өөрөө дүр бүтээх эсэх нь тодорхойгүй байгаа ч продюсерээр нь ажиллах нь тодорхой болсон байна. 

 

Өдгөө 57 настай Холливудын шилдэг жүжигчдийн нэг Tom Cruise сүүлийн жилүүдэд шинжлэх ухаан, уран зөгнөлт, адал явдалт төрлийн кинонуудад түлхүү тоглосноос гадна эдгээр бүтээлүүдээ өөрөө продюсерлэж байгаа тун амжилттай яваа нэгэн юм. Түүний "Mission: Impossible" цувралыг мэдэхгүй хүн гэж үгүй биз. Энэ онд түүний 1986 онд тоглож байсан "Top Gun" киноны үргэлжлэл нээлтээ хийх бол дараа жил "Mission: Impossible" цувралын долдугаар анги гарах юм.

 

Маш өндөр хүлээлт үүсгээд буй энэхүү киноны зохиол одоогоор тодорхойгүй байгаа ч найруулагчаар нь АНУ-ын кино найруулагч, продюсер Doug Liman ажиллахаар болжээ. Тэрээр өмнө нь Tom Cruise-тэй хамтран "Edge of Tomorrow" (2014) болон "American Made" (2017) зэрэг уран бүтээлүүд дээр ажиллаж байсан туршлагатай эрхэм юм. Мөн "The Bourne" цувралд туслах продюсерийн үүргийг гүйцэтгэж байсныг дурдах нь зүйтэй байх.

 

Ердөө 60 гаруй жилийн өмнө сансарт гарна гэдэг мөрөөдөл байлаа шүү дээ. Гэтэл одоо бүр сансарт кино зураг авалт хийхээр болж байна. Хөгжил дэвшил гэдэг ийм л гайхамшигтай зүйл. 60 жилийн дараа хүн төрөлхтөн сансарт амьдрах үе ирэх ч юм билүү. Хүн төрөлхтний ирээдүйг камерын дурнаа бодитоор буулгах гэж буй энэхүү киног гарсан даруйд нь заавал үзээрэй гэж уншигч та бүхэндээ зөвлөмөөр байна.

 

Эх сурвалж: Screenrant, NASA

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.