Цэвэршүүлсэн амны усны цоргыг зөвөөр ашиглаж сурцгаая!

2020-06-23 15:52

 

“Хонхтой” цэцэрлэгт хүрээлэнд байршсан нь “Амны ус”. Цэцэрлэгт хүрээлэнгийн баруун, зүүн хоёр захад байршсан энэ төхөөрөмж бол гаднын орнуудад элбэг тааралддаг бүтээн байгуулалт. Иргэдэд гэнэт ам нь цангах, эсвэл амаа зайлмаар болох шаардлага гарахад “Амны ус” тус болдог.

 

Өмнө нь олон нийтийн хэрэгцээнд ийм хэлбэрийн “Амны ус” байршиж байгаагүй тул үүнийг шинэ тутам соёлд тооцох нь аргагүй болж байгаа юм.

Биднийг ирэхэд агаарын температур 25 гаруй хэм, тэнгэр үүлгүй, орой дээрээс нар шарж байв. Яг ийм үед л цэцэрлэгт хүрээлэнгээр зөрж өнгөрөх ам нь цангасан, халууцсан хүмүүст “Амны ус” хэрэг болох учиртай, тийм ч зориулалттай. Ажиглахад хаа нэгхэн хүмүүс саатан зогсозноод, цоргыг нээж, усаа уугаад цааш явж байна. Тийм ч түгээмэл хэрэглээ болж амжаагүй байх шиг харагдав.

 

 

“Амны ус”-ыг хэрэглэхийн тулд цоргоны дээр байрлалтай бөөрөнхий товчийг бага зэрэг чангаар дарах хэрэгтэй аж. Ингэхэд ус нам өндрөөр олгойдон гоожиж эхэлнэ. Ийн уруулаа цоргоны амсарт хүргэлгүй алс зайд тогтоож, гоожиж буй уснаас уух ёстой юм. Гадна нь “Гар, нүүрээ угааж болохгүй” гэхчлэн анхааруулгыг бичиж өгчээ. 

Уухад ус нь хага ташим хүйтэн биш ч ер сэрүүн талдаа юм байна. Цоргыг хоёроос гурван удаа нээж уухад амны цангаа хангалттай тайлагдахаар хийгджээ.

 

“Амны ус”-ыг англи хэлээр “Drinking water fountain”, эсвэл “Water fountain” гэхчлэн нэрлэдэг юм байна. Өрнийн орнуудад эхэлж үүссэн энэ соёл эрүүл ахуйн шаардлагыг хэр хангадаг вэ гэх асуулт үргэлж тавигддаг аж. Харин мэргэжлийн хүмүүс хэрэв зөв хэрэглэвэл ямар ч халдварт өвчин тусах эрсдэлгүй гэж тайлбарладаг.

Тухайн хүний дархлаа тогтолцоо сул үед цоргоны гадаргуу дээр наалдсан хүмүүсийн гарын хирээр дамжиж E.Coli тэргүүтэй гэдэсний бактериар өвчлөх тохиолдол гардаг. Гэхдээ энэ нь цөөн гэж тайлбарлажээ.

 

“Амны ус”-ыг зөв ашиглахын тулд:

 

  • Нэгт, цоргыг нээж, усыг гоожуулах
  • Хоёрт, усыг гоожуулан оргилуулж хэдэн секунд болох
  • Гуравт, уруулаа цоргонд хүргэлгүйгээр оргилж буй уснаас уух
  • Дөрөвт, цоргонд гараараа хүрсэн тул гараа ариутгах, эсвэл угаах хэрэгтэй юм байна.

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.