Бүх цаг үеийн хамгийн шилдэг цагирган дээрээс довтлогч "Винсанити" зодог тайллаа

2020-06-26 14:10

 

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн түүхэнд тодоос тод бичигдэх оддын нэг Хагас хүн, хагас гайхамшиг хочит Винс Картер зодог тайлж буйгаа зарлалаа. Тэрбээр The Ringer’s сайтын "Winging It With Vince Carter" подкастын үеэрээ “Албан ёсоор мэргэжлийн сагсан бөмбөг тоглоод болчихлоо” хэмээжээ.

 

Картер 2019-2020 оны шинэ улирлын эхэнд Атланта Хавкс багтай гэрээ байгуулах үеэрээ “Энэ миний сүүлийн улирал байх болно” хэмээн хэлж байсан юм. Гэвч шинэ коронавирусийн улмаас түүний нэг жилийн хугацаатай байгуулсан гэрээ бүрэн хэрэгжиж чадсангүй. Өнгөрөгч гуравдугаар сараас хойш цар тахалтай холбогдуулан улирлаа түр зогсоосон NBA ирэх долдугаар сарын сүүлээр Орландо хотын Уолт Дисней амралт, зугаалгын цогцолбор газарт 22 багтайгаар эргэн ирэх шийдвэр гаргасан билээ. Энэхүү 22 багийн тоонд Винс Картерийн Атланта Хавкс баг харамсалтайгаар багтаж чадалгүй улирлаа харьцангуй эрт дуусгалаа.

 

 

 

Атланта Хавкс баг 20-47 гэсэн амжилттай дорнод бүсийн улирлаа цааш үргэлжлүүлэх есөн багийн тоонд орж чадаагүй.

 

NBA-ийн комиссар Адам Силвер түүнийг "Сагсан бөмбөгийн жинхэнэ элч төлөөлөгч" хэмээн тодотгоод “Винс Картер гайхалтай ур чадвар, тэсвэр хатуужлаараа NBA-д мартагдашгүй нөлөө үзүүлсэн эрхэм” хэмээжээ.

 

Винс Картер 1990, 2000, 2010, 2020 гээд NBA-ийн түүхэнд дөрвөн арванд тоглосон анхны тамирчин болсон юм.

 

Винс Картер 1998 онд Торонто Рэпторс багт сонгогдон лигт элсч, анхны улиралдаа “Шилдэг залуу тоглогч” хэмээх шагналын эзэн болж байв. Үүнийхээ дараа 2000 оны Бүх оддын арга хэмжээний тохолтын тэмцээнд гайхамшигтай үзүүлбэрүүдийг толилуулж, өөрийгөө дэлхий дахинд алдаршуулсан. Тэрбээр нийт 22 жил мэргэжлийн сагсан бөмбөг тоглохдоо Торонто Рэпторс, Нью Жерси Нетс, Орландо Мэжик, Финикс Санс, Даллас Маврикс, Мемфис Гриззлис, Сакраменто Кингс, Атланта Хавкс зэрэг найман багт хүчин зүтгэж 16.7 оноо дунджилжээ.

 

Өндөрт дүүлэн нисч, өөрийн хүчтэй, гайхалтай, уран гоёмсог тохолтуудаар хүүхэд залуусын зүрх сэтгэлийг эзэмдсэн тэрбээр яалт ч үгүй сагсан бөмбөгийн түүхэнд төрөн гарсан шилдэг тамирчин, тохогчдын нэг.

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.