“ХААН” БАНК ХАРИЛЦАГЧИЙНХАА ХАЛААСЫГ ХООСЛОСООР БАЙНА

2017-06-19 19:12
Хохирогч Б.Алтангэрэл

Монголын зах зээлд үйл ажиллагаагаа явуулж байгаа арилжааны банкнуудын аюулгүй ажиллагаа, нууцлалын систем нь өнөө цагт найдваргүй болсныг харуулсан тохиолдлууд ар араасаа гарсаар байна.

Тухайлбал, Монголдоо л хамгийн олон салбартай,  хүн бүрт хүрч үйлчилдэг гэх “ХААН”  банкны буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан их хэмжээний хөрөнгө мөнгөөрөө хохирсон иргэд  цөөнгүй бий. Хэдэн жилийн өмнө ХААН банкны харилцагч хадгаламжаасаа 90 гаруй сая төгрөг алдсан хэрэг гарч байсан. Энэ хэргийг ХААН банкны ажилтан хууль бусаар шилжүүлэг хийж авсан нь тогтоогдож байлаа. Тэгвэл сар гаруйн өмнө  буюу өнгөрсөн тавдугаар сард ХААН банкны  данснаасаа их хэмжээний мөнгө алдсан нэгэн иргэн  манай редакцд хандлаа. Түүний өгүүлснээр “ХААН”  банкны хоёр данснаасаа нийт 10 сая төгрөгийг “ХААН” банкны буруутай үйл ажиллагаанаас болж алдсан ч өнөөг хэр нь хохирлоо нөхөн төлүүлж чадалгүй санхүүгийн болон сэтгэл санааны гүн дарамтад ороод байгаа юм байна.

 

-Таныг “ХААН” банкны данснаасаа  тодорхойгүй шалтгаанаар их хэмжээний мөнгөө алдсан гэж сонслоо.  Юу болсон талаар мэдээлэл өгөөч?

-Намайг Б.Алтангэрэл гэдэг. Сүүлийн 10 гаруй жил ХААН банкны харилцагч болж банкны үйлчилгээ авч ирсэн. ХААН банканд хоёр ч данс эзэмшдэг. Гэтэл өнгөрсөн тавдугаар сарын долооноос найманд шилжих шөнө 03:00 цагийн орчим миний өөрийн нэр дээр байдаг ХААН банкны хоёр данснаас дөрвөн удаагийн гүйлгээгээр нийтдээ 10 сая төгрөг учир битүүлгээр алга болчихсон байсан. Энэ учир битүүлэг гүйлгээ шөнө дунд хийгдсэн байсан тул яг тэр үед нь мэдээгүй. Өглөө босоод ажилдаа явах гэтэл миний утсанд гүйлгээ хийгдсэн тухай мессеж ирсэн байсан. Би өөрөө шөнө дунд унтаж байсан хүн гүйлгээ хийгээгүй нь мэдээж. Тийм болохоор тухайн өдрийн өглөө  баруун дөрвөн замд байрлах  ХААН банкны салбар дээр нь очиж лавлатал үнэхээр тийм гүйлгээ хийгдсэн байна гэж хэлсэн. Ямар учиртай гүйлгээ яагаад миний данснаас хийгдсэн талаар лавлаж асуухад мэдэхгүй гэдэг хариултыг л өгсөн.

-Шөнө дунд 03:00 цагийн орчим гүйлгээ хийгдсэн гэхээр хачирхалтай санагдаад байна Яагаад таны данснаас зөвшөөрөлгүй гүйлгээ хийгдсэн,  ямар учиртай болохыг нь ХААН банк өөрсдөө мэдэхгүй байсан хэрэг үү?

Би өөрөө “ХААН” банкан дээр очиж энэ талаар асууж лавлахад л мэдсэн байх. Яагаад миний зөвшөөрөлгүй 10 сая төгрөг хоёрын хоёр данснаас 4 удаагийн гүйлгээгээр алга болчихсон юм бэ гэж гайхаад хаан банкны хуулийн алба, өргөдөл гомдол хүлээж авдаг алба, цагдаагийн байгууллага гээд олон газраар явсан ч өнөөг хэр нь миний асуудлыг шийдвэрлэж өгөлгүй удаагаад байгаа учраас л үнэн зөвийг нь олон нийтэд хэлж сэрэмжлүүлье гэдэг үүднээс танайд хандсан минь энэ.

-Таны данснаас мөнгө алдагдсан хэрэгт  ХААН банк ямар ч хариуцлага хүлээгээгүй гэсэн үг  үү? Өргөдөл гомдлоо өгсөн биз дээ,  ямар хариу ирэв?

-Тухайн хэрэг гарсны маргааш  өглөө нь буюу тавдугаар сарын  8-ний 10:00  цагийн орчим “ХААН” банкны ажилтнуудаар шалгуулаад хулгайн гүйлгээ хийгдсэнийг мэдсэн. Тухайн үед ХААН банкны ажилтнууд надад “өргөдөл гомдол хүлээн авдаг хэсэгт өргөдлөө бичээд өгчих,  таны асуудлыг шийдээд өгнө” гэж хэлсэн.

” Б.Алтангэрэл: ХААН банкнаас олон сая төгрөгөө алдчихаад байхад банк асуудлыг шийдвэрлэхийн оронд дайрч, доромжилсон”

– ХААН Банкны холбогдох албан тушаалтан, мэргэжилтнүүд  тантай уулзсан уу? Ямар хариу өгсөн бэ?

Би хэрэг гарсны маргааш нь тухайн салбар дээр нь очихдоо  өргөдөл бичиж өгсөн. Мөн хоёр хоногийн дараа  ХААН банкны өргөдөл гомдол хүлээн авдаг хэлтэст нь болсон явдал,  учирсан хохирлоо тодорхой бичиж өгсөн юм. Миний бичсэн өргөдлийн дагуу ХААН банкны өргөдөл гомдол хүлээн авдаг мэргэжилтэн Б.Амарзаяа, хуульч Б.Наран гэсэн хүмүүстэй уулзаж учир байдлаа хэлж байлаа. Тухайн үед “таны асуудлыг шалгаж байгаа учир түр хүлээж байгаарай”  гэсэн  хариуг өгсөн. Гэсэн ч цаг хугацаа өнгөрч бүтэн сар гаруй болчихоод байхад одоо хэр нь ХААН банк миний асуудлыг шийдвэрлэж, мөнгийг минь гаргаж өгсөнгүй. “Хууль шүүхийн байгууллагаар эцэслэн шийдэгдтэл таны мөнгийг гаргаж өгөхгүй” гэх хариултыг өгсөн. Гэхдээ яг албан бичгээр албан ёсны хариуг өнөөдөр болтол өгөөгүй л байна.

-Та цагдаагийн байгууллагад өргөдлөө өгсөн үү? Хууль бус гүйлгээгээр хулгай хийсэн этгээдүүдийг олж илрүүлсэн болов уу? Та түрийвчээ алдаагүй, банканд байршуулсан мөнгөө алдсан учир  “ХААН” банк хариуцлага хүлээмээр  юм?

-Цагдаагийн байгууллагад хэрэг гарснаас хойш хэд хоногийн дараа өргөдлөө өгсөн. Өргөдөл өгснөөс хойш хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Хууль бус хулгайн гүйлгээ хийсэн хүмүүсийг илрүүлчихсэн шалгаж байгаа гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгсөн.  Ер нь бол тэр оройн миний данснаас гурван өөр хүний данс руу хууль бусаар шилжүүлэг хийгээд бэлэн мөнгөний автомат машинаас /ATM/  авсан юм шиг байгаа юм.  Гэхдээ яг ямар хүмүүс авсан талаар  надад хэлээгүй.  Уг нь бол  анх өргөдөл өгөхөд ХААН банкны ажилчид надад хэлэхдээ та манайд өргөдлөө өгчихсөн юм чинь хуулийн байгууллагаар давхар шалгагдаж байгаа гэж хэлсэн. Гэсэн ч цагдаагийн байгууллагаар албан ёсоор шалгаж эхлээгүй байсан юм билээ.

-ХААН банкны зүгээс албан бичгээр албан ёсны хариу одоо болтол өгөөгүй юм уу?

Одоо болтол албан бичгээр хариу өгсөн зүйл алга байна. Хэрэг гарснаас хойш олон удаа ХААН банкны удирдлагууд, холбогдох хүмүүстэй нь уулзах гэсэн боловч  огт хүлээж авахгүй хүнд суртал гаргах тохиолдол олон гарсан. Аргаа бараад ХААН банкны дотоод хяналт шалгалтын хэлтэст нь өргөдөл өгсөн. Гэтэл хэд хоногийн дараа надтай эргэж холбогдоод та ер нь өөрөө мөнгөө алдчихсан юм биш үү гэж хэлсэн. Гэтэл би чинь ХААН банканд итгэж найдаад л харилцагч нь болсон шүү дээ. Олон жил үйл ажиллагаа явуулсан том банк гэж бодоод л итгэсэн нь эргээд миний буруу болж хувираад байх шиг байна. Дээрээс нь хэл амаар хүртэл доромжлуулж, хэрүүл маргаан хүртэл болсон.

Тодруулбал?

Надаас гадна олон хүн ийм байдлаар хохирч магадгүй гэж бодоод ХААН банкны Facebook хуудсанд нь мөнгөө алдсан талаар бичсэн. Гэтэл үүнээс болж ХААН банкны хуулийн ажилтан Наран гэдэг хүн надтай уулзахдаа уурлаж загнан, “битгий хуц” гэж хэл амаар доромжилсон. Мөн “чи ганцаараа хохироогүй” гэх мэтээр их л эвгүй харьцсан.

Таныг ганцаараа хохироогүй гэж хэлсэн гэхээр өөр хохирсон хүмүүс бас байгаа хэрэг үү?

Тийм гэж бодож байна. Хаан банкныхан, цагдаагийн ажилтнуудын хэлж ярьсан зүйл, ерөнхий хандлагаас нь харахад надаас гадна олон хүн хохирсон байж магадгүй  юм шиг анзаарагдсан.

-Та одоо өөр хаана хандаж асуудлаа шийдүүлье гэж бодож байна?

Хуулийн байгууллагаар шийдэгдэхийг нь хүлээх юм бол маш их цаг хугацаа алдах гээд байна шүү дээ. Наанадаж л жил гаран, цаанадаж хоёр гурван жил ч болж мэднэ. Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр гурваас дөрвөн холбогдогчтой хэрэг болохоор цаг хугацаа их алдах гээд байна. Хуульч өмгөөлөгчдөөс хуулийн зөвлөгөө авсан ч ХААН банк хохирлыг нь хариуцах ёстой юм билээ. Гэтэл намайг хуулийг мэдлэггүй гэж дээрэлхээд байгаа ч юм шиг санагдаад байна.

Түүнээс гадна энэ асуудлаас болоод миний амьдралд санхүүгийн болон сэтгэл санааны дарамтууд маш ихээр тулгарч байгаа. Би чинь амьдралаа авч явах ар гэрээ тэжээх үүрэгтэй жирийн л нэг залуу шүү дээ.  Ганц хоёр зуун мянган төгрөг алдчихаагүй бүхэлбүтэн 10 сая төгрөг гэдэг миний хувьд их мөнгө. Үүнээс болоод гэр бүлийн харилцаа уур амьсгал ч  хүндэрч байна. Хүнд өгөх ёстой байсан мөнгөө ч өгч чадахгүй худлаа ярьсан болж хардагдаад хэцүү байдал олон үүссэн.

Түүнээс гадна над шиг байдалд орсон ХААН банкны харилцагчид ч олон байдаг юм билээ. Тэр ч утгаараа иргэд аж ахуй нэгж байгууллагууд, ХААН банкны бүх л харилцагчид энэ мэтээр хохирч магадгүй учраас анхаарал болгоомжтой байж мөнгөндөө хяналт тавих хэрэгтэй юм байна гэдгийг сэрэмжлүүлэх гэсэн юм. Банканд байгаа, найдвартай гэж бодож болдоггүй юм байна. Банк ч хүний зовлонг юман чинээ тоолгүй хохироож чаддаг юм байна гэдгийг яс махандаа тултал ойлголоо.

ESA Agency : Х.Нарангэрэл

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв