Улс төрд “урвасан” одод амжилтанд хүрдэг үү?

2017-08-13 01:33
Улс төрд “урвасан” одод амжилтанд хүрдэг үү?

Олны танил гэж ямар хүмүүсийг хэлэх вэ гэвэл хамгийн түрүүнд алдартай тамирчид, жүжигчид санаанд ордог. ТВ, FM, интернэт, олон нийтийн сүлжээнээс тэдний хувийн амьдрал, ялалт ба бүтэлгүйтэл, хайр дурлал, уран бүтээл, бэлтгэл сургуулилт гээд бүх л зүйлийнх нь талаарх мэдээллийг бараг л цаг, мөч тутам авч байдаг тул тэд өөрсдөө ч мэдэлгүй олон мянган шүтэн бишрэгч ба үзэн ядагчдын дунд орчих нь бий. Болоогүй тэдний энэ байдлыг улстөрчид, улс төрийн намууд ашиглах гэж оролддог нь ойлгомжтой. Гэхдээ спорт эсвэл урлагийн талбар дахь од мөнхөд гялалзаад байдаггүй дийлэнхдээ гялс хийгээд бөхдөг тул олон нийт таньж байгаа дээр нь тэдний “сэтгэлийн” хөрөнгө оруулалтыг тулаад өөрсдөө улс төрийн карьер хийх хүсэл жүжигчид, тамирчдад төрдөгт гайхах зүйлгүй. 

 


Жишээ болгоод улс төрд “урвасан” зарим нэгэн оддыг сонирхуулъя.

 

 

 

Арнольд Шварценеггер

 

 

 

 

АНУ-ын хамгийн баян мужийн амбан захирагчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх үедээ Шварценеггерт улс төрийн арвин туршлага гэхээр зүйл бараг байгаагүй. Гэсэн хэдий ч тэрээр Калифорни мужийн амбан захирагчаар сонгогдож хоёр ч дарааллан сонгогдож чадсан. Түүний амбан захирагчийн тангараг өргөх ёслолыг дэлхийн бараг бүх орны нэртэй мэдээллийн агентлагууд, ТВ болон сонины сэтгүүлчид шууд сурвалжилж, ёслолын арга хэмжээг нь шууд үзсэн хүний тоогоор дээд амжилт тогтоож байсан нь саяхан. Харамсалтай нь хийх гэсэн өөрчлөлт, шинэчлэл бүрийг нь мужийн парламентанд олонхи байсан эсрэг намынхан нь чадварлагаар хааж боосноор юу ч хийж чадаагүй юм. 

 

 

Калл Пенн

 

 

 

“Хаус эмч”, “Кумар ба Харольд” гэхчилэн киногоор олны танил болсон Калл Пенн нь Барак Обамаг анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээс эхлээд “улаан фэн” болсон байдаг. Ингэсээр 2009 онд тэрээр Обамагийн захиргааны олон нийттэй харилцах хэлтсийн Ази гаралтай хүмүүстэй харилцаа холбоо тогтоох хэсгийг хариуцсан албанд томилогдон Цагаан ордонд ажиллаж байлаа. 

 

 

Жесси Вентура

 

 

 

 

Энэ жүжигчнийг манайхан төдийлөн мэдэхгүй байх. Гэхдээ түүний тоглосон “Араатан”, “Гүйж буй хүн” гэхчилэн өнгөрсөн зууны 80-аад оны хит кинонуудаараа Америктаа танигдсан нэгэн. Тэрээр 1990-ээд оноос улс төрд хөл тавьж, 1999 онд Миннесота мужийн амбан захирагчаар сонгогдон ажиллах болсон юм. Дашрамд сонирхуулахад тэрээр Америкийн “Өөрчлөлт шинэчлэлийн нам”-аас төрийн ийм өндөр албанд сонгогдсон цорын ганц хүн болжээ. Бүгд Найрамдах ба Ардчилсан гэсэн хоёр нам хязгааргүй хаанчилж байдаг улсад жижигхэн намаас нэр дэвшээд мужийн амбан захирагчаар сонгогдоно гэдэг “The Rolling Stones” хамтлагийн бие хамгаалагчаар урлагт хөл тавьж жүжигчин болж байсан хүний хувьд тун ч чамлахааргүй амжилт.

 


Чиччолина (ИлонаСталлер)

 

 

 

 

18+ гэсэн киноны од жүжигчин улс төрд карьер “хийнэ” гэдэг итгэхэд бэрх. Гэхдээ л Италийн порно од 1970-аад оны сүүлээс улс төрд “хүчийг үзэж” 1987 онд Радикал намаас Италийн парламентанд сонгогдож чадсан юм. Тэрээр парламентын гишүүнээр ажиллаж байхдаа янз бүрийн этгээд санал дэвшүүлж үргэлж олны анхааарлын төвд явдаг нэгэн байлаа. Жишээлэхэд, 1990-ээд оны эхээр энх тайвныг тогтоохын төлөө Саддам Хуссейнтэй секс хийхэд бэлэн  хэмээн мэдэгдэл хийж олны алмайруулаад авсан. 

 

 

Рональд Рейган

 

 


 

 

Энэ хүнийг их улс төрд хамгийн их амжилтанд хүрсэн жүжигчин гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Холливудын жүжигчдийн Үйлдвэрчний эвлэлийн дарга болсноор улс төрийн карьераа эхлүүлсэн тэрээр 1960-аад оны дунд үеэр Ардчилсан намын явуулж байсан бодлогыг хүлээн зөвшөөрч чадахгүй болсноор Бүгд Найрамдах намд эргэлт буцалтгүй оржээ. Төд удалгүй буюу 1967 онд Калифорни мужийн амбан захирагчаар сонгогдон амжилттай ажилласан тул дахин сонгогдож байсан юм. Явсаар 1981 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Түүнийг Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд АНУ нь эдийн засаг, улс төрийн хувьд дэлхийд ноёлох гараагаа тавьсан гэж үздэг. 

 

 

Клинт Иствуд

 

 

 

 


Иствуд 1950-аад оны эхээр Бүгд Найрамдах намын гишүүн болсон цагаасаа хойш ямагт иргэний идэвхтэй байр суурь баримталсаар ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл намынхаа явуулж байгаа гадаад ба дотоод бодлогыг супер одын хувьд идэвхтэй сурталчилж, хамгаалсаар ирсэн гэсэн үг. Тэрээр 1986 онд Калифорни мужийн Кармел хотын мээрээр сонгогдон ажиллаж байв.  Харин 2000 онос хойш Калифорни мужийн Цэцэрлэгт хүрээлэн ба Амралтын бүсийн комиссийн дэд Ерөнхийлөгчийн албан тушаалыг долоон жилийн турш хашжээ. 

 

 

Гленда Жексон

 

 

 

Британийн жүжигчин Гленда Жексоныг театр ба кино сонирхогчид андахгүй. Тэрээр жүжигчин болгоны мөрөөдөл болсон “Оскар”-ыг хоёр ч удаа хүртсэн хүн. 1990-ээд оноос улс төрийг  сонирхох болж Их Британийн Лейборист намд элсэн, 23 жилийн турш тасралтгүй парламентанд сонгогдон ажилласан юм. 

 

 

Амитабха Баччан

 

 

 

 

Энэтхэгчүүд ба энэтхэг киноны “фанатууд” түүнийг андахгүй. 1970-1980-аад онд Болливудад дангаар ноёрхож байсан ч гэж ярьдаг. Түүний нэр алдар, нөлөө нь асар болоход Энэтхэгийн улс төрийн хүчнийхэн бүгд л өөрийн талд “урвуулахыг” хичээж эхэлсэн нь мэдээж. Тэрээр өөрийн найз Ражив Гандийн намд элсэж, түүний явуулж байсан бодлогыг тууштай дэмжигч болсон юм. Улмаар Энэтхэгийн парламентын доод танхимд сонгогдон суусан ч удалгүй улс төр гэдэг тун бохир тоглоом болохыг мэдээд хөндийрчээ. 

 

 

Ширли Темпл

 

 

 

 

Ширли Темпл гурван наснаасаа кинонд тоглох болж долоон настайдаа өөрт нь зориулан тусгайлан гаргасан хүүхдийн “Оскар”-ын эзэн болж байсан түүхтэй. 1930-аад оны Холливудын хамгийн их орлого оруулдаг жүжигчдийн нэг байв. Гэвч нас ахихын хэрээр тоглосон киноных нь орлого буурсаар 22 насандаа кино урлагийг орхисон. 1960-аад оноос Бүгд Найрамдах намд элсэн улс төрд хөл тавьсан. Улмаар АНУ-аас Чехословак, Гана гэсэн улсуудад элчин сайдаар сууж, Цагаан ордны ёслолын албаны анхны эмэгтэй дарга болсон гээд 20 гаруй жилийн турш улс төрд багагүй амжилттай зүтгэсэн түүхтэй.

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.